МАНАЙ ХОТЫН ДАРГЫН МАТЕРИАЛИСТ ҮГ

 

Бид шинэ нийгэмд орсноос хойш П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн Ерөнхийлөгч, С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гэсэн найман хотын даргын нүүр үзээд байна. Тэдэнд шинэ нийгмийн нүүрэн дээр улс, нийслэлээ авч явах хувь заяа тохиожээ. Ингэхэд улс нь 800, хот нь 370 гаруй жилийн түүхтэй юм шүү дээ.

 

Хуучнаар бол хорвоогийн жам, шинээр бол хүн төрөлхтний хөгжлийн хуулийн дагуу манай улс, нийслэл хоёр хөгжсөөн хөгжсөн. Үүнд дарга нарын гавьяа ч их байсан биз. Гадна дотны ч нөлөө их байсан биз. Орос, Хятадын тус ч байсан биз, ус ч бас байсан биз. Гэхдээ л яах аргагүй хөгжсөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Наад зах нь хүүхдийн парктай, хуримын ордонтой, дуурь драмын театртай болсон юмдаг..

 

Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар гэхээр уур нь хүрч, уушиг нь сагсайгаад эхэлдэг хэрнээ хот ямар гоё байшингуудтай болно, тэр хэмжээгээр иргэдийн ухамсар дээшилнэ гэсэн утгатай материалист үгийг хэлсэн байна билээ. Юу л бол.

 

Харин шинэ нийгэм рүү алхаж орсноосоо хойш хөгжиж байна гэж хэлэхэд нэг хэцүү, хөгжихгүй байна гэж хэлэхэд бас хэцүү. Хэдийгээр хэдэн үйлдвэр нь балгас болсон ч ерөнхийдөө байшин барилгын тоо нэмэгдсэн. Өдгөө чулуун ширэнгэ шиг юм болоод, Гандангийн дэнжийн овоолсон хог, гол сүм хоёроос өөр өндөр зүйлгүй байсан Улаанбаатар танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь үнэн л дээ.

 

Миний бие ингэхэд нэлээд материалист талдаа нөхөр. Тиймээс ахуй хүний ухамсарыг тодорхой хэмжээнд хөтөлнө гэдэгт итгэдэг юм. Харин ийм өндөр, гоё гоё байшингууд агаар нар хаахаас өгсүүлээд алхах гишгэх газрыг минь хүртэл хязгаарлан, баяр цэнгэл бус уур уцаар хөдөлгөх явдал их тул Э.Бат-Үүлийн нэгэнтээ хэлсэн үгтэй санал нийлэхгүй байгаа юм. Тэрбээр Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар гэхээр уур нь хүрч, уушиг нь сагсайгаад эхэлдэг хэрнээ хот ямар гоё байшингуудтай болно, тэр хэмжээгээр иргэдийн ухамсар дээшилнэ гэсэн утгатай материалист үгийг хэлсэн байна билээ. Юу л бол.

 

Саяхан нэгэн судалгааны төв хамгийн муу нэртэй улстөрчдийг шалгаруулахад жагсаалтыг ньЕрөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хотын мээр нар тэргүүлсэн харагдав. Бүгд АН-ын хүмүүс. Үүнд би үнэмшихгүй байгаа. Сонгууль дөхсөн учир МАН-ын нэг мангар нь пи-ар маягийн юм хийж байгаа хэрэг биз. МАН-ынхан л чухам нэр хүндтэй байгаад, АН-ынхан нь намаг шавартай хутгалдаад байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Гэхдээ бодох юм бий. Тухайлбал, манай улсын сүүлийн хоёр Ерөнхийлөгч, Улаанбаатараас “Улаан хацарт”, “Үүлэн үст” гэсэн нэр аваад байгаа хоёр нөхрийн нэр тийм ч сайн байгаа биш шүү. “Улаан хацарт” нь саяхан нөгөө газраас гарах шиг боллоо. Мань эр намдаа эрдээд улаан цагаан баахан юм “хуссан” бололтой байдаг. Одоо харин МАН-ынхан хариу барихаар “Үүлэн үстийг” бөөн мөнгөний хэрэгт буруутгаад байх болж. МАН-д яндан шиг хар дотортой нөхөд нэлээд байдгийн зэрэгцээ Гитлерийн “юндергендүүд” шиг юу ч хийхээс буцахгүй улаан хамгаалагч, залуу халаа олон бий. Тэднийхээ тухай дараа тухтайхан шиг өгүүлнэ ээ.

 

НОХОЙ МУУР ХОЁР ГЭНЭТ НАЙЗЛААД ЭХЭЛБЭЛ...

 

1.Энэ жилийн онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн Улаанбаатарын төв гудамжаар цэцэг тарьсан явдал.

 

2. Энэ улирлын онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн Арслантай гүүрэн дээр 70 сая төгрөгөөр усан хөшиг татсан явдал.

 

3. Энэ сарын онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүлийн угсраа автобус хотын төвд тэг дундуураа тасарсан явдал.

 

4. Энэ долоо хоногийн онцлох үйл явдал

 

Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийнхээ хурлын төлөөлөгчдийг шүүхэд өгсөн явдал.

 

5. Энэ өдрийн онцлох үйл явдал.

 

Хотын дарга Э.Бат-Үүл иргэдийнхээ хуралд суусан явдал.

 

Хэрвээ хотын хэмжээнд гэж үзвэл нэг иймэрхүү юм гарахыг үгүйсгэхгүй байна. Улс гэвэл мэдээжийн хэрэг эрхэм Ерөнхийлөгчийн энд тэнд хийсэн айлчлалууд жил, улирал, сар, хоногоор гарах биз. АНУ, Австри, Япон, Хятад гээд талийж өгөх байлгүй.

 

Ингэхэд нохой муур хоёр гэнэт найзлаад эхэлбэл тогоочийн эсрэг хуйвалдсаны шинж гэсэн нэг үг бий. Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр сошиал ертөнцөөр бие биенээ дөвийлгөөд, эсвэл туньсан, туршсан үг дайгаад л, нөгөө намынхныхаа хэлсэн үгийн төлөө хи хи, ха ха болоод байгаа нь нэг л зохимжгүй харагдаад байгаа учраас энэ үгийг дайлаа. Яг аальгүй хүүхэн шиг. Уг нь дол цохиж долоо шархадсан улстөрчид биз дээ, энэ хоёр чинь. Зөнөг, тэнэг гээч нь л залгаагүй бол.

 

Э.Бат-Үүлийг шүүмжлэх юм зөндөө бий. Ингэхэд байна шүү дээ, “Ямар ч ардчилал хогийн хулгайчдын диктатур болж хувирдаг” гэж Альфред Нобель хэлсэн байдаг юм. Тэгэхээр эрхэмЭ.Бат-Үүл дарга, “Би хог хулгайлдаггүй, харин ч ногоон уут тараасан” энэ тэр гэж бухимдаад, намайг шүүх энэ тэрдээ өгч магадгүй юм.

 

Яагаад гэхээр мань эр сүүлийн үед юм л бол шүүхдэнэ, шалгуулна гэх үгийг маш их сандарсан байдалтай хэлэх болсон байна билээ. Шалгуулсан ч бололтой харагдсан. Хөөрхий муу Хотын иргэдийн хуралд суудаг, МАН-ын Ганбаярыг бүлтэлзүүлээд л, чихийг нь хангинуулаад байгаа дуулдсан. Харин Альфред Нобель “Хогийн хулгайч” гэх үгээ ямар агуулгаар хэлснийг үнэндээ мэдэхгүй байна. Шведэд манайх шиг хог ухдаг бус хог хулгайлдаг хүмүүс байсан юм байлгүй дээ, зайлуул.

 

“Ямар ч ардчилал хогийн хулгайчдын диктатур болж хувирдаг” гэж Альфред Нобель хэлсэн байдаг юм.

 

Ер нь сонгууль дөхөөд ирэхээр хотын даргаас асуух юм нэлээд гарах байх шүү. Ногоон уут ч дүүрч. Харин Улаанбаатарыг зөвхөн 40 мянгатаар төлөөлүүлээд, түүнийгээ төрсөн нутаг энэ тэр гэж дөвийлгөөд, зөвхөн тэр хавиа тохижуулаад, ганц зуны настай цэцэг ногоо зөвхөн төвөөрөө тариад, зөвхөн 40 мянгатынхаа хоолой шугамыг солиод байгаа зэргийг асууж магадгүй. Уг нь хотын даргад төрсөн гудамж, түүний эхнэр хүүхэд цэцгэнд дуртай байх энэ тэр огт хамаагүй баймаар. Бас түүнээс дарга болонгуутаа зөвшөөрөлгүй барьсан 64 барилгыг нураана гэснээ яасан бэ гэж асуух биз. Юу хэлж хуйхаа маажина даа, дарга минь. Ямартай ч багадаа кино энэ тэр ярих, уран панаал үсэргэх зэрэгтээ гаргуун байсныхаа хэргийг гаргах хэрэг гарч магадгүй. Ер нь ингэхэд мэргэжлийн худалч хүний яриаг сонсох ч бас урамтай шүү дээ. Яг үлгэр шиг байдаг. Даанч гарах үр дагавар нь тун муу л даа.

 

Гэр хорооллын барилгажилт чинь түүний шүд байтугай юмны өвчин болж магадгүй. Ер нь “цагаан мах” шиг зовоож магадгүй байгаа. Нөгөөтэйгүүр хотын даргын инээмсэглэсэн сайхан яриа, даапаалаад байгаа юм шиг санагдаад, ажил амьдрал дээр нумарсан хөмсөг болон хувирч байна. Мөн дуулиан шуугиантайхан эхэлсэн гэр хорооллын барилгажилт хэмээх кампанит ажлын хүрээнд хашааныхаа газрыг өгсөн иргэд түрээсийн байранд уйлах хэцүү, инээх хэцүү л сууцгаах болж.

 

Ингэхэд “Хадгаламж зээлийн хоршооныхонд” хамаг бүхнээ хулхидуулаад хаширсан хүмүүс хашааныхаа газрыг өгсөндөө тун их эргэлзэх болжээ. Яагаад гэхээр ирэх сонгуулиар яагаа ч билээ, эрхэм Бат-Үүл байгаа ч бил үү гэж бодох болсон байна. Ядаж байхад нөгөө Үүл баатар нь би ирэх сонгуульд үзнэ, тэгээд ялна гэж бардамнаад байхаар бүүр ч их итгэл алдрах юм.

 

Наадамд түрүүлнэ гэж хэлдэг бөх байдаг бил үү, ингэхэд. Тийм болохоор нөгөөдүүлтэйгээ хуйвалдаад байгаа юм шиг, “Газраа үг дуугүй өг өө” гээд шахах. Гэтэл бага ангийн багшийн мэргэжилтэй хоёр нусгай банди газрыг чинь одоо гэрээ хийгээд авна, эсвэл дараа шууд трактороор түрээд зайлуулна шүү гээд хөл нь хугархай сандал дээрээ тогтож ядан суугаад байхад яаж итгэх юм бэ, тээ. Том, том компаниуд хотоос барилга барих эрхээ авчихаад, түүнийгээ цааш нь жижиглэнгийн маягаар иймэрхүү банди нарт хуваагаад зарчихдагийг та мэдэх үү? Үүнийг мөн асууна даа, таниас.

 

Ингэхэд би ямар ч дутагдалгүй гэж бүү ярьж байгаа байгаарай гэе. Тийм хүний ажил хийх чадвар муу байдаг гэж алдарт Авраам Линкольн тодорхойлсон байдаг.

 

Ер нь хуучин 500 айл гээд Улаанбаатарынхаа уул хадаар нэг тарсан айлууд хэрхэн амьдарч байгааг харсан уу гэж хотын даргаас асуумаар байна. Африкийн хамгийн ядуу орны ядуусын хороолол шиг орчин нөхцөл, амьдрал тэмцэл зөвхөн тэнд л байна. Худлаа гэвэл “М.Энхболдын зам” гэдгээр өгсөөд нэг үзээрэй дээ дарга минь. Ингэхэд би ямар ч дутагдалгүй гэж бүү ярьж байгаа байгаарай гэе. Тийм хүний ажил хийх чадвар муу байдаг гэж алдарт Авраам Линкольнтодорхойлсон байдаг. Энэ хүн Э.Бат-Үүлийн нэг шүтээн л дээ.

 

Хотын дарга төсөрхөн нийслэлийн шилдэг есөн өрхийг шалгарууллаа гээд л тэдэнтэй хамт баахан зураг хөргөө авхуулан тараасан байна билээ. Тэгвэл өчигдөрхөн дөрвийн дөрвөн ихэр хүүхдэд байр өглөө гээд л баахан зураг хөргөө даруулж, хэвлэлээр тараасан харагдав. Яахнав дээ, Үүл баатар минь. Ядарсан ч бай, задарсан ч бай нийслэлийнхээ нэг сая хүнийг шилдэг, шилдэггүйгээр нь уралдуулах тийм ч сайхан харагдахгүй байна. Мөн ихэр хүүхдүүд гэснээс хоёр ихэр бол ингэнэ, гурван ихэр бол тэгнэ, хэд хэдэн ихэр төрүүлбэл ийм юм өгнө, дөрвөн сая дахь иргэндээ ингэнэ гэсэн журам, дүрэм гаргаж болно. Мөн намынхаа нөхдөөр дамжуулан хууль ч батлуулах боломж бий. Гэтэл Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр өөрөөсөө өгч байгаа юм шиг л иймэрхүү юмаар баахан рекламдах нь улам олширсоор.

 

За тэр хотын зам ч яахав, өөр хэрэг. Их хааны нэртэй бондын ч ач байгаа биз. Харин яагаад долоо хоногийн нэг өдөр машинаа унах эрхгүй болдог, үүгээрээ хотын түгжрэлийн асуудлыг шийдсэн хэмээн ярьдаг чинь л ирэх жил асуултын тэмдэгтэй угтах байх. Мөн хотын дарга болоод хөшөөтэй баахан тулалдах шив дээ. Яг өнөөгийн украйнчууд шиг. Хоол гуйж байгаа биш түүгээр оролдоод яахнав дээ. 100 жилийн дараа юу яахыг хэн мэдлээ. Өдгөө түүнд хуучин пионерийн ордны өмнөх Володъя, МУИС урдах Х.Чойбалсан хоёрын хөшөөг л нураах үлдэх шив дээ.

 

Өлбөрч үхэх гэж буй хэмээн дуулдаг Хойд Солонгос руу “Хаврын баяр” гэдэгт нь оролцоод ирсэн хүмүүс тэнд Америкийн Дисней лэндээс том, гоё парк байгуулчихсаныг үзэж ирээд тагнайгаа ташин шогширч байна. Гэтэл манай хотынхон ганц паркынхаа тал газрыг нь хувийнханд алдчихсан сууж байх жишээтэй. Нөгөө хувийнхний нь энд тэнд тавьсан ганц нэг инээд хүрмээр тоглоомын нь үнэ өндөр гэж тоймгүй. Алсыг харагч дээрээ л гэхэд нэг хүүхдийг 100 төгрөгөөр суулгавал суудлууд нь дүүрээд ямар их орлого орох бол. Гэтэл 5000 мянган төгрөгөөр ганц хүүхэд суулгачихаад, наана нь мянган хүүхэд мөнгө нь хүрэхгүй учир бүлтийтэл хараад, тоглоомын эзэд нөгөөхийгөө эргүүлээд байхыг хараад ойлгодоггүй юм. Энэ нь нэг долларыг 50 центээр зарчихаад ир гэсэнтэй тун адилхан харагддаг. Уг нь үүнийг хотын дарга л хараад, эзэдтэй нь ярьж баймаар. Үнэхээр хүүхэд манай ирээдүй юм бол шүү дээ. Биш бол ямар хамаа байна. Хүүхэд гэснээс түүний хүүхдийн талаар таагүй яриа гараад л байгаа. Хүүхдээ битгий хүмүүжүүл. Тэртэй тэргүй тантай адилхан болно. Тиймээс өөрийгөө харин сайн хүмүүжүүл.

 

Ингэхэд хотын дарга хүн хамгийн түрүүнд гамшиг тохиолдвол яах вэ гэдгээ маш сайн боддог юм гэнэ билээ. Ялангуяа дэлхийн улс орны нийслэлийн дарга нар. Хотоо гоё сайхан болгохыгоо үндсэндээ иргэд нь буюу аж үйлдвэр, албан газрууд хариуцдаг гэсэн. Тиймээс хог шороо, цэцэг ногоо хотын даргад ямар ч хамаагүй шахам байдаг. Харин ая тухтай, айх аюулгүй амьдрах нөхцөл гэвэл өөр л дөө. Тухайлбал үер усны аюул ирвэл яах вэ, газар дэлхий хөдөлбөл хэрхэх вэ гэдгээ хотын дарга боддог ёстой юм гэсэн. Гэтэл ганц цас ороход л Улаанбаатар “хоёр гараа өргөж, хэлэээ гаргаад” нам бууж өгч байх жишээтэй. Дарга нь тэнд Д.Ганбаяр гэж нэг хүүтэй шүүхээр заргалдаастай. Энд тэнд халтирч унаад, бэртэж гэмтсэн хүмүүс эмнэлгээр дүүрээстэй. Машин тэрэг байнгын мөргөлдөөстэй.

 

ӨӨРИЙНХӨӨ ХЭЛИЙГ ХЯНАЖ ЧАДДАГГҮЙ ХҮНД ҮНЭН ГЭЖ БАЙДАГГҮЙ

 

Ерөнхийлөгч маань сүүлийн үед хоёрхон ажилтай болсон байна. Зав гарвал Э.Бат-Үүлийг матаад ч байгаа юм шиг магтаад ч байгаа юм шиг. Завсар хоорондуур нь Н.Энхбаяртай хэрэлдэнэ. Залгамж халаагаа болгох гэсэндээ Үүл баатарыгаа хөөрөгдөж байж болох бөгөөд үүний өмнө нэгэнтээ сайхан мурьж, Э.Бат-Үүлийнхээ нулимсыг дуслуулж байсныхаа нөхөн төлбөрийг хийх алсын зорилго тээж байхыг хэн байг гэхэв.

 

Н.Энхбаярын “хаан” болох явдал уул мууланд авираад, овоо энэ тэр тахихаас эхэлсэн юмдаг. Ц.Элбэгдорж ч ялгаагүй далайн ёроолд ч очоод үзчих шиг боллоо. Мөн Н.Энхбаярын хувьд хавьтсан ойртсонтойгоо хэрэлдээд эхэлсэн юм шүү дээ. Одоо харвал мань хүн Монгол улсаа хөгжүүлээд байна гэсэн чинь өөрийгөө хөрөнгөжүүлээд байсан юм биш үү. Хүнлэг ардчилсан нийгэм бус хөрөнгөлөг ардчилсан ниймийн төлөө явсан бололтой юм биш үү. Ямар ч байсан өндөр өртөгтэй харь оронд гэр бүлээрээ бүтэн жил амьдраад болоод байхыг бодохоор өөрийн эрхгүй атаархах юм.

 

Зав гарвал Э.Бат-Үүлийг магтана. Завсар хоорондуур нь Н.Энхбаяртай хэрэлдэнэ.

 

Одоогийн Ерөнхийлөгчийг ч мөн ялгаагүй хожим хойно НҮБ хавьцаа “нүхээ” малтахын тулд АСЕМ-ийн орнуудын тэргүүнүүдийг цуглуулж байгаа юм гэсэн яриа ам дамжин тархах болж. Төвийг сахих тухай бодлого нь ч тун их шуугиан тарьж буй. Ерөнхийдөө сошиал ертөнцөөр л гэхэд түүнийг магтах хүн улам цөөрөөд байгааг нуугаад яахав дээ. Арай үүнийг хэрэглэж байгаа хүмүүс бүгд л МАН-ын гишүүн байдаггүй баймаар. Бас сүүлийн үед сайд нарыг өрөөндөө дуудаж байгаад баахан камерын өмнө загнадагаа больсныг ч үүнтэй холбох болж.

 

Ингэхэд манай Ерөнхийлөгч бас худалч нь үнэн шүү дээ. Авлигыг устгана гэсэн чинь харин ч өшөө авалт маягийн юм болчих вуу, яав. Хүнд суртлыг арилгана гээд баахан цаас ураад л шидээд байсан чинь хуучин хэвэндээ л зогсч байна. Шүүгчид нь гэсэн чинь цалин бууруулна гэхээр авлигаа авахаас өөр аргагүйд хүрлээ гэсэн утгатай юм улаан цайм хэлээд зогсч байдаг болж. Хархорины захирагч болно гэж хэсэг шууруулав даа. Энэ мэтээр одоогийн Ерөнхийлөгчийн яриаг сүүлийн үед манайхан театрын тайзан дээрээс сонсох уран үгийн цуглуулга маягаар хүлээж авдаг болсон байна. Ингэхэд улстөрч дараачийн сонгууль, харин төрийн зүтгэлтэн дараачийн үеэ бэлтгэдэг гэсэн нэг үг бий. Тиймээс одоогийн Улсын Ерөнхийлөгч, Улаанбаатарын дарга хоёр улс төрч үү, төрийн зүтгэлтэн үү гэдгийг хамаг олноосоо асуумаар санагдаад байгаа юм. Нөгөө талаас сүүлийн үед бие биенээ хөөрөгдөн магтах энэ хоёрыгоо харахаар өөрийнхөө хэлийг хянаж чаддаггүй хүнд үнэн гэж байдаггүй гэсэн үг өөрийн эрхгүй санаанд ороод байгаа юм даа.

 

Д.Гал

http://www.24tsag.mn