Бондын хөрөнгийг ямар салбаруудад өгсөн талаар болон эргэн төлөлтийн талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан. Өмнөх нийтлэлийг http://www.shuud.mn/content/read/459073.htm эндээс уншина уу.

Энэ удаа өгсөн зээлээр юу хийв ямар компаниуд авав гэдгийг цувралаар хүргэх юм. Өөрөөр хэлбэл, зээл авсан компаниуд үйл ажиллагаагаа эхэлсэн үү, эргэн төлөлт нь хэзээ юм зэргийг хөндөнө.

Хурдны замын зураг төсөлд 6.6 тэрбумыг баталжээ

“Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 200 сая ам.долларыг төлөвлөснөөс 50 гаруй тэрбум төгрөгийг олгожээ. Түүнчлэн “Гудамж” төсөлд “JICA” буюу “Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага”-аас санхүүжилт нэмж авахаар хэлэлцээр хийж байв. Тус төслийн хүрээнд Туул голын хурдны замыг Хятадын “Экс-Им” банкны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тохиролцоонд хүрч, гүйцэтгэгч компаниудтай хэлэлцээр хийж байна хэмээн мэдэгдэж байсан.

Тодруулбал, Сэлбийн хурдны замын ТЭЗҮ-г “Ар Си Эс Си” компаниар хийлгүүлэхээр 700 сая төгрөг төсөвлөсөн байх юм. Нэг замын техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэхэд шүү дээ. Харин Туулын хурдны замын ТЭЗҮ-г “Эи Си Пи Жи ар” компани хийхээр 300 сая, зураг төслийг нь гүйцэтгэхэд 6.6 тэрбум төгрөгийн төсөв баталсан байх юм.

Эдгээрийн хяналтын зөвлөхөөр “Си Ти Ай” компани ажиллана гэж 7.9 сая ам.долларыг баталж, 2 сая орчим ам.долларыг нь олгоод байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, компаниуд ТЭЗҮ, зураг төсөл, БОНҮ-гээ хийнэ. Харин дээрх компани зөвлөх л үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 8 орчим сая ам.доллар халааслах нь.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх сайхан нэртэй төсөл УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үеэс яригдаж эхэлсэн. Замын-Үүдийг Хятадын Эрээн хот шиг хөгжүүлнэ гэж ярьсаар таван оныг үджээ.

Үүнийг хөгжүүлэхэд 14.2 тэрбум төгрөг олгохоор баталснаас 7 орчим тэрбумыг нь өгсөн байна. Тодруулбал, хуулийн зөвлөх болон ерөнхий зөвлөх, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ, суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулах үйлчилгээний төлбөрийг нийт 9.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Хуулийн болон ерөнхий зөвлөгөөг ямар өндөр үнээр “цалинжуулдаг” юм бэ.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш компанийнхаа цахим хуудаст ямар ч шинэ мэдээ нийтлээгүй. Үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхойгүй байх.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого“ нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх Монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор нь тодорхойлсон байдаг.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилт нь тус бодлогын нэгэн бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон байна.

Гэсэн хэр нь өнөө хэр үйл ажиллагаа нь жигдэрч, дээр дурьдсан шигээ ажил эхлээгүй байх.

Байшин үйлдвэрлэх комбинат

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 14.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

“Эрэл” ХХК-д Европын стандартад нийцсэн Герман улсын Байшин үйлдвэрлэх комбинат байгуулахад зориулж 14.0 сая ам.долларын зээлийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй олгожээ.

Тус компани нь энэ төслийг хэрэгжүүлснээр улирал харгалзахгүй үйл ажиллагаа явуулан, жилд 5,000 айлын орон сууц үйлвэрлэх боломжтой бетон хийц, эдлэлүүдийг үйлдвэрлэнэ гэж ярьж буй. Өөрөөр хэлбэл, барилгын хамгийн өндөр зардлыг эзэлдэг бетон хийцийг хямдаар нийлүүлснээр барилгын үнийг тогтворжуулаад зогсохгүй өвлийн улиралд барилга угсралт явагдах боломжтой гэж үзсэн ч одоогоор барилгын салбарт үнэ буурч, шинээр нэвтэрсэн зүйл маш цөөхөн байх.

Нэг км замыг 4 тэрбум төгрөгөөр, нэг уулзварыг 2.4 тэрбум төгрөгөөр барьсан компаниуд болоод барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт зээл авсан компаниудын талаар дараагийн нийтлэлдээ хөндөх болно.

“Мүүдийз” агентлагаас манай бондыг зэрэглэл бууруулсан. Зээлжих зэрэглэл гэдэг тухайн улсын зээл төлөх чадвар, макро эдийн засгийн бодлогууд нь хэр ухаалаг, ямар үр дүнтэй байна вэ зэрэг 10 гаруй үзүүлэлтээс хамаардаг аж. Энэ үзүүлэлтүүд манай тааруу байгаа учир ийн бууруулсан гэдгээ өнгөрсөн онд мэдэгдэж байлаа. Үүнийг яагаад дурьдаад байна гэхээр үр өгөөжөө урт хугацаанд өгөх, эсвэл бондын хөрөнгийг авчихаад дампуурлын ирмэгт тулчихаад буй олон компани байгаа юм. Тэд энэ мөнгөө яаж төлөх вэ. Гадаадаас зээлсэн мөнгөний маань хугацаа хаянанд ирчихээд байдаг. Иймийн учир л энэ асуудлыг ул суурьтай хөндөөд байгаа билээ.

Үргэлжлэл бий.

Б.Болормаа

Эх урвалж: Shuud.mn