Манай улсын гадаад өр 21 тэрбум ам.доллар хүрээд байна. Хэрвээ гадаад өр нэмэгдсээр байвал газар нутгаа алдах хэмжээний аюулд өртөх боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 182 хувьтай тэнцэж, нэг хүнд оногдох өр зээл 14 сая төгрөгт хүрсэн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцлон хэлсэн юм.

Монгол банкны санхүүжилт, захиалгаар Гадаад өрийн дарамт эдийн засагт учирч болох эрсдэлүүд бодлогын зөвлөмж нэртэй судалгааг хийжээ. Уг судалгаагаар манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших гадаад өрийг судалсан байна.

Манай улсын гадаад өр 21 тэрбум ам.доллар хүрээд байна

Өрийн өсөлт нь эдийн засгийн өсөгддөг боловч тодорхой хязгаар давсан тохиолдолд эдийн засагтаа эргээд дарамт болдог. Сүүлийн үед гаднын орнуудад гадаад өрийн хямрал үүсэх болсон. Энэ эрсдэл ч манай улсад үүсэх боломж бүрдээд байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад өрийн хэмжээ өссөн бөгөөд Төвбанкны гадаад өр нэлээн их хувийг эзэлж байгаа гэнэ. Төвбанк бол санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үүднээс гаднын зээл тусламжуудыг нэлээд авсан түүгээрээ арилжааны банкуудад хөрөнгө байршуулах замаар санхүүжилтийг нэмэгдүүлсэн байгаа. Төвбанкнаас илүүтэйгээр Хөгжлийн банкнаас гаргасан бондуудын эргэн төлөлт 2017, 2018, 2022, 2023 онд төсөвт нэлээн дарамт учруулах ажээ. Одоо бол төсвийн орлогын 6-7 хувийг өрийн төлбөрт төлж байгаа бол эдгээр онуудад 20-25 хувийг төлөхөөр байгаа юм. Дээрээс нь гадаад өрүүдийн эргэн төлөлт нь вальютаар хийгдэнэ. Тухайн үед ханш хэд байхаас төсөвт ирэх дарамт ч мөн нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн орлого зардлаасаа хэтэрч чадахгүй байгаа энэ үед нэмээд өрийн төлбөрт илүү их төлбөр төлөх нь төсөвт эрсдэл учруулдаг.

бондуудын эргэн төлөлт 2017, 2018, 2022, 2023 онд төсөвт нэлээн дарамт учруулах ажээ.

Манай улсын өрийн талаарх мэдээлэл албан ёсоор байдаггүй гэдгийг эдийн засагчид хэлж байсан юм. Грек, Аргентин зэрэг орнууд өрийн хямралд орсон үедээ гадаадаас өр авчихдаг ч эдийн засаг нь хүссэн хэмжээнд нь өсөхгүй тохиолдол дахиад зээл авдаг байна. Монгол Улс 2017, 2018 онд өрөө төлж чадахгүй бол дахин зээл, өр авбал одоогийн байгаагаас илүү их өндөр хүү төлөхийг гаднын байгууллагууд шаардах юм. Гаднын зарим улсууд өрөө төлж чадахгүй бол ямар нэг хөрөнгөө эзэмшүүлэх болдог. Жишээлбэл, Тажкистан улс газрын тосныхоо баялагыг БНХАУ-д 30 жил ашиглуулж гадаад өрөө төлөхөөр болсон байдаг. Манай улс ч гэсэн өрөө төлөхгүй удаад байвал газрын баялагаа тодорхой хугацаанд цаашлаад газар нутгаа өрөндөө өгөх боломж бүрдээд байна.

Иймээс одооноос бүсээ чангалах замаар нэмж өр зээл авалгүй гадаад өрөө төлөх нь газар нутгаа алдахаас сэргийлж чадах юм. Ялангуяа бондын санхүүжилтийн янз бүрийн нийгмийн салбарт биш эдийн засагт нэмэр болох салбарт оруулах нь зүйтэй юм.

Гаднын зарим улсууд өрөө төлж чадахгүй бол ямар нэг хөрөнгөө эзэмшүүлэх болдог.

Т.Буянаа