6712d070-3ea8-4200-8b44-967cd436e34b

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авсан хэрэгт буруутган ажил дээрээс баривчилж хориод тав хонож байна. Тэрээр баригдсныхаа маргааш өөрөө огцрох хүсэлтээ гаргасан юм.

Тэрээр албан бичигтээ “Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгуйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” хэмээн бичсэн байлаа. Үүнээс харахад ямартай ч сейфэнд их хэмжээний мөнгө байсан нь үнэн болж таарлаа.


Г .Шийлэгдамба гэж хэн бэ

Тэрээр 1997 онд буюу анх МАХН-д элсчээ. Эдүгээ 19 дэх жилтэйгээ золгож буй юм. Г.Шийлэгдамба 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутагтаа элэгтэй, хүн сайтай гэж нутгийнхан нь ам сайтай аж. Тэрээр нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном бичсэн удаатай.

Тэрээр 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Энэ үед хамгийн олон зөвшөөрөл олгосон гэдэг. Нийтдээ 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосон нь үе, үеийн сайд нараас хамгийн олонд тооцогдоно гэж хэвлэлээр бичигдсэн байсан түүхтэй. Ямартай ч түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг ч хуулийнхан үүнийг нь шалгасан ч батлаагүй.

Сайдын ажлаа өгөөд тэрээр Австрали улсын “Melbourne” хот дахь “Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалсан. Харин эргээд ирэхэд нь анх элсэж байсан МАХН нь хоёр хуваагдсан байсан ч Н.Энхбаярыг дагасан хэрэг.

Г.Шийлэгдамба “Надад МАН-ын батлах ч байгаагүй. Энэ нь нэг талаас гадаадад сурч байсантай холбоотой байх. Тиймээс би МАН-д өөрийгөө албан ёсоор элсээгүй гэж үзэж байгаа. Ингээд 1997 онд анх элссэн намдаа 2012 онд Австрали улсаас ирээд гишүүнчлэлээ сэргээсэн үйл явц болсон юм.Түүнээс биш МАН-д элсэж ороод бас гараад МАХН-д орсон юм биш” гэдэг.

2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдөж байв. 2008 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Энэ сонгуулийн үеэр “Д.Лүндээжанцан 16 жил УИХ-д сонгогдлоо одоо болно. Бид залуу үе гарч ирэх цаг болсон” гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч Өвөрхангайчууд Лүндээг илүү үзсэн хэрэг.

Мөн 2012 оны сонгуульд МАХН-ыг төлөөлж нэр дэвшээд дахин өвдөг шороодсон юм. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалаас ажлаа хүлээн авч байлаа.


Ямар хэрэгт сэжиглэгдэн хоригдов

АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268 -д зааснаар шалгаж байгаа юм байна. Энэ нь тэгэхээр авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн үг юм. Жолоочтой хамт хорьсон анхаарал татаж байсан. Тэр шөнөдөө жолоочийг сулласан гэх. Мөн авлига өгсөн байж болзошгүй хэмээн өөрөөс нь арваад насаар дүү нэгэн компанийн захирлыг шалгаж эхэлсэн бололтой байна.

“Цахим эрүүл мэнд ” гэсэн төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулж байжээ. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан байна.

Энэхүү том төслийн эхний шат буюу Цахим эрүүл мэндийг суурь бааз бүрдүүлэхэхд HUAWEY компани хамтран ажиллахаар болж, Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болжээ.

Гэтэл материала ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхолын зөрчилтэй юу, авлигын асуудал байж болзошгүй хэмээн АТГ-ынхны овоо хараанд өртсөн гэх.

Х.Тэргэл

Эх сурвалж: TIMES.MN