-Эрчим хүчний нүүрсний үнэ сэргэх хандлагатай байна-

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах хэрээр түүхий эд худалдаж авах сонирхол нь багасч байна. Харин нөгөө талд, өмнөд хөршийн өрнүүн өсөлтөд найдсан дэлхийн зарим уурхайн хэвийн горим алдагдаж эхэлжээ. Олборлолтоо зогсоогоогүй ч экспортын хэмжээгээ огцом бууруулж байна. Нүүрсний үнэ өртгөөсөө доогуур байгаа нь ийм сонголт руу аажмаар түлхэж байгаа аж. Хятадын импортын зах зээлд найдсан томоохон тоглогчид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж, түүхий эдээ их хэмжээгээр экспортлох салаа замын уулзварт ирээд буй. Харин жижиг тоглогчдын хувьд өртөг зардлаа танаж, зах зээлд тэсэж үлдэхийн тулд хичээж байна.

Хятадын бодлогын өөрчлөлт түүхий эдийн зах зээлийн өнөөгийн дүр зургийг үндсээр нь өөрчлөх бололтой. Энэ нь түүхий эдийн экспортод түшиглэсэн, төсвийн орлого нь уул уурхайн салбараас үлэмж хамаарсан орнуудад хүчтэй нөлөөлж байна.

Тухайлбал, уналтын “сүүдэр”-т хэт автаж буй орны нэг нь манайх. Өнгөрсөн онд экспортын орлогын 17 хувийг бүрдүүлж байсан нүүрсний орлого их хэмжээгээр тасрах эрсдэл өндөр байна. Үндэсний статистикийн хорооны наймдугаар сарын мэдээллээр улсын хэмжээнд нийт 9.6 сая тонн нүүрс экспортолжээ.

Энэтхэгийн нийт цахилгаан станцын 70 хувь нь эрчим хүчний нүүрсийг ашиглаж байна

Үлдэж буй дөрвөн сарын хугацаанд 5.4 сая тонн нүүрс нийлүүлж байж төлөвлөгөө биелэх учиртай. Гэвч төсөвт бүрдүүлэх орлого үнийн уналтаас болж дутах нь тодорхой болжээ. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний нийлүүлэлт Хятадад ялимгүй буураад байна. Коксжих нүүрсний үнийн уналт үргэлжлэх хандлагатай байгаа. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ойртох нь. Голлох нүүрс нийлүүлэгч улс орнуудын хувьд тулгарч байгаа бэрхшээлүүд нь манайд коксжих нүүрсний экспортод нэг талаар таатай нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Өмнөд хөршийн коксжих нүүрсний импортод Австрали томоохон нийлүүлэгч хэвээр. Энэ оны эхний найман сарын байдлаар Хятадын импортын нүүрсний 53 хувийг Австрали дангаар эзэлжээ. Харин Индонез, Канад, ОХУ-ын экспортолсон нүүрсний хэмжээ буурсан дүнтэй гарсан байна. Тодруулбал, Канадын экспортолсон хар алтны хэмжээ Хятадын импортын коксжих нүүрсний 11 хувийг эзэлжээ. Дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг өмнөд хөршийн импортын нүүрсний 27 хувийг Монголын компаниуд нийлүүлж, өрсөлдөөнт зах зээлд байр сууриа хадгалсаар байгаа гэдгээ тамгаллаа. Үүнийг амжилт гэж дүгнэх бус зах зээлийн “цонх үе” гэж дотоодын нүүрсний салбарынхан харж байгаа юм.

Хятадын нүүрсний импорт хумигдсан хэвээр байна. Сарын хугацаанд 17.7 хувиар агшиж буй зах зээлийг томоохон олборлогч болох АНУ, Австрали, Индонези харзнах болов. Тэд нүүрсний экспортоо сааруулж, зах зээл сэргэх хүртэл хүлээлгэж мэдэх юм.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны өгч буй мэдээллээр энэ сарын эхний долоо хоногийн байдлаар нүүрсний импортын хэмжээ 138.6 сая тонн болжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 63.08 сая тонноор буюу 31.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортын нүүрсний дундаж үнийг тооцон гаргавал нэг тонн нүүрс 56.07 ам.доллар байгаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 16.73 ам.доллараар хямдарсан дүн байна.

Индонезийн Эрчим хүч, уул уурхайн яамны мэргэжилтэн Адхи Вибово “Нүүрсний экспортын бууралтын шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямралаас болж нүүрсний эрэлт буурсантай холбоотой” гэж мэдэгджээ. Тус орны зарласан мэдээллээс үзэхэд Индонезийн нүүрсний экспортын хэмжээ таван жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Тухайлбал, одоогийн нүүрсний экспорт өмнөх жилийн мөн үеэс 18 хувиар багасч, 186.8 сая тонн болжээ. Индонез нь дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч. Гэвч зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн хойш суух болсон байна.

Хятадын импортын нүүрсний 27 хувийг Монголын компаниуд нийлүүлжээ

Дэлхийн импортын нүүрсний гол зах зээлийн нэг нь Энэтхэг. Гол тоглогч нь Хятад бол орлон тоглогч нь Энэтхэг хэмээн олон улсын мэдээллийн зарим агентлаг онцолжээ. Тодруулбал, тэд Хятадын зах зээлд экспортлогч орнууд хүч түрэн орж ирж буйтай адил ирээдүйд Энэтхэгийг шинэ зах зээл гэж үзэж байна. Энэтхэгт Австрали, Канад, ОХУ-тай өрсөлдөх дотоодын хүчирхэг компаниуд бий. Тэднийг нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж салбарын сайд Пиуш Гоял саяхан мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар дотоодын нүүрсний олборлолтыг эрчимжүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаа юм. Өмнөд хөршийн импортын нүүрсний хэмжээ буурч байгаа бол Энэтхэгт эрчим хүчний нүүрсний импорт жилийн хугацаанд 24 хувиар нэмэгдэж, 32.54 сая тонн болсон байна. Эрчим хүчний нүүрс нь Энэтхэгийн цахилгааны гол эх үүсвэр бөгөөд нийт цахилгаан станцын 70 хувь нь эрчим хүчний нүүрсийг ашиглаж байгаа юм.

Энэтхэг нь дэлхийн нүүрсний гуравдагч том олборлогч бөгөөд нүүрсний нөөц нь 299 тэрбум гаруй тонн. Үүнээс баталгаат нөөц нь 123 тэрбум тонн. Үүнийг 100 жил ашиглах боломжтой гэж үздэг. Дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэглээнд найдах Энэтхэгийн нүүрсний компаниуд экспортыг бус импортыг шүтэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, гангийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл нүүрсний хэрэглээг тогтворжуулж байна. Энэ нь нүүрсний үнэ хямд тогтоход хүртэл нөлөөлж байгаа аж.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ