Жүжигчин Н.Төмөрбат нас баржээ
2015/11/28
“Долоон бурхан харвадаггүй”, “Хүдэн”, “Тайга”, “Төмөр нар” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат зуурдаар таалал төгсчээ. Тэрбээр БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жамбын Батмөнхийн тухай баримтат уран сайхны кинонд гол дүр бүтээж байсан юм. Харамсалтай нь киноны зураг авалтыг дуусгаж чадалгүй Н.Төмөрбат уржигдар зуурдаар нас барсан байна.
Насангийн Төмөрбат нь 1965 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд Насангын отгон хүү болон мэндэлсэн. 1973 – 1983 онд ЕБС, 1983-1987 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1987-1994 он хүртэл Ховд аймгийн ХЖТеатрт жүжигчин, 1994-1999 онд Баян-Өлгий аймгийн Монгол театрт жүжигчин, 2000 оноос Дархан-Уул аймгийн Залуучууд театрт жүжигчнээр тус тус ажиллаж байлаа. Тэрээр Монголын урлагт 28 жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээн 10 гаруй жүжиг найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлэлт хүртэж байсан. Насангийн Төмөрбат нь Монголын Кино урлагт “Долоон бурхан харвадаггүй” киноны Данзан, “Улаан эрэг” ОАУСКиноны Ли овогт, “Босго тотго” ОАУСК-ны Чулуун, “Улаан дөрвөлжин” УСКиноны Пүрэв, “Тайга” УСКиноны Хөвчис зэрэг 10 гаруй киноны дүрүүдээр ард түмний танил болсон жүжигчин билээ. Талийгаач маань таалал төгсөх хүртлээ кино урлагтаа зүтгэж “Бүү март” түүхэн УСКинонд Жамбын Батмөнх агсаны дүрийг бүтээж байсан чадварлаг уран бүтээлч байлаа.
Түүний нөр их хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг 2008, “Алтан гадас” 2013 тус тус шагнагдсан юм.
Түүний гэр бүл төрөл төрөгсөд, хамт олонд эмгэнэл илэрхийлье.
Зочин · 2015/11/28
ter door #nice# gej bichsen nohriig shalgamaar yum bna daa.
Зочин · 2015/11/28
nice
Зочин · 2015/11/28
taivan noisdooo