Суурин дээрээ хий эргэсэн АН

Төсвийн тодотголоор ажилгүй болсон дэд сайд нар гэнэт халагдсаныхаа мөнгийг авч эхэлжээ. Гэхдээ хэчнээн хүнд хэдэн төгрөг олгосныг Сангийн сайд хэлэхийг хүссэнгүй.

Учир нь дэд сайд нарт зургаан сарын цалин олгосныг олон нийт шүүмжилж байгааг тэрбээр таалахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, дэд сайд нар ажилгүй болсныхоо мөнгийг авч, төр хүмүүсийг ажилгүй болгосныхоо тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж сайд үзэж байгаа юм билээ. Харин олон нийт үүнд арай өөр байр суурьтай байгаа. Энд хувь хүний асуудал ярихаас илүү Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан 10 дэд сайдыг ажилгүй болголоо гээд хэчнээн төгрөгийг төсвөөс хэмнэсэн бэ гэдэг нь л чухал. Тийм ч учраас эцсийн үр дүнг тооцоолсон масс дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагагүй байжээ гэх дүгнэлтэд хүрсэн. Арга ч үгүй, үнэндээ эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас энэ төсөвт хэмнэлт хийх шаардлагатай байна гэдэг үндсэн зорилгоор дэд сайд нарыг чөлөөлсөн. Гэтэл ийм зорилготой гаргасан шийдвэрийнх нь эцсийн үр дүн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхөөөргүй гарсан учраас эгдүүцэх хүн олон байгаа юм.

Гэхдээ үүний цаана УИХ хууль баталж, цаашид дэд сайдын орон тоог бүрэн мөсөн хассан нь сайн бөгөөд урт хугацаандаа буюу дараагийн Засгийн газрын үеэс жинхэнэ утгаараа хэмнэлт нь гарч эхэлнэ. Харин ойрын зорилт болсон сонгуулийн өмнөх жилийн төсөвт УИХ ямар хэмнэлт хийсэн бэ гэдэг асуулт хариултаа хайгаад байгаа юм. Энэ асуултын хариуг УИХ-ын тулгуур эдийн засагт Р.Амаржаргал гишүүн тооцож гаргахдаа “Засгийн газарт 0.00063, дэд сайд нарт 100 хувийн ашигтай шийдвэр” гэж дүгнэсэн. Энэ бол бодит байдал. МАН-аас сонгогдсон зургаан дэд сайдыг чөлөөлснөөс хойш орных нь хүнийг томилоогүй байсан гэж тооцвол Шийдлийн Засгийн газраас арван дэд сайд ажилгүй болсон бөгөөд тэд нэг туслах, жолоочийн хамт ажлаа өгсөн гэсэн үг. Дэд сайд нарын хувьд хамгийн багадаа 950 мянган төгрөг ихдээ хоёр сая төгрөгийн цалин авдаг байсан аж. Ингээд тооцоод үзвэл 40-өөд хүний л цалин, хангамж төсвөөс танагдсан гэсэн үг. Гэтэл дэд сайд нарт гэнэт ажилгүй болгосны мөнгө гэж зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгийг олгоод эхэлсэн нь хэмнэлт биш болоод хувирчихаж байна. Өөрөөр хэлбэл, дэд сайд нар ажлаа өгөхөд долоон сарын хугацаа үлдсэн байхад

Үнэндээ эдийн засагт хүндрэлтэй байгаа учраас энэ төсөвт хэмнэлт хийх шаардлагатай байна гэдэг үндсэн зорилгоор дэд сайд нарыг чөлөөлсөн. Гэтэл ийм зорилготой гаргасан шийдвэрийнх нь эцсийн үр дүн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхөөргүй гарсан учраас эгдүүцэх хүн олон байгаа юм...

зургаан сарынх нь цалинг бөөнд нь олгочихоор ганцхан сарын цалингийн хэмнэлт хийсэн гэсэн үг. Төр төсвөө хэмнэх биш хэдэн хүнийг эрхлүүлсэн ажил ч гэж үүнийг нэрлэх болохоор. Хэрвээ л ингэж тэтгэмж олгох байсан юм бол тэднийг халах ямар хэрэг байв Халсан байлаа гэхэд тэр олон сарынх нь мөнгийг нэг дор өгч, эрхлүүлэх ямар ч шаардлагагүй байлаа. Тэгээд ч эдийн засгийн хэмнэлт хийх үндсэн зорилго нь утгаа алдчихаж байгаа юм. Ингээд том зургаар нь харахаар дэд сайд нарыг чөлөөлсөн шийдвэр нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд ард түмнээс оноо авах гэсэн популизм байжээ гэхээс өөр юу гэх билээ. Түүнээс гадна ийнхүү дэд сайд нарт зургаан сарын цалин олгосон нь хуулийн хийдэл гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдвөл зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж заасны дагуу л тэдэнд цалинг нь нөхөн олгож байгаа. Харин дэд сайд төрийн албан хаагч мөн үү гэвэл үгүй. Тэд улс төрийн албан тушаалтан. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасанчлан орон тоо хасагдсан тохиолдолд цалинг нь нөхөн олгоно гэж заасан байдаг ч дэд сайд улс төрийн албан тушаалтан.

Бас Хөдөлмөрийн хуулиар аваад үзвэл тухайн ажилтны орон тоо хасагдсан бол нэг сар ба түүнээс дээш хугацааны цалинг төрийн жинхэнэ албан хаагчид дүйцүүлэн олгоно гэж заасан байна. Үүнээс аваад үзвэл дэд сайд төрийн жинхэнэ албан хаагч биш, тэгээд ч уг хуулийн заалтад нэг сар ба түүнээс дээших хугацааны гэж заасан болохоор төрийн албан хаагч гэж үзэн зургаан сар гэж тусгаагүй юм байна. Ингээд үзэхээр ажилгүй болсон дэд сайд нартаа тэтгэмжийн мөнгө олгож байгаа нь тухайн яамны, сайдын үзэмжийн асуудал болсон мэт дүр зураг харагдаж байгаа юм Харагдах байдлаараа ажилгүй болоод хоцорч байгаа, хөөрхий гэгдэх дэд сайд нар харин төрийн харалган шийдвэрийн дүнд гэртээ гэдсээ илж хэвтчихээд цалингаа авч байна гэсэн үг. Эцсийн дүндээ ийм нэг нүдээ олоогүй, үр дүнгүй шийдвэр нь АН- ын суурин дээрээ хий эргэсэн улс төрийн нэг хэлбэр гэж хэлэхээс өөр юу гэхэв. Тэртэй тэргүй 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш олныг бүрдүүлж, эрх барьж байгаа АН-ынхан түмэнд нэр, нүүргүй болсон учраас Сангийн сайдаа зүтгүүлсээр олны талархал хүлээсэн ганц шийдвэр гаргасан нь ийнхүү хий эргэсэн улс төр болж хувирав. Үнэндээ АН-ынхан эрх барьж байх хугацаандаа олонд хэрэгтэй ямар шийдвэр гаргав гээд харахаар энэ мэт эргэж хургасан, сонгуулиа бодсон, популизмаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай.



М.ӨНӨРЖАРГАЛ