УИХ Өршөөл Үзүүлэх тухай хуулийг батлахтай зэрэгцэн Монголдоо ирсэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилээр гарахыг хориглоод буй билээ.

Энэ тухай тэрээр “Намайг хилээр гарахыг хорьсон тухай бичиг, албан мэдээ ирээгүй. Харин хэвлэлээр л үе, үе хорьчихоод байх юм” гэж тайлбарласан. Тэгвэл АТГ-аас Н.Энхбаярт эрүү үүсгэн, шалгаж байгаа нь үнэн төдийгүй мөрдөн байцаалтын явцад тэрээр бусдыг залилж, эд хөрөнгө завшсан нь хэд хэдэн баримтаар нотлогдож эхэлсэн тухай зарим эх сурвалж өгүүлж байна.
Тодруулбал Н.Энхбаяр одоо МАХН байрлаж буй байрыг худалдан авах үедээ 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэрээгээр халхавчлан Алан Гинсбургийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан бололтой.
Хэрэв уг хэрэг албан ёсоор нотлогдож, шүүхийн шийдвэр гарвал зөвхөн Н.Энхбаяр ял авч, хоригдох бус хууль бус байранд үйл ажиллагаа явуулж байсан МАХН-ыг ч татан буулгаж мэдэх гэнэ.

Хохирогч Алан Гинсбург нь өөрийгөө Клинтоны хамаатан гэж бусдад танилцуулдаг гэх бөгөөд Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх онгоцны буудлын төсөлд ажиллаж байсан, МОНРЕИМПЕКС компаний байранд амьдардаг нэгэн юм.

П.Мандах

http://www.sonin.mn