Хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн, авлига хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан цагаан захтнуудын хэргийг өршөөх зорилгоор сэм баталсан гэх Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу энэхүү хуулийн “но”-гоо засахын тулд өнгөрсөн сард УИХ-ын ээлжит бус чуулган зарлан байж хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадалгүй завсарлачихсан. Өөрөөр хэлбэл тус хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан ч байнгын хорооны гишүүдийн “нүүрийг нь будаад” оруулж ирсэн гэх хуулийн зүйл заалтыг гараа өргөөд баталчихсан. Харин хуульд хэрхэн засвар хийж, өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг агуулгыг нь өөрчлөхгүйгээр хүлээн авах эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ.

Хууль угтаа баталсан өдрөөс буюу өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос хэрэгжиж эхлэн анх удаагаа алдаад шийтгүүлсэн, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн иргэд, өндөр настан, хөхүүл эх, эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдийг өршөөн, суллах байсан. Гэсэн ч эрхэм 76 гишүүний хуудуутай үйлдлээс болж хууль хэрэгжихгүй ийнхүү гацаад байна.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч буй мэтээр “жүжиглэсэн”

УИХ нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тогтоолын төслийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хуудуутай. Учир нь УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан төслөөр бол Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж өөрчлөхөөр оруулчихсан. Энэ нь ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хориг огт аваагүйтэй адил. Энэ маягаар хуульд өөрчлөлт оруулж ирэхгүй гэдэгт хуулийнхан болон учир мэдэх улс төрчид хэлж байна. Энэ бүхний цаана өнгөлөн далдлалт маягаар хуулийг өөрсдийн талд гуйвуулах гэсэн башир санаа байгаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа болов уу. Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын оруулж ирсэн хувилбараар хоригийг хүлээн авч баталбал 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүд, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой 116 хэрэг өршөөгдөх юм.

Анх удаагаа алдсан гэх 2000 "хохирогч" суллагдах өдрөө хүлээж байна вэ?

Өршөөл үзүүлэх хууль анхнаасаа хэрэгжиж жолоодох эрхээ хасуулсан иргэд өршөөгдөөд эхэлсэн. Зарим нам эвсэл, улстөрч, хуульчдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригоос болон анх удаагаа ял шийтгүүлсэн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд болоод хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бүхий л иргэд суллагдах боломжгүй болоод байгаа тухай ташаа мэдээллийг түгээж буй.  Гэхдээ хуулийн дагуу явбал бодит байдал дээр Ерөнхийлөгчийн хориг дээрх 2000 орчим иргэнийг өршөөхөд огтхон ч саад болохгүй юм. Тодруулбал,

  • Хээл хахууль авсан
  • Төрийн албан тушаалтын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан
  • Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
  • Хууль бусаар хөрөнгөжих
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
  • Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
  • Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа болон яллагдсан иргэдээс бусдыг болон
  • Цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял авсан ч уучлагдан хорих ялаар шийтгүүлсэн
  • Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол
  • Тагнуул хийсэн
  • Төр нийгмийн зүтгэлтний биед халдсан
  • Хорлон сүйтгэх, хорлон саатуулсан
  • Хүний санаатайгаар хороосон
  • Хүний биед санаатай гэмтэл учруулсан
  • Хүнийг барьцаалсан
  • Терроризмийг санхүүжүүлсэн
  • Зандалчилсан
  • Галт зэвсэг, мансууруулах бодис, цацраг идэвхт бодис, хар тамхи хилээр оруулж ирсэн, завдсан зэрэг хэргээс бусад төрлийн хэргийг үйлдэж шийтгүүлсэн ялтнуудыг өршөөхөд ямар нэгэн хүндрэл асуудал байхгүй. Гэтэл яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй ийнхүү гацаав. Энэ нь Ерөнхийлөгчийн хоригоор далимдуулан өршөөгдөх учиртай иргэдийг барьцаалж хуулийг өөрсдийн талд оруулж байгаа нэг хэлбэр башир арга гэж харах иргэд цөөнгүй байна.

Хууль зүйн байнгын хороо “алдаагаа” засахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавина

Нэгэнт Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулан өргөн барих ёстой ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг мушгин гуйвуулсан өөрөөр хэлбэл тоог үсгээр бичиж орж ирсэн гэж үзэж байгаа тул энэ "но"-г Хууль зүйн байнгын хороо хэрхэн шийдвэрлэхээс цөөнгүй асуудал шийдэгдэх нь тодорхой. Гэхдээ эсрэг кноп дарагч нарын хүслээр хуулийн өөрчлөлтийг өргөн барьвал Ерөнхийлөгч дахин хэсэгчлэн хориг тавихаар зэхэж байгаа сурагтай.  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс дахин хориг тавьж байсан түүх бий юу гэвэл бий, дахин хориг тавьж байгаад шийдүүлсэн үү гэвэл шийдүүлсэн.

 Тиймээс Хууль зүйн байнгын хорооны гишүүд асуудалд төрийн түшээгийн байр суурианаас хандаж ухаалаг шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

М.БОЛОР

http://www.choibalsan.mn/