“Энэ Монгол Улс чинь хятадуудаар дүүрчихжээ. Хаа сайгүй хятад, хөдөөгийн бөглүү суманд хүртэл шоргоолж шиг л бужигнаж байна” гэх яриа чих дэлсээд удаагүй байв.

Гэтэл дахиад л Улаанбаатар хот бүхэлдээ "CHINA TOWN" болчихсон юм биш үү гэж халаглах танилтайгаа таарав. Түүний хэлснээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн XII, XIII хорооны хүн амын талаас илүү хувь нь хятадууд байдаг гэнэ. Үнэн эсэхийг нь тодруулахаар XIII хорооны зохион байгуулагч Б.Түмэнжаргалаас хороонд нь хэчнээн хятад иргэн амьдардгийг лавлахад, “Манай хорооны хятадуудын тоо сүүлийн үед харьцангуй буурч байгаа. Ихэнх нь хотын төв рүү орон сууц худалдаж аваад нүүчихсэн. Одоо амьдарч байгаа хятадуудын хувьд 1950-1960 оны үед ирж суурьшсан,  үр хүүхэд, ач зээ гээд өнөр олуулаа болж өөрсдөө монголжин, бичиг баримт нь хүртэл Монгол Улсын иргэн болчихсон. Харин XII хороо бүр олон хятад иргэнтэй” хэмээн тайлбарлав. Газар дээрээ ямар байдгийг шинжихээр дээрх хоёр хороог зорилоо. Сүхбаатар дүүргийн XII хорооны хувьд байдал арай өөр юм. Тэнд суурин амьдардаг хятадуудаас гадна явуулын хятадууд хашаа байшин, нийтийн байр, бүр монгол гэр хүртэл хөлслөн амьдардаг юм байна. Тэд өдөр гадуур холхиод байдаггүй, ихэвчлэн барилга дээр ажилладаг тул орой харанхуй, бүрэнхий болсон хойно ирж гэр гэртээ ороод чимээгүй болцгоодог ажээ. Нэгэн шавар байшингийн дээврээр гурван яндан цухуйлгасан байх бөгөөд энэ байшинг гурван хятад айл түрээслэдэг юм байна. Хятадуудын амьдардаг хашаа, байшинг танихад амархан. Тэд навтгар, навтгар шавар байшинтайгаас гадна хашааныхаа дээд талыг  өргөстэй төмөр утсаар хүрээлсэн байх юм. Хашаагаа блокоор барьж дээгүүр нь шилний хагархай босгосныг харахад шорон ч юм шиг. Гэртээ агсам тавьсан бололтой нэг эрийг авч яваа дуудлагын цагдаагаас энэ хавьд хятадуудтай холбоотой хэрэг зөрчил хэр гардгийг лавлалаа. Цагдаагийн ажилтан “хятадууд архи ууж, зодолдож янз бүрийн хэрэг тарьдаггүй ээ. Ер нь эндэхийн хятадууд чамайг, намайг ч төрөөгүй байхад энд амьдарч л байсан хүмүүс шүү дээ” гэсэн тоомжиргүй хариулт өгөөд “хэрэгтнээ” аваад явж өглөө. Харин 32-ын тойрог орчмын “CHINA TOWN”-д амьдардаг эмэгтэйн ярьснаар хятадуудад монгол хүүхэн олж ирдэг залуус байдаг ажээ. Тэдэнд биеэ үнэлэхээр өглөө, оройдоо ирж зогсдог охид ч цөөнгүй гэнэ. Тус хорооны I, II хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Шүрэнцэцэг гэх эмэгтэйтэй уулзлаа. Тэдний хамар хашаанд сүүлийн арав гаруй жил хятадууд амьдарч байгаа гэнэ. Биеэ үнэлдэг охид хашааных нь үүдээр эргэлдээд байхаар нь хашааныхаа орой дээр камер зоосноо харуулж байв. Өнгөрсөн өвөл дэлгүүрээс талх аваад буцаж явтал 13 настай охиныг үл таних хүн хашааных нь үүдэнд хүчиндэх гэж байхад нь аварсан тухайгаа ч ярив. Энэ мэт хэрэг байнга гардаг болохоор хамар хашааны хятадуудаа хардаж шалгуулахад газрынх нь гэрчилгээ нь Чулуунбаатар гэдэг монгол хүний нэр дээр байсан гэнэ. Гэтэл тэрбээр Чулуунбаатар гэгчийг арав гаруй жилийн хугацаанд нэг ч удаа харж байгаагүй. “Нууц ноёнтон” нь нэг ч удаа хашаа хороогоороо ирдэггүй нь цаанаа монгол иргэний үнэмлэхтэй хятад хүн байх гэсэн хардлага төрүүлж байгаа гэдгийг ч Д.Шүрэнцэцэг нуусангүй.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу