olon

Олон улсын хэмжээнд А буюу нэгдүгээр зэрэглэлийн цөөн хэдэн тэмцээн байдгийн нэг нь ВУЧИАО олон улсын циркийн фестиваль аж. Тус тэмцээн 9-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өнгөрчээ.

Герман, Орос, Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний Циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч ВУЧИАО мөнгөн цомын эзэд болжээ. Тус тэмцээнд манай жүжигчид дэлхийн хэмжээний болон монголын түүхэн амжилтын эзэд болсон байна. Эдгээрээс дурдвал:

  • Анх удаа эмэгтэй жүжигчин агаарт гурав эргэж дөрвөн метрийн өндөрт сандал дээр суусан,
  • Дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан эргэлт хийж гарсан,
  • Монголын циркийн түүхэнд анх удаа агаарт 1080 градусаар гурван эргэлт хийсэн,
  • Дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог хөндлөн перштэй сандал руу агаарт гурав эргэж гарсан,
  • Урагшаа стеркасат 4 салито хийсэн,
  • Монголын циркийн түүхэнд анх удаа колон руу 720 градусаар бланш хийсэн зэрэг амжилт гаргажээ.

Olon-2

Түүхэн амжилтын эзэд 10-р сарын 14-ний өдөр эх орондоо ирэх аж. Дашрамд дурдахад түүнээс ердөө хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Москва хотноо зохиогдсон ИДОЛ олон улсын тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай Монголын Үндэсний Циркийн жүжигчид мөн шидэх банз үзүүлбэрээр мөнгөн цом хүртээд байсан билээ. Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний Циркийн манежнаа Дэлхийн Залуу циркчдийн анхдугаар фестиваль болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх ажээ.