Төрийн жолоог атгалцаж буй эрхмүүдийн байр суурьд өөрчлөлт орлоо. Өөрөөр хэлбэл, “ажиллагаа муутай” Ч.Сайханбилэгийн нэр дор АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын толгойгоор шийдсэн эдийн засгийн хөшүүргүүд ажиллаж эхлэх шинжиндээ орж байна.

Засгийг тэргүүлж буй Ч.Сайханбилэгийн хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр гавихгүй байгаа зүйл бий. Тиймээс З.Энхболдын санаачилгатай АН-ын шийдэл хөдлөх замаа олж байх шиг байна. Нэг ёсондоо "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого"-ыг Зи санаачилж, АН хэрэгжүүлэхээр Ч.Сайханбилэгийн халааг авчихаад байгаа юм. Энэ нь зүй тогтлоо олж байгаа хэрэг. Учир нь эдийн засгийг авраагүй гэж АН-ынхан цоллуулна. Хэн ч Ч.Сайханбилэгийг хэрэгжүүлсэнгүй гэж муулахгүй. Яагаад гэвэл, нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийнх доргидог жамаар Ч.Сайханбилэгийн ард АН муу нэртэй, луу данстай үлдэнэ. Тиймээс З.Энхболд санаачилыг гартаа авч, эдийн засгаа сэргээх бодлого, шийдвэрийг ойрын үед дорвитой авч хэрэгжүүлэхээр дуугарч эхэллээ.


Ч.Сайханбилэгийн амлалт цаасан дээр үлдэх гэж үү


Ч.Сайханбилэг жилийн өмнө “эдийн засаг” гэж гурвантаа хэлж, солонгоруулж, аврал эрж буй эдийн засгаа хүндрэлээс гаргана гэж Ерөнхий сайд болохдоо амлалт өгсөн. Амлалт хэрэгжих нь байтугай эдийн засаг улам доройтож, гадаад өр зээл, төсвийн алдагдал хэрээс хэтэрч байгаа нь Засгийн газрын том алдаа болоод байгаа. Харин эрхэм Ерөнхий сайдын эдийн засгийг хүндрэлээс гаргах дорвитой алхам нь Оюутолгойг урагшуулах, Тавантолгойг барьцаанд тавьсан хэрэг болж хувираад байгаа. Тиймээс АН-ынхан өөрсдөө түүнийг чадваргүйд тооцож, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого"-ыг хэрэгжүүлж байгаа нь юутай үнэн болоод байна.


УИХ-ын гишүүдийн олонхиос эхлээд нийгмийн хандлага Ерөнхий сайд Ч.Сайханбилэг рүү чиглэсэн. Сайнаар гэхээс илүүтэй муугаар хүлээж авч байгаа. АН-ын гишүүд нь хүртэл Ч.Сайханбилэгийг муулах нь олонтаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд “Ч.Сайханбилэг “Эдийн засаг” гэж гурвантаа хэлж гарч ирчихээд эдийн засгийн талаар хийсэн алхам нэг ч байхгүй. Иргэндээ хийсэн шинэтгэлийг үгүйсгэдэг ийм Засгийн газар, Ерөнхий сайдтай байх хэрэгтэй юм уу, хэлж мэдэхгүй байна. Одоо болохоор бүх юмаа унагаж байдаг хоёр нүүртэй, наацаа цаашаа хувирч болж байвал юуг ч наймаалцаж болдог ийм Засгийн газрыг Ч.Сайханбилэг хамгаалахад эргэлзэж байна” гэдгээ бухимдалтай илэрхийлсэн. Тиймээс Ч.Сайханбилэгт гишүүд ямар үнэлгээ өгч байгаа нь тодорхой.


АН-ын дарга З.Энхболдын алхам


Монголчууд зүүн чиглэлийн төмөр замаа Японтой. Цагаан суваргын ордоо Германы хөрөнгө оруулалттайгаар урагшуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь АН-ын богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах алхмуудын нэг. Бас “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж, гаднаас ажиллах хүч авахгүйгээр дотоодынхоо нөөц бололцоо, хүчийг авто зам, төмөр зам барихад төвлөрүүлэхээр болсон нь ажилтай орлоготой монгол хүнийг бүрдүүлэх АН-ын шийдвэр. Тиймээс л томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулахаас гадна эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодит шаардлага тулгараад байгааг Зи олж харсан хэрэг. Төр зам, авто зам, барилга, гэхчилэн төслүүд эдийн засагт өгөөжтэй, монгол хүнд бодит тусгалаа олчихвол хямралыг богино хугацаанд шийдэх З.Энхболдын санаачилга биелэлээ олох биз.


С.БАЯСГАЛАН

http://www.newscom.mn/