“Чингис” бондын мөнгийг шамшигдуулсан гол буруутнаар зарлагдан намынхаа нөхөр Э.Бат-Үүлийн шүүмжлэлийн бороохойгоор чамгүй “балбуулан”, сүр сүлд нь үхэж, УИХ-ын хуралдаан дээр согтуу орж ирж нэг үзэгдсэнээсээ хойш дуу нь ч гарахаа байсан Н.Батбаяр гэгч нөхөр гэнэтхэн л зодуулсан гахай шиг дуу нь хадаж Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр улайран зүтгэж эхлэв.

 

Яг л хэн нэгэн “Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэж чадахгүй бол чамайг шорон руу чинь илгээнэ шүү!” гэж заналхийлсэн юм шиг. Яагаад гэнэтхэн энэ этгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөнд “санаа тавих” болов гэсэн зүй ёсны эргэлзээ, хар сэжиг төрнө.

 

Эндээс Үндсэн хуульд оруулахыг хүсээд байгаа тэр заалтууд хэнд хэрэгтэй болов оо? гэсэн асуулт гарч ирнэ.

Үүний тулд эхлээд оруулахаар санаархаж буй өөрчлөлтүүдийг нэг нэгээр нь авч үзье.

 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодгийг болиулж УИХ, хэдэн аймгийн дарга нартай хамт сонгодог болох гэнэ. Ийм өөрчлөлтийг хэн сонирхож болох вэ?!

 

Мэдээж ард олны итгэлийг алдсан, дахин сонгогдох эрх одоогийн Үндсэн хуулиар хязгаарлагдсан, ямар ч хамаагүй аргаар Ерөнхийлөгчийн суудалд суучихаад зугаалж байх хүсэлтэй тийм хүн л энэ өөрчлөлтийг хүснэ. Тэр нь хэн байж болохыг уншигч та мэдэж байгаа.

 

Бас ээлжлээд Ерөнхийлөгч болж болох юм байна гэсэн мөрөөдөл сэтгэлд нь улалзах, эрх баригч намуудынхан хүсэж сонирхоно. Зарим уншигч энэ арай хэтрүүлж байна гэж бодож магадгүй. Энэ бол хэтрүүлэг биш. Болвол бүгдээрээ сайд болчих гэж зүтгэдэг манай энэ намуудынхны бодол жижигхэн шүү дээ! Ерөнхийлөгч гэдэг хэн ч хийчих амархан сайхан ажил л санагдаж байгаа. Өнөөгийн ерөнхийлөгч маань ч тийм бодлыг олон нийтийн ухамсарт суулгачихлаа.

 

Эдгээрээс гадна уг өөрчлөлтийг хамгийн их хүсэж шаардах этгээд бас бий. Тэр бол гадныхан. Гал тогооных нь өрөөнд дуудагдаж очоод үүрэг даалгавар аваад гарсан хүнийг нэгэн дуугаар Ерөнхий сайдаар томилдог “дуулгавартай” эрх баригч намуудын явцуу хүрээлэлд л Ерөнхийлөгчөө “сонгодог” болгохгүй бол, Капла мэтийг суллаад явуулчихдаг Ерөнхийлөгч нийт ард түмнээс дахиад сонгогдох магадлал тун бага. Тийм учраас энэ өөрчлөлт тэдэнд туйлын чухал.

 

2. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэн нэг УИХ-ын гишүүн огцруулна гэж айлгадаггүй болгох өөрчлөлт хийх гэнэ.

 

Энэ өөрчлөлтийг сонирхох эхний хүн одоогийн Ерөнхий сайд. Монголын баялгийг гадныханд бэлэглэх, улс үндэсний эрх ашигт хор хохиролтой гэрээ байгуулах гэсэн үйлдлийг нь таслан зогсоох гэсэн УИХ-ын гишүүдийн хяналт тавих, хариуцлага тооцох эрхийг үгүй хийж, дураараа дургих гэсэн санаархлын илрэл гэхээс өөрөөр үүнийг ойлгох аргагүй.

 

Үүнийгээ тэгээд Ерөнхий сайдыг тал талаас нь шахаад үгэнд нь ордоггүй сайдуудыг УИХ дахь фракц бүлгүүдээс нь, бусад намуудаас нь шахаж оруулаад ажил хийлгэхгүй болгодог гэх мэт баахан зовлонг ярьцгааж байна. Гэтэл энэ “зовлон” нь намуудын гай гамшиг болохоос бус Үндсэн хуулийн заалтаас болсон хэрэг биш юм. Тэр тусмаа Ерөнхий сайдаа барьцаалж өөрсдийн хүнээ сайдад зүтгүүлдэг өнөөгийн муу зуршлаа, Намын тухай, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуулиуддаа өөрчлөлт засвар оруулж шийдввэрлэхээс бус Үндсэн хуульд өөрчлөлт оруулж шийдэх боломжгүй юм.

 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр зөвхөн хариуцлага хүлээлгэх боломжгүй болгож л болно.

 

Ийм өөрчлөлтийг бас гадныхан ч хүсэж байгаа. Бусдын баялгийг цөлмөн хоослохын тулд хэн ч тэдэнд саад болохгүй байхыг л тэд хүснэ. Түүнд нь Үндсэн хуульд оруулах энэ өөрчлөлт хэрэгтэй.

 

3. УИХ-ын хугацааг 5 жил болгох гэнэ. 4. УИХ-ын гишүүний тоог 99 болгох гэнэ.

 

УИХ гэдэг уг нь Төрийн бүтэц. УИХ-ын гишүүд гэдэг Төрийн албанд ажиллагсад. Гэтэл төрийн хууль ёс, сахилга дэг журам хамгийн үлгэр жишээ бат чанд байх ёстой тэр байгууллагыг дуртай нь ирдэг, дургүй нь явдаг, наймаачид цугласан хар зах шиг болгож хаячихаад одоо бас хугацаа нь бага хүн нь цөөдөөд байна гэнэ дээ. Дураар дургих хугацаагаа уртасгаж, дунд чөмгөөрөө жиргэгсдийнхээ тоог нэмэх гэсэн юм биз дээ. Дэндүү даврах нь ээ!

 

Энэ мэтээр өөрчлөлт оруулахаар сэдсэн заалт болгоныг ярьвал цаг цаас үрж, эгдүүцэл улам дэврэхээс өөр гялайх юм даанч алга.

Тэгээд бас бид иргэдээсээ асуух гэж байна ч гэх шиг, гааж бачтай орилж хашгачих нь зэвүү хүрмээр. Хэзээ та нар иргэдийнхээ саналыг сонсдог болчихоо вэ?! Ингэж яриад мэхэлчихнэ, луйвардчихна гэж бодсон юм байх даа!

 

Үнэхээр Үндсэн хуулийг өөрчилж, Төр засгийн тогтолцооны гажуудлыг арилгая гэж бодож байгаа бол УИХ тарж, Үндсэн хуулийг өөрчлөх нийт ард түмний төлөөллийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийг даруйхан зарлачих. Түүнээс биш та нар шиг улс орноо тоногчид Үндсэн хуулийг сайжруулах өөрчлөлтийг хийх чадваргүй гэдгийг өмнөх “дордохын долоон өөрчлөлт” чинь батлана.

 

О.Лхагвадорж

http://www.sonin.mn