Эрх баригч АН удахгүй тарж мэдэх нь. Үүнийг илтгэх хэд, хэдэн үйл явдал сүүлийн үед болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, тус намын лидер гэгддэг Н.Алтанхуяг намаасаа гарч шинээр нам байгуулж байгаа гэнэ. Түүний намын нэрийг Бүтээн байгуулалтын нам гэх бөгөөд аль хэдийн улсын дээд шүүхэд бүртгүүлсэн аж. Тус намд Н.Алтанхуягийг дагаж Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин болон намын бусад гишүүд нь орох юм байна.

Үүнээс гадна маш сонирхолтой мэдээлэл энэ өдрүүдэд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү АН-аас тусгаарлаж нам байгуулж байгаа гэнэ. Тэрбээр АН-д Чандмань гэх фракцтай. Тиймээс тус фракц дээрээ түшиглэж нам байгуулахаар болжээ. Түүний намд УИХ-ын гишүүн Л.Болд орохоор болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Л.Болдыг Н.Алтанхуягийн намд орж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өчигдөр гарсан. Харин тэрбээр үүнийг эрс үгүйсгэж “Би Н.Алтанхуяг гишүүнтэй нам байгуулах асуудлаар ярилцаагүй. Энэ бол худал мэдээлэл“ гэсэн юм. Тэгвэл тэрбээр Н.Алтанхуяг биш Г.Батхүүтэй нийлэхээр сэтгэл шулуудсан байна.

Г.Батхүүгийн хувьд нам дотроо дэмжлэггүй болсноос гадна Шонхорынхонд дарагдаад олигтой албан тушаалд ч очиж чадахаа байсан учир ийнхүү өөр нам байгуулахаар болжээ. Хамгийн сүүлд түүнийг Зам тээврийн сайд болгохоор зүтгүүлсэн ч мөн л З.Энхболдын тэргүүлдэг Шонхор фракцийнханд дарагдаж хоосон үлдсэн. Шонхор цаашид улам илүү хүчээ авахаар байгаа. Тиймээс цаашид олигтой албан тушаалд очиж чадахгүй болсон гэдгээ мэдсэн учир өрх тусгаарлаж буй бололтой.

Ямартай ч АН-аас хоёр нам шинээр төрөх нь. Тэгэхээр Шонхор ганцаараа шовойгоод үлдэж магадгүй байна. Мэдээж АН-д Шонхороос гадна өчнөөн фракц бий л дээ. Гэхдээ яаж Шонхорыг гүйцэх эрх, мэдэлтэй байх вэ?. Өмнө нь фракцийн эрх ашгаас болж хоорондоо зодолдож албан тушаал булаацалддаг байсан АН-ынхан одоо нам болж үзэлцэх нь.

Т.Хулан

http://www.24tsag.mn