ЭМС-ын яамны сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр цагдан хориод сар гаруйн хугацаа болж байгаа. Тэгвэл Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар огт ам нээхгүй байсан АТГ сар гаруйн дараа албан ёсны мэдээлэл өглөө.

Ингэхдээ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн.

 

Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.

 

Г.Шийлэгдамбад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгон, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос гаргасан саналыг хянан үзээд шүүхээс цагдан хорих хугацааг сунгасан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон сунгасан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд болон өмгөөлөгчдөд тухай бүрт нь мэдэгдсэн” гэлээ.

 

Мөн Г.Шийлэгдамбыг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар 3 удаа байцаалт авсан аж.


Улмаар түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, нагац эгч Д.Оюунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус уулзах хүсэлт гарган, уулзсан гэдгийг онцоллоо.


Өнгөрсөн удаад МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Б.Тулга ар гэрийнхэн хийгээд намын нөхдөөс нь хэнийг ч уулзуулахгүй байгаа, уулзах хүсэлтийг удаа дараа тавьсаар байгаа гэх зүйл хэлж байсан ч АТГ-аас дээрх мэдээллийг өглөө.


Мөн эл хэрэгтэй холбоотойгоор МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимэдсүрэнг хэдхэн хоногийн өмнө байцаалт авахаар дуудсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Д.Дуулим

http://www.24tsag.mn