АНЭУ-ын Дубай хотноо байгуулсан ОюуТолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөө нь хууль бус, Монгол улсын эрх ашгаас урвасан гэж үзсэн тул УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг санаачилж, өөрийн албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ.

 

Уг бичигт Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, С.Ганбаатар тэргүүтэй нам, намын төлөөлөл болсон 17 гишүүн гарын үсэг зураад буй юм. Тэгвэл уг бичигт АН-ын хоёр гишүүн гарын үсэг зурахаар болсон, тэр бүү хэл зурчихсан тухай өчигдөр оройноос эхлэн төрийн ордноор яригдаж эхлэв.

 

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барих хүртэл хэн хоёр нэмэгдсэнийг нууцалж байгаа гэх ч эдгээр нь Х.Баттулга, Н.Алтанхуяг нар гэх яриаг эх сурвалжууд нотолж байна.

 

Г.Уянга тэргүүтэй УИХ-ын гишүүд уг бичгээ энэ долоо хоногийн сүүлээр юм уу, ирэх долоо хоногийн эхээр УИХ-ын даргад өргөн барих бололтой.

УИХ-ын гишүүн 2014 оны 11 дүгээр сарын 21 -нд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга : "Би Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ.

 

АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6 жил УИХ- д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна.

 

Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана…" хэмээж байсан юм.

 

П.Мандах

http://www.sonin.mn