Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?, ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?, “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн гавъяа хэнийх вэ?, 8 хувийн зээлээр 15 мянган өрхийг оруулсан гавъяа хэнийх вэ? гэх мэт хэн нэгэн гавьяатныг хайсан бичигтэй сурталчилгаат самбар хотын төвийн гудамжуудад тавигджээ. Улаанбатаарын өнгөтэй, өөдтэй гэх бүх гудамжинд тавигдсан тус реклам нь олон нийтийг ойрын хэдэн сардаа ярих яриатай болгож орхив. Бас АН-ыг айхтар том онигоонд орууллаа.

Хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй зүйл бол энэ рекламыг хэн, хаанаас тавиулав гэдэг юм.Шууд утгаар нь ойлговол энэ бүх ажлыг эхлүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, тэргүүн Н.Алтанхуягийн гавьяа. Цаашлаад түүний ажлыг үргэлжлүүлж буй Шийдлийн Засгийн газар, тэргүүн Ч.Сайханбилэгийн гавьяа болж харагдана. Энэ өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг эсвэл Ч.Сайханбилэг өөрийн хийсэн ажлаа рекламдах гэсэн оролдлого гэж хардаж болно.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламыг АН дотроосоо явуулсан ч удирдлагууд нь болох З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар мэдээгүй гэнэ. Бас Н.Алтанхуяг ч өөрөө мэдээгүй гэх. Бас нэгэн өөр эх сурвалж "АН айсуй сонгуулийн пиар-аа хийж байгаа нь энэ" гэв. Гэтэл тус намын удирдлагууд өчигдөр л рекламын талаар олж мэдэж “Ийм бодлогогүй, хачин зүйл хийсэн нөхрийг олж хариуцлага тооцох ёстой. Энэ бол АН-ыг аварсан биш алсан үйлдэл боллоо” гэж "хилэгнэсэн гээд хэргийн эзнийг олох мөрдлөгө тууштай явагдаж байгаа аж".

 

Сонгуулийн өмнөх эмзэг цаг үед ийм хачин зүйл хийж АН-ыг хорлосон нөхдүүдийг удирдлагууд нь нилээн хатуухан шийтгэх бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус рекламны самбаруудыг хотын төвийн гудамжуудад байршуулахад нийт 200 сая төгрөгийг гарлагадсан аж. Цаашлаад 21 аймгийн төвд байрлуулахаар бэлтгэж байжээ. Харин иргэдийн дургүйцлийг хүргэж тоглоом, шоглоом болж буй учир аймгийн төвүүдэд самбар байрлуулах ажлаа цуцлахаар болсон байна.Мөн хотын төвд байрлуулсан самбаруудаа ч буулгахаар болжээ.

 

Дөрвөн жилийн өмнө МАН-ын дэргэдэх залуусын байгууллагаас “Би бодохдоо” нэртэй төслийг хэрэгжүүлж байв. МАН-ынхан тус төслөөр дамжуулан өрсөлдөгч намаа дарах зорилготой байлаа.

 

 

Тэд,

Би бодохдоо... Дорлигжавыг Зоригийн хэргийг нягтлаасай гэж боддог

Би бодохдоо... АН хүний амь хүний эрх чөлөөгөөр бойкот хийхээ болиосой гэж боддог.

Би бодохдоо Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэж боддог

Би бодохдоо Батхүүг Энержи ресурсийн хувьцаагаа төрд өгөөсэй гэж боддог

Би бодохдоо Баярцогтыг болд төмөр ерөөгийн ордоо ил болгоосой гэж боддог гэх мэтээр бичиж, ярьж байлаа.

 

Гэтэл тус төсөл нь эргэж өөрсдийг нь ороож АН-ын бойкотод оруулсан юм. Өөрөөр хэлбэл АН-ынхан үүгээр нь сөргүүлж МАН-ынханыг доош нь хийж орхисон юм.

 

Тэд..

Би бодохдоо..

С.Баярыг олон эхнэргүй байгаасай гэж боддог

М.Энхболдыг Улаанбаатарын газрыг зараагүй байгаасай боддог гэх мэтээр хариуг нь барьсанаар МАН-ынхан онигоонд орж тус төсөл амжилтгүй болж байв.

 

Яг үүнийг АН-ынхан дөрвөн жилийн давтаж орхисон нь энэ.

 

Тус нам хийсэн ажлаараа өөрсдийгөө сурталчлах гэж “Гавъяа хэнийх вэ” төслийг эхлүүлсэн ч олны нийтийн талархлыг биш дургүйцлийг хүргэж орхилоо. Энэ нь алсуураа АН-ыг ч хорлож байгаа юм. Монголчууд хэзээнээс л биеэ магтсан хүнд дургүй. Яг л тэр зангаараа уг төслийг хүлээж авлаа. Тийм ч учраас АН-ын нэр хүнд шалдаа буулаа гэж болно.

 

Гитарчин Өөжгий “Миний 1990 оноос хойш тууштай дэмжиж ирсэн АН-ын мэдрэл ингэтлээ муудсан нь хэний гавъяа вэ?” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн ая зохиогч Б.Наранзун “Ард иргэдээс гавъяа нэхдэг ийм хэрүүлч, заргач, гомдомтгой улс төрчдийн үйлдлээс болж бүхэл бүтэн нам онигоо боллоо. Хүн ам гурван сая хүрсэн гавъяа хэнийх вэ гэж бичихгүй байх чинь. Солиорчихоогүй л байлтай” гэж хэлсэн байна.

 

Тэр бүү хэл уг төслийг шоолж, шоглосон хувилбаруудыг хүртэл гаргажээ. Тухайлбал, “Хоёр хүүхэдтэй болгосны гавъя хэнийх вэ?, Өвлийн идэштэй болсны гавъяа хэнийх вэ?, Заазуур иртэй байдаг нь хэний гавъяа вэ?, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүжиглэсний гавъяа хэний вэ?” гэх зэргээр шоолж, элэглэжээ.

Нэг хэсэгтээ л энэ үг моодноос гарахгүй иргэдийн дунд, тоглоом, шоглоомоор яригдсаар байх нь.

 

Ямартай ч иргэд уг төслийг маш ихээр буруушааж байна. Үнэхээр сайн ажил хийсэн бол ингэж хэлэлүүлтгүй мэднэ. Гэтэл заавал хийсэн ажлаа гавъяа болгож өөрсдийгөө гавъяатнаар тодруулах гээд байгаа нь АН-ыг муухай харагдуулж, нэр хүндийг унагаж байгаад л гол учир байгаа юм.

Т.Хулан

http://www.24tsag.mn