М.ЦЭЦЭГ

УИХ хэлэлцэх асуудлынхаа дарааллыг долоо хоног бүрээр гаргадаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаж дараа долоо хоногт хэлэлцэх асуудлаа төлөвлөж, дарааллыг баталдаг юм. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан төслүүд багтсан байв. Тодруулбал, чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Гэтэл шинэчилсэн хуваарь гаргаж дээрх төслийг хасчээ. Оронд нь Засгийн газраас өргөн бариад удаагүй байгаа Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулж, Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Хоёр төслийг хооронд нь сольсон нь санамсаргүй зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэсэн хардлага байна.

УИХ-ын нэгдсэн чуулганд хууль санаачлагч индэр дээрээс илтгэл тавьдаг дэгтэй. Хэрэв Н.Алтанхуягийг индэр дээр гаргавал түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш яг нэг жилийн дараа УИХ-ын индэр дээрээс үг хэлэх боломж олдож байгаа гэнэ. Тэр индэрт гарвал юу ч ярьж магадгүй гэсэн болгоомжлол бий ч гэх. Яагаад гэвэл өнгөрсөн зургадугаар сард нэгдсэн чуулганд Гацууртын ордыг оруулахад Н.Алтанхуяг нарын гишүүд эсэргүүцэн төслийг буцааж байсан билээ.

Н.Алтанхуягийн гэх тодотголтой төсөл өнгөрсөн долоо хоногт мөн л хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт байсныг зургадугаарт болгож хойшлуулсан юм билээ. Энэ бүгдийн цаана Ардчилсан нам доторх бүлэг фракцуудын тэмцэл байгааг тус намынхан ч ярьцгаадаг юм.