-ХЭРЭГ ЯВДАЛ БОЛСНЫ ДАРАА БИДНИЙ НЭГИЙГ НЬ Ч ДУУДАЖ ХУУЛИЙНХАН ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ. ҮҮНД НЬ ГАЙХДАГ-

С. Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн саяхан Б.Булганыг дахин баривчилсан билээ. Энэ талаар хуулийн байгууллагынхан тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд ЦЕГ-ынханБ.Булганыг баривчилсан нь үнэн.

Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүйгэсэн юм. Харин олон нийт С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гэнэт яагаад нийгмийн анхаарлын төвдорох болов. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой юм биш бизгэж хардаж буй нь нууц биш юм. Нөгөө талаар С.Зориг бусдын гарт амиаалдах үед хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг баривчилсан ньхуулийнхан баталгаатай эд мөрийн баримт олсных Гэвч хуулийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт нотолгоо гаргаж, мэдээлэл өгччадахгүй байгаа нь Б.Булганыг хэсэг хугацаанд хорьж байгаадБуруугүй нь тогтоогдлоогээд суллавал яах вэ. Хуулийн байгууллагынхан тэгж мэдэх л улс гэж харж ч байна. Хэргийн эргэн тойронд ямар ч мэдээлэл байхгүйбайгаа учраас бид Б.Булгантай ойр нөхөрлөж явсан хүмүүстэй энэ тухай ярилцаж, уншигч танд хүргэхийг хичээж байгаа билээ. Тэдний нэг нь УИХ-ынгишүүн асан Р.Нарангэрэл юм. Түүний ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булгантай ойр байдаг хүмүүсийн нэг гэж таныгсонслоо. Түүнтэй хэдэн онд танилцаж байв. Энэ дурсамжаас хоёулааяриагаа эхлэх үү?

-1996 оны өвөл шиг санагдаж байна. Санаа нийлдэг, хоорондоо нөхөрлөдөг найзууд Хандгайт явсан юм. Бид цанын баазад очсон. Тэгэхэд анх С. Зориг агсан Б.Булганыг авчирч бидэнд албан ёсоор танилцуулж байлаа. Тэр үед л Б.Булганыг харж байсан юм. Бид С. Зориг ямар хүнтэй хамт амьдарч байгаа юм бол. Тэр нь ямархуу хүн бол гэж битүүхэн харж, хүлээдэг байсан.

-Сүүлийн жилүүдэд та Б.Булгантай хэр их холбоотой байв?

-С.Зориг агсныг амиа алдсаны дараа Б.Булгантай илүү дотно нөхөрлөх болсон гэж хэлж болно. Хааяа уулзалддаг, юм ярина. Б.Булган чинь өөрөө их гоё хүн. Их нийтэч, хүмүүстэй зөв харилцдаг байсан. Бас ажилсаг, зүгээр сууна гэж байдаггүй. Тухайлбал, зун хөдөө гадаа явахад хоол унд хийгээд тэнд байгаа бүх хүнд үйлчилж, дайлдаг байсан. Бид байнга уулзах нь ч юу юм. Үе үе уулздаг байсан. С. Зоригийг амь үрэгдсэний дараа бид Б.Булганыг дэмжиж гэрт нь очиж илүү сайн таньдаг болсон. С. Зоригтой нөхөрлөж явсан найз нөхөд нь ээлж ээлжээр гэрт нь очиж Б.Булганд хань болох гэж хонодог байлаа. Б.Булганд сэтгэл санааны дэм өгөхийн тулд ээлжээр очдог байсан юм. Хоёр сар орчим бид ээлжээр очиж Б.Булганд хань болж байсан санагдаж байна. С. Зориг бусдын гарт амиа алдсаны дараа Б.Булган их хүнд байдалд байсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай явсан.

-Түүнийг саяхан дахин баривчиллаа. Та уулзав уу, яагаад баривчлагдчихав гэж асууж сурав уу?

-Б.Булганыг баривчлагдаад дөрөв хоносны дараа энэ тухай хэвлэлээс мэдсэн. Түүнийг баривчлагдсаныг сонсоод яаж уулзах вэ. Хэнтэй холбоо барих вэ гэж их бодсон. Үнэндээ надад энэ талаар асуучих барьцтай хүн олдоогүй. Тийм болохоор С.Зориг агсны ажил явдал болох үеэр Б.Булганы ээжийнд очиж байснаа санасан. Эрж хайж байгаад олж очсон. Ээжтэй нь уулзлаа.Тэдэнд ямар ч мэдээлэл алга байна.

-Ээж нь юу гэж байх юм?

-Ээж нь настай хүн учир хамаагүй юм ярихгүй байна. Ар гэр, ах дүү хамаатан садан муутай, түүний араас хөөцөлдөх хүн байхгүй байна уу даа гэж би бодсон. Б.Булган ээж дээрээ очиж, өдөр болгон хоолыг нь хийж өгч асардаг байсан. Ээж нь 80 гарсан сайхан хөгшин байдаг. Эмч мэргэжилтэй шиг санагдаж байна. Аав нь их эрт өнгөрсөн. Намын дээдэд олон жил багшилсан их сайхан хүн байсан юм. Б.Булган нэг эрэгтэй дүүтэй. Тэр нь л Б.Булганы араас санаа тавьж байгаа байх. Өмгөөлөгч авахаар хөөцөлдөөд явж байгаа бололтой юм билээ.

-С. Зориг агсныг амиа алдсан явдлыг та хэрхэн сонсож байв?

-1998 оны аравдугаар сарын 1-ний орой Гачууртад нэг сургалт болсон юм. Би тэнд хичээл заахаар очсон байв. Маргааш нь үүрээр С. Зориг бусдын гарт амиа алдчихжээ гэсэн мэдээллийг сонсоод хот руу буцсан. Тэгж л анх мэдсэн. Бид цуглаад Б.Булганы ээжийнд очсон. Хэрэг гарсны дараа Б.Булган ээжийндээ байсан юм.

-Тэд ямарх уу амьдралтай хүмүүс байсан бэ?

-С. Зориг, Б.Булган хоёр их даруухан, энгийн амьдардаг байсан. Янз бүрийн тансаг хэрэглээ байхгүй, тийм л амьдардаг байсан. Тухайн үед хэвлэлүүд ч бичиж байсан юм. Гэрийг нь нэгжэхэд 20-30 мянган төгрөг гарч ирсэн гэдэг. Тэд ямар нэгэн эдийн шуналгүй хүмүүс.

-С.Зориг агсан яагаад Б.Булгантай хамт амьдрах болсон юм бол. Б.Булганыгих халамжтай байсан гэдэг?

-Б.Булган үнэхээрийн их халамжтай. Зан араншин нь С. Зоригийн баримталдаг ерөнхий зарчмуудтай их төстэй гэх юм уу даа. Би бол тэгж л бодсон. Хоёр биентэйгээ сайн ойлголцож чаддаг байсан байх. Эхнэр хүн нөхрийгөө яаж халамжилж, хайрлах ёстой, хэрхэн хандаж харилцаж байх ёстой вэ гэдгийн сонгодог хувилбар нь Б.Булган байсан байх.

-Та тухайн үед С.Зоригтой нөхөрлөж байсан гэж ярьсан. УИХ-д хамтсонгогдсон гишүүд гэдэг утгаараа юу эсвэл улс төрийн үзэл баримтлал нэгбайсан учир нөхөрлөдөг байсан юм уу?

-УИХ-д С. Зоригийн фракц гэж байсан. Энэ фракцид би ордог байсан юм. Тэгэхээр бид улс төрийн болон өөрсдийн үзэл баримтлалд тулгуурлан нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно.

-Нэг фракцийнхан байсан юм чинь түүнийг бусдын гарт амиа алдсан явдлыг тухайн үед юу гэж үзэж, харж байв?

-Хэргийн талаар би ёстой мэдэхгүй, мэдэх юм алга. Ямар ч ойлголт байгаагүй. Хачирхаж гайхаад, шоконд орсон байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг энэ олон жил болоход илрээгүй нь хэргийг гүйцэтгэсэн хүмүүс нь амьд биш байх гэж боддог. Сая Б.Булганыг баривчлахаас өмнө хоёр хүнийг баривчилсан гэж хэвлэлд мэдээлсэн байсан. Тэднийг ямар нотлох баримтаар тогтоож байна вэ гэдэг сонирхолтой байна. Нөгөө талаас Б.Булганыг найзын эхнэр гэж мэддэг, ханддаг учраас үнэн бодитой зүйл дээр хуулийнхан хөдөлсөн байгаасай л гэж бодож байна. Түүнээс С.Зоригийн хэргийг илрүүлж байна гээд буруугүй хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэж бас эмзэглэж, айж байна. Манай Монгол Улс чинь хууль, эрх зүйт ардчилсан орон. Хүний эрхийг дээдэлдэг. Гэмт хэрэгт холбогдолгүй, буруугүй хүнийг шийтгэж алдаа гаргах эрхгүй. Тийм учраас энэ хэрэгт яагаад Б.Булганыг дахин холбогдуулан хорив. Энэ хэргийг илрүүлэхээр ямар хүмүүс ажиллаж байгаа юм бол. Тэр хүмүүс нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу, бодитой нотлогдсон баримттай шалгаасай, бусдыг битгий хохироогоосой гэж бодож байгаа.

-Нэг фракцид байсан юм чинь аллага болсны дараа хамтраад энэ хэрэгтямар нэгэн арга хэмжээ авахыг, хөндлөнгийн хяналт тавихыг оролдож байвуу?

-Тухайн үед хуулийн байгууллагынхан нь яаж ажилласан юм. Бид мэдэхгүй. С. Зориг бусдын гарт амиа алдсан явдал нь санаанд багтамгүй, хүлээн зөвшөөрөхөд бэрх байв.Талбай дээр гашуудлын цуглаан болоход найз нөхдийг нь төлөөлж би үг хэлсэн. Хэрэг явдал болсны дараа бид хэдийн нэгийг нь ч дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй. Бид ойр дотнын найзууд нь байсан. Тэгэхэд биднээс юу ч асууж сураглаагүй шүү дээ. Үүнд нь гайхаж л байсан. Хуулийн байгууллага нь өөрсдөө мэдээд ажлаа хийж байгаа юм байх л гэж бодсон. Хуулийнхан үнэн мөнийг тогтооно биз гээд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

-Хэрэг илрээгүй болохоор олон нийт олон л таамаг хэлдэг. Нэг фракцийнхнь хүмүүст өөр таамаг байсан байж мэдэх?

-Хүмүүс юу гэж ярих нь сонин биш шүү дээ. Хүн болгон л янз бүрийн зүйл ярьдаг. Дэл сул яриаг би тоодоггүй. Хамгийн гол нь нотолгоо баталгаатай байх нь чухал. Ийм ул мөр байна,ийм нотолгоо байна гэвэл түүнд нь итгэхээс биш “Өө тэнд тэгж байна. Тэр тэгж хэллээ” гэдэг бол чухал биш.

-Тухайлбал, түүний амь насыг бүрэлгээгүй бол Ерөнхий сайд болох гэж байсан гэж их ярьдаг?

-Тийм, амиа алддаг өдөр УИХ-ын чуулганы хуралдаантай байсан юм. Өмнө нь Ерөнхий сайд болох хүний нэрийг зургаан удаа оруулсан. Ерөнхийлөгч Н.Багабанди зургаан удаа татгалзсан хариу өгсөн. Тэгээд дараагийн хүн хэн болох вэ гэсэн таамаг явж байхад “С. Зориг болно” гэсэн уур амьсгал давамгайлж байсан. Тэр үед өөр хувилбар ч байгаагүй юм. Чуулган тав дахь өдрийн 16 цагт дуусаж, залгуулаад “сайд нарын цаг” гэж болдог. Тэр өдрийг би сайн санаж байна. Тэгээд л ордноос гарахдаа бид чинь бие биедээ “За чи хаачих вэ, Би тийшээ явлаа” гээд байнга ярилцдаг байлаа. Бид чинь онцын ажилгүй бол амралтаа хамт өнгөрөөдөг байсан юм. Тухайн үед Шадар сайд асан Пүрэвдорж гуай өнгөрчихсөн, оршуулгын ажлын хэсгийн ахлагч нь С.Зориг байсан юм. С.Зориг тийшээ очих ажилтай байсан юм. Гэтэл С.Зориг шатар тоглоод өрөөндөө үлдсэн. Би тэр орой сургалт хийхээр Гачуурт явсан. Дараа нь сонсоход С. Зориг тэндээсээ гарч яваад оршуулгын ажлын хэсэг дээр очоод дараа нь гэртээ харихад нь л тийм зүйл болсон юм билээ.

-Ер нь талийгаач ардчиллынхнаас хэнтэй нь илүү нөхөрлөж байсан юм бэ?

-С.Зориг бол хэнтэй ч мууддаггүй. Маш ухаалаг, сайхан хүн байсан. Сөрөг намынхан нь ч С.Зоригтой сайн харилцаатай байсан. Бүх хүмүүстэй сайхан харилцана. Бусадтай эвгүй харилцдаггүй байсан. Тухайлбал, хоёр намынхан эсрэг тэсрэг байр сууринаасаа болж хоорондоо зөрчилдөж, нэг нэгтэйгээ дугарахгүй үе байдаг. Одоо ч тийм байдал УИХ-ын гишүүд дунд байгаа харагддаг. С. Зориг бол тийм биш. Бүгдээрэнтэй нь тэгш зөв харилцдаг байсан.

-Та ямар нэгэн байдлаар Б.Булгантай уулзах хүсэлтийг хуулийн байгууллагад тавьсан уу?

-Ээжээс нь асуухад хуулийнхан гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэсэн. Юу болох нь вэ гээд хүлээгээд л сууж байна.

-Б.Булгантай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Өнгөрдөг зун манай зуслан дээр ирсэн.

-Уулзахад ямархуу байсан. Юу гэж ярьж байна?

-Урьдын Б.Булган байдгаараа л байсан. Зусланд амрахаар очсон хүн ямар байх вэ дээ.

-Б.Булган сүүлийн үед ямар ажил хийж байсан юм бол?

-Ямар нэгэн ажил хийдэггүй байсан.Тэтгэвэр саяхнаас авдаг болсон.

-Тантай сүүлд уулзсан уулзалт ямар болов. Сэтгэл санааны хувьд ямар байсан юм бол ?

-Би мэддэгээ ярилаа. Чамд өөр ямар сенсаци хэрэгтэй байна. Юу хүсээд байгаа юм бэ.

-Уучлаарай, сэтгүүлч хүн болохоор таныг надад ярьснаасаа илүүг мэдэж байгаа байх гэж бодоод баахан асуулт тавьчихав уу?

-Сэтгүүлч хүний ажил хэцүү гэдгийг ойлгож байна. Болж буй явдлын араас хөөгөөд үнэн мөнийг олох гээд явж байгаа нь сайн хэрэг. Та нарт талархаж байна, гэхдээ би мэдэх зүйлээ л хэллээ.

-Талийгаачийн үхэлтэй холбогдуулан олон л таамаг байдаг. Нэг шалтгаан нь Эгийн голын усан цахилгаан станц гэж ярих юм билээ?

-Би огт сонсож байгаагүй юм байна.

-Тэгвэл та энэ хэргийн талаарх өөрийн бодлоо хэлж болох уу.Танд ямар нэгэн таамаг бас байдаг л байлгүй?

-17 жил би гайхаад л сууж байна. Тийм сайхан хүний амийг хөнөөх хэрэг хэнд ашигтай байсан юм бол. Энэ бол улс төрийн зорилготой хэрэг гэж боддог. Ардчилсан холбоо эвсэл засаг барьж байсан үед энэ эвслийн нэр хүндийг унагаах гэж хайртай удирдагчийг нь алсан байх гэж боддог. Дараа нь эвслийнхнийг С.Зоригийн амь насыг өөрсдөө хөнөөсөн байх гэдэг зүйл их явсан шүү дээ. Э.Бат-Үүлийг ч, Б.Булганыг ч баривчилсан шүү дээ. Чухам хэн яагаад ийм хэрэг үйлдсэн юм бол, би мэдэхгүй байна. Ардчилсан холбоо эвслийн нэр хүндийг унагаах гэж ийм зүйлийг хийсэн байх. Эсвэл бас цаана нь маш том эдийн засгийн ашиг сонирхол байсан байж болох юм.

-Өмнө нь Б.Булганыг шалгаж байгаагүй биш шалгаж байсан. Гэтэл яагаадУИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр энэ хэрэг сөхөгдөж Б.Булганыг дахин баривчлав. МАН-ынхан сонгууль дөхөхөөр энэ хэргээр шоу хийдэг. Тэгж байсан үе бий. Энэ бас 2016 оны УИХ-ын сонгуулийн шоу биш байгаа гэх болгоомжлол байна?

-Хамгийн гол нь энэ хэрэгт холбоотой гэдгийг нь нотол. Буруугүй байвал хүний эрхийг зөрчөөд улс төрийн ашиг сонирхлын үүднээс бусдыг хэлмэгдүүлж болохгүй шүү. Бид харж байна шүү дээ. Нэг хүнийг аваачаад буудаад алчихдаг, эсвэл юу болж байгаа нь мэдэгдэхгүй шоронд аваачаад хорьчихдог коммунизмын үе биш. Ямар үндэслэлээр яагаад баривчилгаа явуулснаа хуулийнхан тайлбарлах ёстой.

-Б.Булганыг хэсэг хорьж байгаад буруугүй юм байна гээд суллах вий дээ. Өмнөх сонгуулийн шоунаас ялгагдахгүй зүйл болох вий гэж айж байна.Эцэст нь тэр хүн бие сэтгэлээрээ хохироод үлдэх юм биш биз дээ?

-Хэргийг сайн магадлах хэрэгтэй. Энэ хэрэгт хуулийн байгууллага болон хөндлөнгийн байгууллагууд нь хяналт тавих хэрэгтэй. Тэгээд хүмүүст мэдээлэх хэрэгтэй. Гэтэл юу болоод байгаа нь мэдэгдэхгүй таг чиг байна. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хориод байгаа нь сонин. Энэ чинь ардчилсан улс шүү дээ. Хэрэв Б.Булган буруутай юм бол тэр хүн буруутай байжээ гээд шийтгэхээс өөр аргагүй. Гэтэл үнэхээр сонгуулийн шоу хийж, хэргийг илрүүлсэн болох гээд хүний эрх чөлөөнд халдаж, золиос болгож байгаа бол харамсалтай. Энэ хэрэг дээр маш их хянуур хандах учиртай. Үүнийг хатуухан хэлмээр байна. Бид Б.Булгантай найз учраас өмөөрөөд байгаа юм биш. Тодорхойгүй зүйл олон байна. Харин чухам асуудлын үнэн зөвийг олж, нотлох баримттайгаар хэргийг илрүүлбэл хүн болгон баярлана шүү дээ.