Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр УИХ-аас холбогдох ажлын хэсэг гарч ажилласан. Тус ажлын хэсгийг би ахалж ажилласан. Ажлын хэсэг ажиллах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай гэж үзсэн. Иймд уг тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад байна.

Тогтоолын төслөөр бол Тавантолгойн ордыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Учир нь энэ орд нь 100 жилийн нөөцтэй, 3 сая иргэн хувьцаа эзэмшдэг, Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж нээсэн. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэдэг дүгнэлтийг тогтоолын төсөлдөө оруулж өгсөн.

Түүнчлэн тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэж орууллаа. Хоёрдугаарт Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн 1072 хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг орууллаа. Үүний зэрэгцээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээг цаашид байгуулахдаа дараах чиглэлийг барих ёстой шүү гэдэг дээр Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлд 1072 хувьцааны асуудал, Тавантолгойн гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална гэсэн саналыг оруулж өглөө" хэмээн мэдээлэв.

“Х.Баттулга гишүүн мэдээлэл хийх гэнэ” гэх сургаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьсон талаар мэдээлэл хийх нь гэсэн таамаг дэвшүүлж байсан ч тэрбээр энэ талаар ярих бодолгүй байгаагаа хэлэв. Харин Х.Баттулга гишүүн, "УИХ-ын 40-н гишүүн гарын үсэг зурсан төслийг Засгийн газарт өнөөдөр өргөн барих гэж байна. Бид аль болох баялгаа зөв зохистой ашиглаж чадвал улс оронд хэрэгтэй гэсэн зөв хэлбэрийг сонгож байгаа юм. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг цагдан хорьсон байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийх байх.

Тавантолгойн ордтой холбоотой зохион байгуулалттай ийм асуудал цаашдаа ч хөвөрч гарах байх гэсэн бодолтой байна. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого баталснаас хойш эсрэг тэсрэг асуудал гарч байгаа" гэв.

Б.Туул

http://www.montsame.mn