Өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх нарын шүүх хурал олны анхаарлын төвд байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр үргэлжилэх юм.

 

Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх энэхүү хэргийн шүүх хурлыг "Eagle", "TV9" телевиз шууд дамжуулан хүргэж байгаа билээ. Тиймээс ч  нээлттэй явагдаж буй шүүх хурлын талаар иргэд байр сууриа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байгаа.

 

Тухайлбал, "Хохирогчгүй шүүх хурал болж байна", “Л.Гансүх нарыг шударгаар шүүх ёстой”, "Хохирогч хэмээгдээд байгаа Багануурын өмнөөс АТГ юуны учир хөдлөв", "Шинжээч нарын мэдлэг боловсрол хангалтгүй байна" гэх зэргээр байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ энэ хэргийн үнэн мөнийг зөвхөн шүүх тогтоох учиртай.

 

Ямартай ч бид нээлттэй явагдаж, олны анхаарлыг татаад байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

 

А.Бат-Эрдэнэ: Ард түмэн Л.Гансүх нарыг буруугүй гэдгийг ойлгоод шүүчихсэн

 

-Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд байх шиг байна. Та шүүх хурлыг үзэж сонирхосон уу?

 

-Би байнга л үзэж байгаа.

 

-Иргэн хүний хувьд та энэ хурлын талаар байр сууриа илэрхийлээч?

 

-АТГ-ын дээр нэг хүн, АТГ нь прокурорыг, прокурор нь шүүхээ, шүүх нь эх орончдоо ч гэдэг юм уу нэг ийм л бүтэц бий болсон. Ер нь манай шүүх, прокурор яаж ялзарсан байгааг энэ шүүх хурал ард түмэнд харуулж байна.  

 

-Шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч гээд шүүх хуралд оролцож байгаа хүмүүсийн мэдүүлгийг үзээд ямар бодол төрөв?

 

-Шүүх хурал гэдэг чинь үнэхээр аймшигтай юм болдог юм байна гэдгийг л нүдээр үзлээ дээ. Би анх Л.Гансүхийг улсаас мөнгө идчихсэн юм байна л гэж ойлгож байсан. Харин шүүх хурал нээлттэй явагдаж бүх үнэнийг харах боломжийг олголоо.

 

-Бүх үнэнийг гэж та чухам ямар үнэнийг хэлээд байна вэ. Үүнийг жаахан тодруулаач?

 

-Шүүх эцсийн шийдвэрээ гаргаж гэм бурууг нь тогтоох байх. Гэхдээ ард түмэн бол аль хэдий Л.Гансүх нарыг буруугүй гэдгийг ойлгоод шүүчихсэн. “Түмний нэг” УСК- дээр гардаг шиг “Энэ хоёр морь хаяалцаж авах гээд байгаа юм бишээ цаана нь учир бий” гэж хэлдэг дээ энэ хэргийн цаана л эрх мэдэлтэнүүд байгаад энэ гурван хүн хохироод шүүхийн ширээний ард сууж байна л гэж дүгнэж байна.

 

-Таны бодлоор шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол?

 

-Шүүх өөрсдийгөө хамгаалахын тулд энэ хэрэгт ял өгөх байх. Хэрэв ийм зүйл болвол ард түмний өмнө шүүх буруутан болж, эргээд ард түмэн шүүхийг шүүх байх гэж бодож байна.  

 

С.Нарантуяа: 8, 9 оронтой тоог ч уншиж чадахгүй ёстой өрөвдөлтэй харагдаж байсан

 

-Та Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг үзэж сонирхсон уу?

 

-Би сүүлийн хоёр өдрийн хурлыг шууд дамжуулж байгаа телевизээр үзсэн.

 

-Иргэд энэхүү хурлын талаар янз бүрийн л байр суурьтай байна. Тэ энэхүү хурлын талаар өөрийн байр сууриа илэрхийлээч?

 

-Би нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Эхний өдөр телевизээ асаагаад үзэхэд шинжээч нар нь тайлбар хийж байсан. Гэтэл тэдний мэдлэг ямар муу болох нь илт байсан. Яагаад ингэж хэлж байна гэхээр тэр настай шинжээч мэргэшсэн нягтлан бодогч гэчихээд наад захын асуултад хариулж чадахгүй, 8, 9 оронтой тоог ч уншиж чадахгүй ёстой өрөвдөлтэй харагдаж байсан. Үнэхээр уншиж чадахгүй бол мянгачлаад, саялаад бэлдчих хэрэгтэй шүү дээ. Ингэж олны өмнө нягтлан бодогч нарын нэр хүндийг унагаж болохгүй.

 

-Үнэхээр нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэсэн үг байдаг шүү?

 

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол үнэхээр шившигтэй хэрэг.

 

-Та шинжээч нартай мэргэжил нэгтэй болохоор энэ талаар нэлээд олон зүйл олж харсан байх даа?

 

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч хүнд мэргэжлийн ажил нь ойр байдаг шүү дээ. Уг нь шүүх хурлын гол хүмүүс болох шинжээч нар нь дүгнэлтээ өөрсдөө гаргачихаад ээрч муураад тайлбарлаж чадахгүй байгааг харахад олны хэлээд байгаа шиг бусдын үгээр л шинжилгээ хийж дүгнэлт гаргасан юм болов уу даа л гэж бодсон. Хийж чадсан ажлаа хэлж тайлбарлах нь хийхээсээ илүү амархан биз дээ. Энэ хүмүүс чинь мөнгөөр шинжилгээ хийж, төлбөрийг нь авсан байх гэж хардагдахаар байна. Түүнээс бус зүгээр л бид АТГ-аас шалгагдаж байгаа хэргийг шинжлээд өгье гэж хэлээгүй нь ойлгомжтой. Зүгээр мөнгөний хойноос хэт улайрч мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэж байгаад харамсаж байна.  

 

-Та энэхүү шүүх хурлаас өөр юу олж харсан бэ?

 

-Ер нь л залуучуудын мэдлэг боловсрол дутмаг байгаа нь илт байгааг харсан даа.  Прокурор, шүүгч нарынх нь тавьж байгаа шаардлага энэ тэр нь бол үнэхээр л хэцүү харагдсан. Шүүх хурлууд ийм болдог бол үнэхээр л хэцүү юм байна лээ. Би үүнээс зөвхөн шүүгдэгч нарт л ял оноох зорилготой байдаг юм байна даа л гэдгийг харж суусан даа.

 

 

Б.Эрдэнэбаатар: Энэ хэргийг анх яах гэж гаргаж ирсэн, хэрхэн найруулсан гэдэг нь л сонин байна

 

-Л.Гансүх нарын шүүх хурал нээлттэй болж байгаа. Та энэ шүүх хурлыг үзэж сонирхсон уу?

 

-Ард түмэн энэ хэргийн талаар чих тавин сонсож, ам уралдан ярьж байна шүү дээ.  Би шүүх хурлыг үзэж сонирхохоос гадна нэртэй хуульч нарын байр суурийг их сонсож ажиглаж байгаа. Нэгэн хуульч “Цагаан захтануудын хэрэг хаашаа шийдэгдэх нь таамаг хэвээр байна. Гэхдээ шинэ залуу прокурор, шүүгч нар юмыг сайн ойлгохгүй байх шиг байна. Ер нь энэ хэрэг зохиомол улс төрийн зорилготой хэрэг болох нь тодорхой харагдаж байна” гэж хэлж байна лээ.

 

-Та үүнтэй санал нэг байна уу?

 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Энэ нүүрс хөтөлбөрийг ард түмний төлөө хийсэн. Л.Гансүх шийтгэгдэх бус, шагнагдах учиртай” хэмээгээд байгаа. Энэ ч үнэн байх. Би бол энэ хэргийг шууд авлигалын хэрэг гэж хэлэхгүй. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн хэлсэнчлэн “Авлигачдын сүлжээг атгасан нөхдүүд тэдний гарт орсон улс төрчдийн хэрэг яваад байна” гэж хэлсэн нь ортой байх.

 

-Та шүүх хурлын процессыг хэр шударга явагдаж байна гэж харж байна вэ?

 

-Шүүх хурал ч яахав, явдгаараа л явагдаж байна. Хамгийн гол нь энэ хэргийг анх яах гэж гаргаж ирсэн, хэрхэн найруулсан гэдэг нь л сонин байна. Ард түмэн бол энэ хэргийг том хэрэг байх л гэж ойлгож байгаа.

 

-Тухайн үед нүүрсний үнэ хямдарч ард түмэн хямдхан нүүрс авч чадсан болов уу?

 

-Нүүрс гээд байгаа хөтөлбөр хэрэгжсэнээр хэн хожсон гэдэг нь тодорхой. Ард түмэн. Эцсийн эцэст ард түмнийхээ төлөө, тэнд ойр зүйл хийсэн хүмүүс л буруутан болдог юм байна гэдгийг л эндээс олж харж байна даа.  

 

-Таны бодлоор шүүх хурлын эцсийн шийдвэр хэрхэн гарах бол?

 

-Шүүх хурлын эцсийн шийдвэр ямар нэгэн дарамтгүй, хуулийнхаа хүрээнд л гараасай гэж бодож байна.

 

А.Жасрай: Иргэд 1 тн нүүрс 200 мянган төгрөг байсныг гэрчилнэ

 

-Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын талаар иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Та хэргийн талаарх ямар байр суурьтай байна вэ?

 

-Би “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд Багануурын нүүрсийг борлуулж байсан хүн болохоор энэ хэргийн шүүх хурлыг маш их сонирхож үзэж байгаа.

 

-Та тэгвэл нүүрс хөтөлбөрийг хэрхэн явж байсныг сайн мэдэх юм байна даа. Та энэ хөтөлбөрийн нүүрсийг хэдэн жил зарсан юм бэ?

 

-Тэгэлгүй яах вэ. Би анх хэрэгжиж эхэлсэн үеэс нь дуусах хүртэл л зарж байсан. Энд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломж олдсонд маш их баярлаж байна. Энэ нүүрс хөтөлбөр ард түмэнд үнэхээр хэрэгтэй зүйл байсан. Сүүлийн тав зургаан жил ард түмэнд ашигтай зүйл бол зөвхөн энэ л байсан шүү дээ.

 

-Нүүрс хөтөлбөрийн хүрээнд өдөрт хэдэн тн нүүрс борлуулдаг байсан бэ?

 

-Нэг цэг гэхэд өдөрт 8-10 тн нүүрс борлуулдаг байсан.

 

-Нүүрсний үнийг тухайн үед 200 мянган төгрөг байсан гэдгийг гэрчүүд хэлээд байгаа. Үнэхээр 1 тн нүүрс хэдэн төгрөг байсан юм бэ?

 

-Би харин тийм зүйл яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа юм. Үнэхээр гэр хороололд амьдардаг, нүүрс түлдэг иргэд 1 тн нүүрс 200 мянган төгрөг байсныг гэрчилнэ. Би ч үүнийг бардам хэлнэ. 200 мянган төгрөг байсан нүүрсийг 80 мянгаар борлуулж байсан болохоор л тэгж их зарагддаг байсан хэрэг шүү дээ.

 

-Энэ нүүрс ер нь хэр эрэлт ихтэй байсан юм бэ?

 

-Үнэхээр их эрэлттэй байсан. Зах зээл дээр зарагдаж байгаа нүүрснээс хямдхан байсан болохоор л эрэлттэй байсан хэрэг.

 

 

24tsag.mn