Хүн болох гэж эхийнхээ хэвлийд бүрдэж байгаа ургийг тамлан хороох нь үр хөндөлт буюу аборт юм.  Өнөөдөр дэлхийн хэмжээнд 10 хүсээгүй жирэмслэлтийн дөрөв нь үр хөндөлтөөр төгсдөг бол  нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндүүлдэг гэсэн тоо байна. Манай улсын 15-44 насны 100 эмэгтэй тутмын хоёр нь үр хөндөлт хийлгэдэг. Эдгээрээс 48 хувь нь өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлт нэмэгдэж өнгөрсөн жилд 3000 гаруй охин амьдралаа аймшигтайгаар толботуулсан байх юм.  Цөөн хүн амтай манай улсын хувьд энэ нь их тоо. АНУ-д л гэхэд 2012 онд  хүсээгүй 1.06 сая жирэмсэлт байснаас  873 мянга нь үр хөндүүлжээ. Өсвөр насны охидын 34.1 хувь үр хөндүүлдэг ажээ.

 

 

Аборт яагаад буурахгүй байна вэ?

Социалист нийгмийн үед абортыг хийхдээ эмч нар зөвшөөрлын бичгээр л үр хөндөлтийг хийдэг. Харин өнөөдөр үр хөндөлтийг эмэгтэйчүүдийн улсын болон хувийн эмнэлэгт хийдэг болжээ. Хууль ёсны аллагыг өнөөдөр 13 эмнэлэгт үйлдэж байгаа. Харин хувийн эмнэлэгүүд аллага үйлдэх эрхээ авалгүй нууцаар  аборт хийж  байгаа.   Энэ нь орлогынх нь эх үүсвэр болохоор арга ч үгүй биз. Охид, бүсгүйчүүд нь хүртэл аваад өгөөч гээд гуйгаад ороод ирж байгаа юм.  Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг л...

 Ийм байхад аборт гээч харгислал яаж ч буурах билээ.

 

Аборт хийлгэхийг хэрхэн багасгах вэ?

 

Эмэгтэйчүүдийн хувьд өнөөдрийн байдал хүнд, эцэггүй хүүхэд гаргамааргүй байна хэмээн өөрийгөө зөвтгөдөг.  Цөөн тохиолдолд өвчний улмаас хүүхдээ авхуулж байгаа.  Яг үнэндээ бол эмэгтэйчүүд өөрсдийнхөө болгоомжгүй байдал, эрчүүдийн хариуцлагагүй зангаас болж л амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээ, утга учир болсон үрээ хороодог. Тэгвэл энэхүү харгислалыг бууруулах хэд хэдэн арга байна.  

  1. Эмэгтэйчүүдийн биш охидын эмнэлэгүүдийг олноор нээх.  Өнөөдөр эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж байдгаас охидын эмнэлэг гэж зөвлөгөө өгөх эмнэлэг манай улсад байдаггүй.  Цөөн тооны эмэгтэйчүүдийн эмнэлэг л охидын эмнэлэгийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Охидын эмнэлгийг байгуулснаар хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх,  ядаж л бэлгийн харьцаанд хэдэн настайдаа орох, хувийн ариун цэвэр талаас хэрхэн анхаарах хэрэгтэйг  зөвлөөд өгнө.  Охидын хувьд ийм зүйлийг ээж, эгч нараасаа асуугаад байх нь  ховор. Харин охидын эмнэлэгээс зөвлөгөө авсан тохиолдолд алдаж, эндэх нь багасах болно.   
  2. Үр хөндөлт хийж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх эмнэлэг аборт хийхээс өмнө хүүхдийнх зүрхны цохилтыг  ээжид нь харуулах.  Ямар ч эх хүн хэвлий дэхь үрийнхээ зүрхний цохилтыг хараад ална гэсэн бодлоосоо татгалзах учиртай.  Өөрөөр хэлбэл энэ бол өөрийгөө хамгаалах чадваргүй  нялх үрийг алж болохгүй шүү гэдгийг  ухамсарт нь ойлгуулах гэсэн нэг арга юм.
  3. Эрчүүд  хариуцлагатай хандах. Нэг ч бай нилээн хэдэн удаагийн хавьтал ч бай өөрийг нь дуурайсан, удам угсааг нь үргэлжлүүлэх, бяцхан үрийг алахыг биш харин төрөхийг нь хүлээх ухамсар, хариуцлагатай болох. Үүний тулд аборт хйиж байгаа эмч нар  хэвлий дэхь үрийн эцэг, эхийг хамт байлгаж  хүний амь хороож байгааг нь  ойлгуулах хэрэгтэй.
  4. Төрөлтийг дэмжиж бодлогыг төгөлдөршүүлж даатгалын хуулийг боловсоронгуй болгох.  Энэ зарчмаар  АНУ-д хууль бус төрөлтийг бууруулах боломжтой гэж үзэж, арга хэмжээ авч эхлээд байгаа.  
  5. Өөрт тохирсон жирэмснээс хамгаалах арга, зөвлөгөөг өнөөдөр бүх өрхийн эмнэлэг үнэгүй өгч байгаа. Үнэгүй шүү.   Бэлгэвч үнэгүй тарааж, спираль үнэгүй тавьж, жирэмслэлтээс хамгаалах тариаг хүртэл үнэгүй хийж байгаа.  Энэхүү үнэгүй арга хэмжээнд хамрагдахад ядаж л өөрийнхөө биеийг зовоож, бүхэл бүтэн хүний амийг хөнөөх эрсдэлд оруулахгүй болчихож байгаа юм.  

Тэгэхээр аборт хийлгэж байнаа гэдэг үндсэндээ хариуцлагагүй, ухамсаргүй хүний хийж байгаа үйлдэл болчихож байгаа юм.  Хүнд хүн илүүддэггүй юм гэдгийг  хөгшид хэлсээр байгаа.  

 

Абортод орсон эмэгтэйчүүдийн хувьд дахин жирэмсэлэхэд хүндрэл гарахаас гадна төрөхөд хүртэл хүндрэлтэй байдаг ажээ.  Муухайгаар хэлбэл хүүхдийн заяаг гомдоосон болохоор дахин хүүхэд төрөх эсэхээ өөрөө шийднэ гэсэн үг.

 

Үр хөндөлт хийлгэснээр:

·         Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах

·         Умай савны агшилт сул, шавхрага хурах

·         Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох

·         Үргүйдэл үүсэх

·         Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох

·         Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байх болно.

Үр хөндөлтийг бүр хоригло гэсэнгүй. Гэмт хэргийн золиос болсон,  эх ургийн амь нас эрүүл мэндэд аюултай тохиолдлуудад хийж болноо.  Харин жирэмслэлтээс хамгаалах нэг биш нилээн боломж байсаар байтал хэрэглэлгүйгээр өөрийгөө болон нялх үрийнхээ амьдралыг битгий эрсдэлд оруул.

Хүү төрж хүч нэмэх, охин төрж хөл хучиж,  амьдарлын утга учир болох хүүхдээ алах гэж яараад яахав. Дахиад нэг бодож үзээрэй. Эхийн хэвлийд бүрэлдсэн ураг бүр эсэн мэнд төрөөж, амьдралд гэрэл, өнгө нэмэх болтугай.

Т.Энгүүн