“Аалзны тор-7” буюу “Эх аалзууд” баяртай”
2015/10/07
Засгийн Газрын хэн тогтоогоод байна вэ ? Олон хүн Н.Энхбаярыг гэж бодоод бараг л “ид шид” гэх нь холгүй байна. Ямар үхснийх нь “ид шид” байдгийм. Зүгээр л дөнгөж саяхны явдлыг эргүүлээд санахад л бүх юм ойлгомжтой болно.
Дашрам дурдахад энд товч сануулах үйл явдлыг олон эрхэм мартчихсан, мартуулчихсан, ингээд эргэн сануулах, сэргээн дурсах хүн байхгүй гэж бодож байвал ёстой гонжгор чинь. Та нарыг бүгдийг чинь хэн байгаад, ямар замаар яаж заваарч яваад өдий хүрснийг чинь бүхий л баримтаар нотлох монгол судлаач хажууд чинь амьд мэнд байгааг Та нар мартчихсан байна.
Та нар мөнгөний шуналаасаа болоод “мэдээлэл хэзээ ч устдаггүй” гэсэн мөнхийн зарчмыг аль хэдийн мартчихаж. Энэ талаар цухас сануулах нь миний үүрэг гэж бодож байна. Ихээхэн новшроод сөрвөлзөөд байвал дэлгэрэнгүй сануулсан ч болно ш дээ…
“Алтангадас” яаж үүссэн бэ ?
Хүн бүхэн “Алтан гадас“ гэж ам амандаа ярьдаг, бүгдээрээ “мэддэг” боловч яг цагаа тулбал тодорхой мэддэг хүн байдаггүй юм. Бас л “ид шид” үү ? Үгүй л дээ. Зүгээр л монголчуудын ой санамж тун богинохон, саяхны явдлыг мартаад зөвхөн шинэ үйл явдлыг харж, тэдгээрийн хэлхээ холбоог алдчихдагт л байдаг юм. Энийг санадаг мэддэг хүнийг судлаач гэдэг юм…
1996-2000 онуудад “Ардчилсан Холбоо” Эвсэл төр барихчээ болов. Анхны Ерөнхий сайд М.Энхсайхан банк дээрэмдэхээс ажлаа эхэлсэн юм. “Ард”, Даатгал” гээд хэлчихвэл бүгд санана байх. Энэ нь МАН-ын уурыг хүргэсэн ба АН-ын ч дургүйг хүргэсэн юм. Ингээд М.Энхсайхан 1996 оны 7 дугаар сарын 19-өөс 1998 оны 4 дүгээр сарын 22 хүртэл тун богино хугацаанд ажил хийсэн юм.
Банк дээрэмдэхийг завдсан учир… Үүнийг гардан зохион байгуулсан хүн нь МСДН-ын дарга байсан Р.Гончигдорж, Ардчилсан Холбоо эвслийн дарга гэсэн алдрыг булаан авсан Ц.Элбэгдорж нар байсан юм. МАН-ын талаас Н.Энхбаяр байсан нь мэдээж хэрэг. Ингээд “бага хаадын үе” шиг богино настай Ерөнхий сайдуудын үе эхэлсэн юм.
Учир нь ганцаараа банк дээрэмдсэн М.Энхсайханыг зайлуулаад “хэдүүлээ” нийлж банк дээрэмдэх шинэ ажил сэдсэн нь тэр байв. М.Энхсайханы Сангийн сайд нь “Голомтын” П.Цагаан байсныг дурдах ёстой. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. Ингэж болоход УИХ-ын дарга Р.Гончигдоржийн шууд тусламж хийгээд оролцоо амин чухал байсан юм.
Цааш нь. Ингээд Ц.Элбэгдорж 1998 оны 4 дүгээр сарын 23-нд Ерөнхий сайд болмогцоо төрийн өмчийн “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банктай нийлүүлсэн нууц тогтоол гаргаж “банк дээрэмдсэн” учир 1998 оны 7 дугаар сарын 24-нд огцров. Ц.Элбэгдоржийн Засгийн газар 3 сар 1 хоногийн дотор бүхэл бүтэн банк хулгайлж амжаад 5 сар 15 хоног үүрэг гүйцэтгэгчээр аргацааж байв.
Энэ бол зүгээр л нэг банк нийлүүлсэн хэрэг биш, харин банкны дээрмийн хэрэг байсан юм. Манайхан энэ сэдвийг мэдэхгүйгээс гадна илт дөлж яваад байдаг юм. Мань мэт үе үе цухуйлгах боловч гарсан мэдээллийг одоо болтол тэр дор нь устган арилгах бөлгөө…
М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар анх ингэж л баяжсан ш дээ…
Огцорсон атлаа Ц.Элбэгдоржийн үүрэг гүйцэтгэгч Засгийн Газар улам галзуурч “Эрдэнэт” рүү хүртэл дайралт хийсэн юм. Ингээд улс төр-эдийн засаг хийгээд гэмт бүлэглэлүүдийн зөрчил хурцдаж дэд бүтцийн сайд С.Зориг амьд үрэгдсэн юм. Олон хүн цагдааг муулдаг боловч харин ч монголын цагдаа цувран гарч болзошгүй хэд хэдэн аллагаас сэргийлж чадсан юм шүү. Тэр үед Монгол Улсыг төртэй засагтай байсан гэж зарим хүн ойлгодог бол ихээхэн ихээхэн эндүүрэл болно. Үүнээс цааш би яримааргүй байна. Зүгээр л миний дүгнэлтэд үнэмшээд явж байсан чинь дээр байх…
Цаашаа. 1998 оны 12 дугаар сарын 09-нд Ерөнхий сайд болсон Ж.Наранцацралт 1999 оны 7 дугаар сарын 22-нд огцрох үедээ: “манай сайн нөхөд социал–демократуудын ачаар огцорч байна…” гэсэн хатуу бөгөөд зэвүүн үг чулуудсан юм. Энэ бол хуйвалдааныг зохион байгуулсан МСДН-ын дарга Р.Гончигдорж, түүний биечлэн хүмүүжүүлсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хандаж хэлсэн үг байсан агаад үүнийг ач холбогдлыг одоо л жинхэнээс нь ойлгож болно.
Ингэснээр Н.Энхбаяр казиногийн хэргээр шоронд суух аюулаас зайлсхийж чадсан билээ. Р.Гончигдорж Н.Энхбаярыг аврахдаа АН-аас УИХ-д сонгогдон бүрэн эрхээ эдэлж байсан гурван гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарыг шоронд зольсон нь хэтэрхий их үнэ цэнэ биш гэж үү?!
Энэ бүх балай ажлыг Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар хамтран зохион байгуулж байлаа. Н.Энхбаяр сөрөг хүчний байр сууринаас АН-ыг аль болох сэгсэрч, зодолдуулж, сулруулж, улмаар ирээдүйн ялалтаа хангаж байв. Харин Р.Гончигдорж өөрийн Эвслийн Засгийн Газар болгоныг шороотой хутган унагаж, зөвхөн өөрөө үлдэхийг бодож байв.
Хуйвалдагчид Yндсэн хуулиндаа хүртэл халдлага хийх бөх зүрхтэй байсан юм. 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар нийлэн Үндсэн Хуулиндаа халдаж 7 өөрчлөлт хийсэн юм. Бүх Монголчууд “дордохын 7 өөрчлөлт” гэж мэддэг, бүх эрдэмтэд, байгууллагууд албан ёсоор “буруу” гэж дүгнээд байхад Р.Гончигдорж л ганцаараа “зөв” гэж үхэр шиг зүтгэх бөлгөө.
Ийм новшийн явдлын дараа 2000 оны сонгууль болж, Ардчилсан хүчин навс ялагдаж, Н.Энхбаярын эрин үе эхлэв. Энэ үед олонхи “ардчилсан дээрэмчид” бараг бүгдээрээ гадаад руу зугтсан юм. “Намайг битгий шоронд суулгаач” гэж гуйж байсан нөхдүүд гадаадад сургуульд соёлд сурдаг байна ш дээ. Гэхдээ энэ бол жичид нь яривал зохих марзан сэдэв юм.
Монголд М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёр л үлдэв. Энэ ч яахав Н.Энхбаярын адгийн бодлого юм. АН-ыг нэг мөсөн алчихаж болохгүй, бас ч гэж хүн амьтанд үзүүлэх үзүүлэн хэрэгтэй. Ингээд Та хоёрын хэн дийлсэн нь намаа авна биз гэжээ. Ингээд М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрын тамганы зодоон болох нь тэр. Хэн ч ичиж үхмээр энэ зодооныг Н.Энхбаяр таатай нь аргагүй үзэж баясах бөлгөө.
Гэхдээ энэ зодоон арай сүүлийн явдал юм. 2000-2003 оны хооронд Монголд АН огт байгаагүй. АН энэ хугацаанд юу ч хийгээгүй. Нээрээ шүү. Надад үнэмшихгүй бол тэр үеийн хэвлэлүүдийг шүүгээд үзсэн ч болно.
Харин Н.Энхбаяр Р.Гончигдоржид стратегийн шинжтэй нам хоорондын “уламжлалт харилцааг” хадгалсан төрийн бус байгууллага байгуулах үүрэг өгчээ. Энэ бол МАН-ын буюу Н.Энхбаярын шууд удирдлагын дор ажилладаг нийгмийн бүхэлд нь хамарсан аварга том төрийн бус байгууллага байгуулах явдал юм.
Хөрөнгө мөнгийг Солонгосын тал гаргах ба үзэл суртлын асуудлыг нь Баабарын удирддаг “Зүүн Хойт Ази” зэрэг байгууллага, далдуур бол Мууны шашны сүлжээ хариуцна. Харин улс төрийн талаар Р.Гончигдорж удирдаж, МАН толгойлж, АН дагалдана. Аль болох өргөн, аль болох шинжлэх ухаанч харагдах ёстой.
Ингээд Монгол улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас” Ассоциаци гэх төрийн бус байгууллагыг 2003 оны 2-р сарын 27-ны өдөр байгуулж Ерөнхийлөгчөөр нь академич Р. Гончигдорж, Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын Дэд дарга Ж. Бямбадорж, Тэргүүнээр Д. Дорлигжавыг томилов.
Энэхүү “Алтангадас” чухам юу юу хийснийг ярьдаг хүн олон байдаг ч санадаг, судалж байсан хүн бараг ганц ч байхгүй гэж би ам бардам хэлж чадна.
Цаашаа…2000-2003 онууд Р.Гончигдоржийн хийсэн өөр нэг “том ажил” бол манайд нэр хүндээрээ хоёрдугаар ордог байсан МСДН-ыг (Монголын Социал-Демократ Нам) устгасан явдал юм.
Яагаад гэвэл МСДН үзэл баримтлалаараа ч, нийгмийн бүрэлдэхүүнээрээ ч сэхээтэн, дундаж ангийн нам байсан бөгөөд яваандаа МАН-д хамгийн их саад болох хүчин байв. МСДН-ыг устгачихвал бусад нь МАН-ын атганд. Ингээд Н.Энхбаяр амжилт олсныхоо дараа Р.Гончигдоржид МСДН-ыг устгах үүрэг биечлэн өгсөн бөгөөд Р.Гончигдорж энэ үүргээ “нэр төртэй” биелүүлсэн билээ.
Зүүний чиглэлийн, Социнтерний гишүүн болчихсон намаа сонгуульд ялагдуулснаар үл барам устгачихаад оронд нь МАН-ыг Социнтернд элсүүлэх “ажилтай” ирсэн Р.Гончигдоржийг гадаадынхан ихэд гайхсан гэдэг. Гадаад олон улсын төлөөлөгчдийн нүдний өмнө хурал даргалагч: “Танай нам Социнтернд байхгүй учраас, Гончигдорж Та хурлын танхимаас гарна уу” гэж хөөсөн бичлэгийг үзсэн би хүртэл өмнөөс нь хошногоо улайлгаж байсан юм ш дээ…
Цаашаа. Ингээд 2004 он болов. Энэ үед М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулав. Энэ Эвслийг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагааг Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар биечлэн зохион байгуулав. Ялангуяа С.Оюуныг сонгуулиас өмнө болон дараа урвуулан татах операцийг Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр амжилттай удирдаж “Эх орон-Ардчилал” эвслийг задалсан юм. Ингэж АН ялалтаа МАН-д “бэлэглэв”. Энэ нь ердөө л эдийн засгийн шалтгаантай байлаа…
Гэхдээ 2004 оны сонгуульд ялагдсанаар Н.Энхбаяр стратегийн ялагдал хүлээсэн юм. Учир нь үүнээс өмнө тэр ямагт стратегийн давшилт хийдэг байсан бол одоо дандаа стратегийн хамгаалалт хийх болов.
Хувирал
“Алтангадас”-ыг анх байгуулахдаа Н.Энхбаярыг “мөнхийн дарга” гэж бодож хийсэн нь цорын ганц алдаа байлаа. Одоо Н.Энхбаяр орь ганцаар удирдах боломжоо алдав. Хэн удирдах ёстой гэхээр МАН, АН-ыг эрх мэдлийг авсан, чингэхдээ энэ хоёрыг хамтад нь зохицуулж чадах тэр хүн байсан юм. Гэтэл тийм хүн бэлэн байсангүй. Гэхдээ энэ рольд дурлах хүмүүс олон байлаа…
АН-аас Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, МАН-аас М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нар байв. Ингээд намын даргын төлөө нөр их тэмцэл хоёр намд зэрэг явагдав. Гэхдээ унасан ч гэсэн үхээгүй байгаа Н.Энхбаярыг зайлуулахгүйгээр хэн ч “дарга” болох боломжгүй байв.
“Эх орон-Ардчилал Эвсэл” задарсны дараа, үнэндээ бол задалсны дараа Р.Гончигдорж бас нэг булай үүрэг гүйцэтгэв. Энэ нь МАН, АН-ын 62-ын бүдүүн бүлэг байгуулж Р.Гончигдорж дэд дарга нь болсон юм. Албан тушаал нь АН-ын дарга бөгөөд УИХ дахь МА(Х)Н-ын бүлгийн дэд дарга. Мань эр тэр сайхан цагаа ихэд дурсаж явдаг бололтой юм, одоо ч Н.Энхбаярын бүлгийн дэд дарга шахуу л ажиллаж байна. Үүнээс илүү шившигтэй юм хорвоо дэлхийд байхгүй боловч нэгэнт Н.Энхбаяр даалгавар өгсөн учраас Р.Гончигдорж түүнийг “нэр төртэй” биелүүлсэн ба мөн “нэр төртэй” хөөгдсөн билээ.
Энийг “Алтангадас” гэхгүй бол өөр юуг хэлэхийм ?! Баабар хүртэл Р.Гончигдоржийн олон нүүрийг гайхаж хөх улаан хоёр нүүртэй түүнийгээ ээлжлэн үзүүлж байдаг “13-ын бөмбөг” гэж нэрлэсэн өгүүлэл хүртэл бичиж байв.
Үүнээс хойш Р.Гончигдорж нэгдүгээр эгнээнд гарч чадахаа байсан бөгөөд “мөнхийн” хоёрдугаар эгнээний хүн болсон юм.
Энэ завшаанаар Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр нийлж байгаад “үхэж өгөхгүй, сэхэж өгөхгүй” байгаа Н.Энхбаярыг онхолдуулсан юм. Гэтэл зарчмын гол асуудлаа шийдвэрлэж чадсангүй, чадах ч боломжгүй байв. Энэ бол “Алтангадас”-ын дарга хэн юм? гэсэн асуудал байсан юм. Энэ нөхцөлд “Алтангадас” анх төлөвлөсөн байдлаараа ажиллах боломж алга болов. Харин нам хооронд тогтоосон “нандин холбоог уламжлан хадгалах” бодит шаардлага бий болсон ба үүнийг ямар нэг байдлаар хангаж чадсан юм.
Ц.Элбэгдоржийг намын дарга болсны дараахан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав нь “Алтангадас” ассоциаци албан ёсоор татан буугдсан талаар мэдэгдсэн ч “Алтан гадас” хэвээрээ үлдсэн юм. Учир нь Н.Энхбаяр л ганцаараа балбуулж зодуулсан болохоос биш, “Алтангадас” ямар ч хохирол үзээгүй байв. Жанжин үхэхэд сөнөдөг арми гэж байхгүй. “Дэд жанжин” Р.Гончигдорж үхээгүй л байна даг…
Харин ч Р.Гончигдоржид “Алтангадас”-ыг хүний нүднээс далдуур санаа амар удирдах боломж олдов. Хуучных шиг нүсэр том үйл ажиллагаа явуулахгүй, харин ч дээд хүрээллийн хялбар бөгөөд тэнэг механизмыг ашиглан дурын үйл ажиллагаа явуулах боломж бий болов. Хамгийн том ололт нь өөрийн гараар “өсгөж бойжуулсан” Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэсэн хасар басар хоёр нохойгоо хадгалан үлдэж чаджээ.
Энэ хоёрыгоо ямар ч Ерөнхий сайдад “шахахад” хамаг хэрэг бүтэж байгаа юм. Хамгийн эхлээд С.Баярт шахав. С.Баяр МАН-ын залуучуудаас илүү тэр хоёрт итгэх бөлгөө. Н.Алтанхуяг ч гэсэн “Алтангадас-ын гүйцэтгэх захирал хийж байсан “унаган” хүн юм. Ингээд л “Алтангадас” дахиад сэргэж байгаа юм.
Энд би ноён Р.Гончигдоржийн эдийн засгийн буюу идэж уусан асуудлыг зориуд үлдээж байна. Хамгийн эртний ноолуурын үйлдвэрээс эхлээд хамгийн сүүлийн 45 га газар хүртэлх “бүх юмыг” тоочих гэвэл хэд хэдэн боть ном болно байх. Гэвч энэ нь ноён Р.Гончигдорж хэр тэнэглэхээс л хамаарна…Лав л үүнээс болоод одоо УИХ-ын дарга З.Энхболдыг ТӨХ-н дарга байхад нь яаж дарамталдаг байсныг олон хүн санаж байгаа байх…
Одоо асуудлыг ойлгомжтой болгохын тулд “үндсэн ойлголтод тайлбарлал хийх” социологийн аргыг ашиглаад үзье. Одоо “Алтангадас гадас” гэдэг ухагдахуун хэд хэдэн агуулгыг илэрхийлнэ.
1. Нийгмийг бүхэлд нь хамарсан, нам дамжсан “Алтангадас” төрийн бус байгууллага. Энэ бол хэдхэн жил болоод татан буугдсан эд. Одоо нэрнээс цааш юм үлдээгүй.
2. “Алтангадас” нэрээр уламжлалт харилцааны гол цөмөө одоо болтол хадгалан байгаа, нам дамжин клубийн зарчмаар ажилладаг биенес-улс төрийн бүлэг. Үүнийг МАНАН гэж өөрөөр нэрлэж болно.
3. Н.Алтанхуягийн байгуулсан “жижиг Алтан гадас”.
4. Р.Гончигдоржийн удирдан зохицуулдаг “хуучин Алтангадас” буюу Н.Энхбаярын бүлгийн үлдэгдэл.
5. МАН, АН-ыг дамжсан янз бүрийн бүлэглэлүүдийн нийтлэг нэр юм.
Одоо бол ойлгомжтой гэж бодож байна. Олон хүн АН, МАН дамжсан холбоог зөвхөн намын дарга нар тогтоодог гэж ойлгодог бол манай өнөөгийн АН, МАН дамжсан холбоо бол дурын субъектын тогтоосон улс төр-бизнесийн шинжтэй олон холбоо харилцаа хийгээд олон суваг юм. Гэхдээ тоо хязгаараа алдсан олон юм ч бас биш юм. Үүнийг мэргэжлийн биш хүн бол ялган салгах аргагүй.
Тэгвэл хувирал яаж болсон бэ ? Хамаг юм Н.Алтанхуяг “жижиг Алтангадас” байгуулж бие даах гэсэн оролдлогоос болсон юм. Энэ нь ирээдүйд дарга болох гэсэн бүх хүний дургүйг хүргэжээ. Энэ талаар би олон удаагийн аналитик өгүүлэлдээ хангалттай бичсэн. Харин Р.Гончигдоржийн үйл ажиллагааг огт хөндөөгүй юм. Учир нь “маш нууц” ажиллагааг илрүүлж, батлах нь цаг хугацаа орох асуудал гэдгийг хэн бүхэн гадарлах биз…
Н.Алтанхуяг амь тэмцсэн үедээ Н.Энхбаярыг ашиглах гээд байгааг тэр анзаарчээ. Яг үүнийг ашиглах ёрын бодол Р.Гончигдоржийн толгойд орж ирэх нь тэр. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн Газарт байсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг урвуулан татах үйл ажиллагааг эхлүүлжээ. Үүний тулд намын дарга болох хүсэлтэй байгаа З.Энхболдод “зөв ойлгуулах”, нөгөө талаас С.Баяраар дамжуулан МАН-д “ойлгуулаад” Ц.Элбэгдоржийг ятгах хэрэгтэй байсан юм.
Нөгөөдүүл нь асар удахгүй дийлдэхээ байх Н.Алтанхуягийг унагаж л байвал бусад нь огт хамаагүй аж. Хэрэв Ч.Сайханбилэгийн Засгийн Газар тогтвол Р.Гончигдорж “амгалан амьдрах” бүх нөхцлөө хангаж, Ц.Элбэгдоржийн дараа ч үлдэж чадах байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг бүгдээрээ “өөрийн” Засгийн Газар гэж үзэж байсан боловч “гурван том”-ыг зарж чадахгүй бол хэний ч засгийн газар биш юм. Энэ Засгийн Газар унавал “Алтангадас”-ын нэгдүгээр үеийн тоглолт нэгмөсөн дуусах юм.
Ц.Элбэгдорж “өөрийн” Засгийн Газрыг байгууллаа гэж бодож байсан боловч: 1. “гурван том”-ыг зарж чадалгүй бүтэлгүйдсэн, 2. Өөрийнх нь нэр хүнд унасан, 3. Хамгийн гол дайсныг нь босгоод ирсэн зэргээс болж сүжиг нь буураад байна. Өөрөөр хэлбэл Аалз нь үхээгүй ба тор нь бүрмөсөн тасарчихаагүй байжээ. Аалз бол ер нь их бөх амьтай хоолгүй бол турчихаад л яваад байдаг биологийн талаасаа лут амьдрах чадвартай амьтан болохыг бүгд мэднэ дээ.
Улс төрийн аалз ч тийм байдаг аж.
МАН бас л яг өөрийн биш ч гэсэн, “өөрийн талын” Засгийн Газартай боллоо гэж бодож байсан боловч: 1. “Гурван том”-ыг зарж чадаагүй, 2. МАН-ын нэр хүндэд халгаатай болсон, 3. МАН өөрөө зарах боломжтой учраас Засгийн Газрыг өмөөрөхөө больчихоод байна.
Харин Шударга ёс Эсвэл” бол өөр хэрэг юм. Би тэдний зөрчил болон хуваагдлын талаар нэгэнт тодорхой өгүүлсэн.
Харин З.Энхболдын тэргүүлсэн “Шонхорын” хувьд Засгийн Газар өөрийнх нь биш, гэхдээ түүнийг унагах ёстой. Гэхдээ улаан цайм шаачихаж болохгүй эвийг нь олох ёстой. Төмөр замын буюу “овоолсон шорооны” асуудлаас болж З.Энхболд гацаанд орчихоод байна. Ингээд Засгийн Газрыг үхэн хатан өмгөөлж байгаа нь цорын ганц хүч нь Р.Гончигдорж тэргүүтэй “хуучин Алтангадас” болж хувирав.
“Гурван том”-ыг яагаад зарж чадаагүй талаар би цуврал аналитик өгүүллүүддээ хангалттай тайлбарласан.
Гагцхүү бараг үхчихээд байсан Н.Энхбаярыг босгон ирж, зомби болгон төр үймүүлэхийн учир юу вэ? Энэ бол хуучин “Алтангадас”-ыг дахин сэргээх гэсэн ичгүүрээ алдсан Р.Гончигдоржийн оролдлого юм. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёр байна уу, байна, тэдний гараараа өсгөн бойжуулсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр байна уу, байна. Ингээд “хуучин Алтангадас”-аа сэргээчихвэл мөн сайхан аа…
Р.Гончигдорж нэр нөлөөгөө алдаад дуусаж байгаа хүн, гэв гэнэт Улаан-Үдэд угтаж очиж хадаг барьж сөгдөөд, өршөөлийн хуулийг Н.Энхбаярт тааруулж гаргах, энэ нь Ерөнхийлөгчтэй том зөрчилд оруулахыг мэдсээр байж чуулганы хуралдаанд улайрч хэрэлдээд, хашир хүн гэхэд осолтой алхам хийсний учир нь “бөлдөгөө базуулсан хүний л зовлон”, үйлийн үр байхгүй юу. Үнэндээ Н.Энхбаярын уналт түүнийг хамтад нь чирээд хэнд хэрэггүй адсага болгочихсон юм.
Энэ балай ажлыг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Р.Гончигдорж манлайлж байгаа учраас АН-ын бодлого гэж үзэхээс өөр арга байхгүй юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан боловч 10 гишүүн хүлээж авахаас татгалзав. Тодруулбал, УИХ гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Болд, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар юм.
МАХН-ынхан бол яая гэх вэ ? Даргаа аварч байгаа гэж бодоход Л.Болд, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж гурав юу вэ? Л.Болд өөрөө хавтаст хэрэгт мөнхөрч байгаа тул түүнээсээ мултрах гэж амь тэмцсэн хэрэг, харин харьцангуй нэр цэвэр Ц.Оюунгэрэл яагаад ингэж “амиа хорлов” гэдэг сонирхолтой. Тэр энэ үйлдлээрээ өөрийн шүхэр болсон Ерөнхийлөгчийн ивээлээс гарч байна. Дээр нь авилгачдыг өмөөрсөн нэр зүүнэ, хамгийн энгийн гаргалгаа нь сонгуулийн мөнгийг нь даасан Л.Болдод ач санаж байгаа болов уу? Хэрэв тийм бол өнгөрснөөрөө ирээдүйгээ баллачихлаа.
Ингээд асуудал болох ёстой атал Р.Гончигдорж сурсан зангаараа хор найруулж эхлэв. Өршөөлийн хуулийг гаргахын төлөө үхэн зүтгэсэн хүн бол Р.Гончигдорж, тэр ч байтугай хуулийг батлах хуралдааны протоколыг ил гаргахаас үхтлээ айж, эсэргүүцсэн гишүүд болон Ерөнхийлөгчийг сүрдүүлэх гэж оролдож байсан нь хөгийн инээдэмтэй санагдаж байжээ, үеийн нь гишүүдэд. Эцэст нь олон нийтийн шахалтаар хоригийг 81 хувиар хүлээн авмагц ахиад л хор найруулав.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн хоригт дурдсан “тоонуудыг үсгээр бичих” ажлын хэсэг байгуулах болов. Албан ёсоор бол “Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх” нэртэй Комиссыг Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл нарыг оруулав. Үүнийг Засгийн Газрыг “аврах” комисс гэвэл арай илүү онох байх.
Одоо энэ Комисс Өршөөлийн хуулийг гацааж, Н.Энхбаярыг аврахаар сүүлчийн хүчээ дайчилж байна. Үүнийг хашраараа Ц.Нямдорж анзаарч “Та нар муур хулгана болж тоглож байна. Үүнийгээ боль” гэхчлэн үглэн дуулж байгаа боловч тэр хаягаа олохгүй байна. Зүй нь Ц.Нямдорж яг гацааж байгаа эзнийг нь дурдаж, түүний хорон үйлдлийг таслан зогсоох ёстой. Гэвч чадахгүй байна. Ц.Нямдорж Н.Энхбаярыг харж уурлахдаа түүний цаана “бүх юмыг” зохион байгуулж байгаа Р.Гончигдоржийг олж харахгүй байна уу, эсвэл бөлдөгдүүлэхийн зовлонг биеэр үзсэн хүний хувьд өрөвдөөд байна уу?
Ер нь бол хэн ч Р.Гончигдоржийг “олж харахгүй” буюу анзаарахгүй байгаа юм. Үнэн хэрэг дээрээ “дугаар хорооны иргэн“ Н.Энхбаяр “дээрээс” ямар нэг дэмжлэг байхгүй бол ингэж дураараа дургих ямар ч боломжгүй юм. “Хэрэв Н.Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг бол Р.Гончигдорж эх баригч нь мөн” гэсэн үгийг би гоё сайхан үгэнд дуртайдаа хэлчихсэн юм огт биш.
“Дээрээс” гэдэг нь Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нь дэндүү ойлгомжтой. Мөн юу хийхээ мэдэхээ байгаад гацчихсан З.Энхболд, Засгийн Газрыг “өөрийн” болгох гэж санаархсан МАН чамгүй тус нэмэр болж байна. Харин одоо энэ хөгийн тэнцвэр алдагдаж эхлэв.
Энэхүү түр тэнцвэрийн хоосон орон зайд Н.Энхбаяр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв. Энэ нь Р.Гончигдорж, Н.Энхбаяр нарын “Алтангадас”-ын сүүлчийн тоглолт нь мэдээж хэрэг…
Энэ тэнэг тоглолт нь өнөөгийн эрх баригчдад аюулын дохио өгчээ. Шилэн хоргонд хийгээд хөлдөөчихсөн аалз амилж байна. Чухамдаа өмнөх өгүүлэлд дурдаж байсанчлан улс төрийн үе хоорондын тэмцэл ширүүслээ.
Н.Энхбаяр хэмээх аалз ба түүний нэхсэн торны зангилаа бүрт байсан авгайлдайнууд сэрж төрийн ордноор гүйлдэх болсон нь ард түмэнд төдийлөн анзаарагдахгүй байгаа ч Ц.Элбэгдорж, С.Баяр нарт дохио өгчээ. Тэдний цаана аалзыг зуусан хорхойтой арааны ёзоорт Н.Багабанди ч бий. Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ө.Энхтүвшин, Ц.Шаравдорж нар “Аалзны тор”-оо сэргээхээр гүйлдсэн авч бослогыг нам дарж байна. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дорлигжав нар үүнд нь идэвхийлэн туслажээ. Ингээд Ван ханы толгойг “шатаах” ажилд бүгдээрээ ханцуй шамлан оров.
Хоёрдугаар үеийнхэн буюу шинэ “триад-Элбэгдорж, Баяр, Хүрэлсүх” нар яаралтай зохицуулалт хийлээ. М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг уулзуулж “эрх ашгийг нь тохируулав”. Нөгөө хоёр нь тасартлаа уугаад, тосоо гартал тэврэлдээд бандан пад…
Нөгөө “Чимид багш” кинонд хүүхдээ загнадаг эцэг шиг “Юугаа булаацалдаад байгаа мондинууд вэ? Сонгуульд ялбал У.Хүрэлсүх Ерөнхий сайд, 2017 онд М.Энхболд Ерөнхийлөгч. М.Энхболд оо, чамайг Ерөнхий сайд бол гэхэд “Сууж үзээгүй суудал биш, юмаа мартчихсан биш тийшээ зүтгэмээргүй байна гэсэн биз ? Заавал намын дарга Ерөнхий сайд болдог жишгийг эвдчихсэн…”
Мөн М.Энхболд Ерөнхийлөгчид дэвшихийн тулд С.Баярыг замаасаа зайлуулахаар АТГ-ын Н.Ганболдыг шахаж байсныг болиулж, С.Баярын хэргийг хэрэгсэхгүй болгосны хариуд 2017 онд С.Баярын нэр дэвшихгүйг баталж, сэтгүүлч Г.Отгонбаярт ярилцлага өгч “нотариатжуулав”. М.Энхболд толгой нь эргээд 2016 онд намын дарга байгаад “гай болж ялчихвал” олонхигүй парламентын буулганд орсон Ерөнхий сайдад хадагдчих гээд, Ерөнхий сайдаа өгчихөөр Ерөнхийлөгчөөс мултарчих гээд түнтэгнээд байсан хэрэг. Мань хүн улс төрийн хүн ч биш, бас сул хүн ч хэзээд хэрэгтэй байрлалд “зогсдог” учраас үргэлж бусад нь ингэж зохицуулж өгдөг учраас үргэлж хөвж явсан юм.
Одоо бол бүрэн баталгаажсан “статустай” болсон тул шилдэг аравт цухуйхгүй байгаа М.Энхболдыг тордож жаал зурагтаар яриулаад “эсвэл хүчээр, эсвэл мөнгөөр” шилдэг 10-т шааж өгөөд Ерөнхийлөгчийн сонгууль руу түлхэх гэж байна. Бүгд л баяртай байна, Н.Энхбаяр “Намайг дэвшүүлэн зайлууллаа” гэж уйлж байсан бол М.Энхболд “зайлан дэвших” болсондоо баяртай байна. МАН-ынхан одоо У.Хүрэлсүхтэй л ярьдаг цаг.
Нэгэнт МАН-ын дотоодод сахилгажуулалт хийгдсэн тул толгой дээгүүр нь харайж хуучин торонд орооцолдсон комсомолчдыг яаралтай унагаах ажилд оров. Үүний тулд Г.Уянгын цуглуулж байгаа гарын үсгээс дутаад байгааг нь МАН-аас яаралтай гүйцээнэ. Ямар нэг шалтгаар. Ингээд хоёрдугаар үеийнхэн эрх мэдлээ авч байна, одоохондоо…
МАХН-ын тухайд Н.Энхбаярын хэргийг зарлаад мөрдөн байцаалтыг эхлүүлж, гарч явах эрхийг нь хаачихлаа. Р.Гончигдоржийг ахиж дэвшүүлэхгүйгээ мэднэ. Хуулиар тойрог руу шахаад золионд шаачихна. Миний хувьд тэдэнд “баяртай” гэж хэлэх цаг тун дөхсөн гэж бодож байна…
Харин “зооны” гадна З.Энхболд үлдчихэв. Мань эр О.Баасанхүүгийн тэнэг шийдвэрт дулдуйдан С.Баярцогтыг золиод үлдсэн Ч.Сайханбилэгийг бандидах санаатай мярааж байна. С.Баярцогтоос салчихвал наадах нь “намын дарга болно” энэ тэр гэж цоролзоод байхгүй болно гэж боджээ. Харин нөгөө юмны эзэн аятай загнаад байсан Н.Энхбаярыг нөгөөдүүл нь цэвэрлэчихлээ ш дээ. Хүн хэлж өгөөд байхад чинь…
Нөгөө талд Ц.Элбэгдорж ч тийм санаатай байгаа байх. Сая Баасанхүүгийн балагийн үеэр ТЕГ-ын дарга нь Ерөнхий сайдаа үл тоов шүү дээ. ТЕГ-ын даргаа гартаа аваагүй Ерөнхий сайд хэзээ ч Ерөнхий сайд байсан түүх байдаггүй юм.
“Эх аалзууд” торондоо орооцолдоод шорондоо орох нь. Ахиж “аалзны тор”-ыг цувруулахгүй л юмсан. Харин энэ бол жич ярих дараагийн асуудал юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Зочин · 2015/10/07
MANAN=Aalz
Зочин · 2015/10/07
bayr urgey hatuu ch gesen yag uneniig heljee
Зочин · 2015/10/07
ЭНЭ ХҮНИЙ БИЧСЭН ӨМНӨХ ӨГҮҮЛЭГҮҮДИЙН ҮНЭН НЬ БАТЛАГДАЖ БАЙСАН.ЕР НЬ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ГАРЧ ИРСЭН ЭНЭ УЛСЫН ЧАНАР НЬ ТАНИГДСАН БИЛЭЭ.ТӨР БАРЬЖ БАЙХ ХУГАЦААНДАА УЛС ОРНЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ.,ЗАРЖ ,МӨНГӨ ОЛОХ БҮХИЙ Л АРГА\БАНК,ХУВЬЦАА,ГАЗАР ЗАРАХ,ЛИЦЕНЗ ДАМЛАХ,ЛУЙВРЫН ТҮРЭЭС, КАЗИНО,ЦӨМИЙН ХАЯГДАЛ,НУТАГ ОРНОО ГАДНЫХАНД ТҮРЭЭСЛЭХ,\ЗЭРЭГ ЛУЙВАРДАН ХИЙЖ ЭЦЭСТ НЬ ЭЛДЭВ БОНД ГАРГАН ӨРӨНД ХИЙН ТҮҮНИЙГЭЭ СОНГУУЛИЙН ХАР МАШИНААР БАТАЛГААЖУУЛАН ҮҮНИЙГ НЬ СОНГОГЧДЫН ХОХЬ ХЭМЭЭН ТАВЛАЖ СУУНА.
Зочин · 2015/10/07
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМ
zochin 1 · 2015/10/07
eh aalzuud hen ni neniigee shorond hiih ni ogt hamaagui. Naaduul chin bas neg urshuuliin huuli gargaal sullagdchihna. Zugeer l buruutaig ni medej bgaa bolohoor bugdii ni barivchilj shorond hiih tiim huchin mongoliin ard tumnees garahgui gej uu. Ene talaar l bugdeeree yariltsah heregtei bus uu. Bolomj haana bna, hend yamar sanal bn, bugd hel.