Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг Дорноговьчууд энэ өдрүүдэд нижгэр тэмдэглэж байна. Ноён хутагтын ойг таван жилийн хугацаатай тэмдэглэдэг уламжлалаараа энэ жил бүр ч өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тавдугаар ноён хутагтын мэлмий гийсний 210 жилийн ой тохиож буй өнөө жил Дорноговьчууд ноён хутагтынхаа есдүгээр дүрийг тодруулж, сэнтийд нь залаад удаагүй байгаа билээ. Баяр наадмын энэ өдрүүдэд Түвдийн Нинмава буюу манайхны нэрлэж заншснаар улааны ёсны  тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи болон Далай ламын Чойжин лам Найжүн нар хүрэлцэн ирж, есдүгээр Ноён хутагтын хамт  Дорноговийн ард иргэдэд Цэ ван буюу насны авшигийн номыг тус аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд хурж нийт сүсэгтэн олныг баясгалаа. Говийн Догшин ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвтэй уулзаж ярилцах завшаан тохиосон юм.

 

 

  • Тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жил тохиож, Дорноговьчууд дэлгэр сайхан наадаж байна. Дорноговьчуудын хувьд энэ жил нэгэн сайхан үйл болсон нь ноён хуагтынхаа есдүгээр дүрийг тодруулж сэнтийд нь заллаа. Таны хүүхэд ахуй наснаас яриагаа эхлье гэж бодож байна?
  • Хүний бага нас юунаас ч илүү сонин байдаг юм шиг ээ. Би Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. Эх эцгээсээ арвуулаа. Миний аавыг Б.Отгон-Амжилт гэдэг. Жирийн малчин хүн бий. 1994 онд 10 настайдаа Мандах сумын Өлгий хийдэд гавьж Жигмэд-Осор багшдаа шавь орж, анх га үсэг заалгаж, бурхан номын мөрд буцалтгүй орсон байна.   Хөдөөний хүүхдүүдийн адил хурга ишиг хариулж, ботго тором эргүүлж, морь унаж өссөн. Онц гойд хүнд гайхуулаад байхаар сонин содон зүйл миний бага насанд байхгүй.
  • Дунд сургуульдаа хаана суралцаж байв?
  • Намайг дунд сургуульд ордог жил хуучин монгол бичгээр цагаан толгой зааж байсан. Хичээлд сонирхолгүй, гэрээдээ гүйгээд байдаг хүүхэд байснаа санаж байна. 10 анги төгсөөгүй. Бурханы номонд л дуртай хүүхэд байсан. Дунд сургуулийнхаа хичээлийг орхиод Өлгий хийд рүү лам болно гээд явж байгаа 10 настай хүүгээ аав ээж хоёр маань хориогүй л юм. Олон хүүхэдтэй  аав ээж хоёрт минь хурга ишгэний араас гүйх хүүхэд дутаагүй болохоор намайг лам болох гээд явахад хориогүй байх гэж боддог.
  • 1994 он гэхээр өнөөдөр 19 жил болжээ. Энэ хугацаанд олон л замыг туулсан байх..?
  • 1998 онд Хамарын хийдэд ирсэн. Энд хуралд ном уншдаг байлаа. Дараа нь Зүүн хүрээ Дашчойлон хийдийн шашины сургуульд суралцсан. 2003 оноос Өмнөд Энэтхэгийн Брайвүн хийдийн Гоман дацанд бага Лувсан багшдаа шавьлж Лувсантүдэв гэж сахилын нэр хүртсэн. Эцэг эхийн минь хайрласан нэр бол Угтахбаяр. 2005 оноос Энэтхэг улсад Хамарын хийдээс суралцах хүүхдүүдийг ахлан Хойд Энэтхэгийн Драйдун хотын Бригүн Гаржүдийн ёсны хийдэд шавилан сууж байлаа. 2010 онд Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Бурхан Шашны Их сургуулийг дүүргэж, тэр цагаасаа хойш Хамарын хийддээ л хурал номын ажилтай байлаа даа. 
  • Ноён хутагт тодорч байгаа яриа манай говьчуудын дунд цагаан сарын үеэр амнаас ам дамжин сонсогдож байсан. Бүгд л ямар хүн байгаа бол гэж маш ихээр сонирхож байлаа?
  • Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Далай ламаас  есдүгээр дүрийн Ноён хутагтаар батламжлагдсан. 2013 оны 3 дугаар сарын 1 болон 7-ны өдөр Хойд Энэтхэгийн Найчүн Дияан хийд ба өмнөд Энэтхэгийн Брайвүн хийдийн Гоман дацанд тус тус сэнтийд залагдсан. Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Хамарын хийддээ сэнтийд залагдсан. Энэ үеэр далай багш өөрийн алдараасаа  Данзан хэмээх нэр хайрлаж миний нэр Данзанлувсантүдэв болсон доо.  
  • Ноён хутагт таныг удахгүй Энэтхэг улсыг зорих гэж байгаа гэж дууллаа. Тэнд хэр удах вэ.
  • Нэлээн удна. Таваас долоон жил болох байх. Сурах зүйл, эрдэм мэдлэгт шамдах хэрэгтэй байна. Гэхдээ жилдээ хоёр удаа ирнэ. Одоо тун удахгүй явна. Цагаан сарын үеэр л ирэх болов уу.
  • Огт ирэхгүй долоон жил болчих вий дээ гэж эмээлээ. Ирэхдээ Өвөр Хамарын хийддээ морилно биз дээ?
  • Тэгэлгүй яахав. Энд миний өргөө байгаа. Хамарын хийддээ байхаар нэг л сайхан болчихдог юм.
  • Анх хэдэн онд Хамарын хийдэд ирж байсан бэ?
  • 1996 онд 12 настай хүү хамгийн анх Хамрын хийдэд ирж байлаа. Яагаад ч юм Хамарын хийд орно гэж бодохоор нэг л их сайхан санагдаад байснаа санаж байна. Яараад л догдлоод байсан юм уу даа.
  • Тэр үеийн сэтгэгдлээ одоо санаж байна уу?
  • Манай Өлгий хийд чинь их гоё байгальтай шүү дээ. Дээрээс 1000 хуврагатай том хийд байсан болоод ч тэр үү, асар олон шавар дагз балгасуудтай. Гэтэл хамрын хийд маань хэдэн ухаа толгодын дунд нэг дуган, хэдэн гэр л байсныг санаж байна. Нэг ёсондоо тэр үед Өлгий хийд маань олон хөлийн газар байсан гэх үү дээ. Гэхдээ л энэ газарт би татагдаж 1998 онд албан ёсоор ирж хурал номдоо шамдсан даа.
  • Өнөөдөр Дорноговьд Түвдийн улааны шашны тэргүүн лам Даглүн Зэбрүл Ринбүчи болон Найжүн Чойжин нар хүрэлцэн ирсэн байна.  Өчигдөр Цэнгэлдэх хүрээлэнд ном хурлаа. Харин маргааш Хамарын хийдэд бас нэг чухал ажилтай гэх юм?
  • Нинмава ёсны тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи гуай Монголд анх удаа ирж байна. Энэ хүн өнөө жил нас сүүдэр 88 хүрч байна. Далай багшийн айлдвараар ирсэн. Найжүн Чойжин гэдэг хүн бол Далай багшийн сахиусны лам. Энэ хүн бол өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирсэн. Өчигдөр Цэнгэлдэх хүрээлэнд Цэ ван буюу насны авшигийн номыг хурлаа. Энэ ном бол нас буян уртсахын утга учиртай маш том ном байгаа юм. Харин маргааш буюу 29-ны өдөр Хамарын хийдийн Цогчин дуганы их шүтээнийг аравнайлах ёслол болно. Энэхүү ёслолд Энэтхэг, Түвдийн орноос ирсэн гийчэд ч бас оролцоно. Өнөө жил дэлгэр сайхан зун болж, бид тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хүн бол дэлхийд алдартай соён гэгээрүүлэгч хүн байжээ. Хийсэн бүтээснийг нь бид судалж, дахин сэргээж, ном зохиолыг нь уншиж өдийн хүрсэн юм шүү.  Дорноговьчууд маань дэлгэр сайхан наадаж байна даа. 
  • Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Буян номын үйлс тань өнөд дэлгэрэх болтугай.

 

Б.Чулуунцэцэг