“Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр” буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар

Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сүүлийн үед “Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр”-тэй зүйрлэж болохоор болжээ. Учир нь түүний танхимаас хэн дуртай нь сайдыг нь сугалж авдаг болоод байгаа юм.

Тэрбээр Ерөнхий сайд болсныхоо дараа сөрөг хүчин болох МАН-ыг хамтарсан Засгийн газарт урьж, танхимаа бүрдүүлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа АН-аас МАН хамтарсан гэрээгээ зөрчсөн учраас Засгийн газраас хөөнө гэх болсон. Энэ үед Ерөнхий сайд танхимаа авч үлдэнэ хэмээн мэдэгдэж байсан ч зургаан сайдаа суудлаас нь унагахаас аргагүй болсон.

Нэдэр дээрээ МАН гэрээгээ зөрчсөн гэж байгаа ч МАХН-аас гүйсэн “хор” байсан гэдэг нь тун удалгүй тодорхой болсон билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирж, Засгийн газар “байгуулалцаад” удаагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах бичгийг өргөн барьсан. Тэрбээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардсан юм.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр С.Баярцогт “Төсвийг нэг сайд боловсруулж, баталдаггүй. Төсвийг ЗГХЭГ боловсруулдаггүй, Сангийн яамны боловсруулсан төслийг Засгийн газраар хэлэлцдэг” гэх тайлбарыг өгсөн. Улмаар түүнийг огцруулахгүй байхаар болсон. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар байнга шахам сандал суудлын хэрүүл, хэн нэгнийг нь огцруулна гэсэн “барьцаа”-нд байгаа нь үнэн. Тиймдээ ч сүүлийн үед Ерөнхий сайд сүүлийн үед нэлээд бухимдуу байгаа бололтой. Хамгийн сүүлийн жишээгээр тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “дайн” зарлаад байгаа гэхэд болно. Тодруулбал, С.Ганбаатар гишүүн "Ерөнхий сайдын Оюутолгойн Дубайд үзэглэсэн гэрээ хууль бус, Монгол Улсыг өрөнд оруулна. Ерөнхий сайд “Оюу толгойгоос цалин авдаг. Дубайн хууль бус гэрээг ил болго” хэмээн мэдээлснээс үүдэж тэдний хороонд ширүүхэн маргаан өрнөх болсон.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд С.Ганбаатар гишүүнд хариу барьв. Тэрбээр С.Ганбаатар гишүүний гадаадад сургууль төгсөөгүй болохыг нь илчилсэн. Мөн Ерөнхий сайд "С.Ганбаатар гишүүн дандаа худлаа ярьдаг. Намайг Оюу толгойгоос цалин авдаг юм шиг ярих юм. Би нэг ч төгрөг авдаггүй. Та энэ хэлсэн үгэндээ уучлал гуйгаарай. Дубайд очоод намайг гарын үсэг зурчихсан гэх юм. Би нэг ч юман дээр гарын үсэг зураагүй. Ерөнхий сайд ч зурах ёсгүй. Нэг зүйлийг хэлэхэд С.Ганбаатар гишүүн та өөрийнхөө гараар бичсэн анкет, өргөдөл дээрээ гадаадын хоёр сургууль төгссөн гэж бичсэн байсан. Нэг сургуулийнхаа нэрийг буруу бичсэн. Хоёр жил сурсан сургуулийнхаа нэрийг буруу бичсэн нь энэ хүн тэнд суралцаж төгсөөгүй гэсэн үг. Хоёрдугаарт, таны хоёр дахь сургуульд төгссөн гэх мэргэжил чинь тэр сургуульд байдаггүй юм билээ. Та маргааш надад төгссөн сургуулийнхаа гэрчилгээг харуулбал хэлсэн үгнийхээ өмнөөс уучлал гуйя” гэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Танилцуулгадаа гадаадын хоёр сургуульд сурч байсан гэж бичсэнээс төгссөн гэж бичээгүй. Ерөнхий сайд худал ярилаа” гэх тайлбарыг өгөөд байна. Тэгэхээр энэ хоёрын хэн худал ярьсан нь нөгөөгөөсөө уучлал гуйх учиртай. Ямартай ч Ерөнхий сайд худал ярьсан бол С.Ганбаатар гишүүнээс уучлал гуйх биз. Магадгүй үүнийг нь зарим хэсэг нь өлгөж аваад “Хуурамч дипломын хэрүүл хийж суудаг Ерөнхий сайдыг огцруулъя” гээд оруулаад ирэхийг ч үгүйсгэхгүй. Ямартай ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд “Бид нэг асуудлыг төгс хийх гээд бие биенийгээ чөдөрлөсөөр өнгөрсөн 25 жил явж ирлээ. Хэзээ ч төгс юм гэж байдаггүй” хэмээсэн. Ийнхүү түүний танхимаас сайд нарыг нь огцруулах оролдлого долоон өндөгтэй доголон шаазгайг үнэг хэрхэн хуурч өндгийг нь авч иддэгтэй адил үргэлжилсээр байх бололтой.



Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn