УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтын гөжүүг МАХН-ын дарга Н.Энхбаяр хүргэж орхижээ. Учир нь Эрүүл мэнд, спортын сайдын суудлаас болж МАХН-ынхан суудлаа олохгүй яваа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс МАХН дотор "хэнийг сайд болгох вэ" гэдэг яаравчилсан хуралдаан болж, суудлаа солих дээрээ тулаад байгаа явдал бий. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ц.Оюунбаатарын оронд Н.Энхбаяр очиж, түүнийг Эрүүл мэнд, спортын сайдын суудал руу гулсуулах төлөвлөгөөг хийсэн гэдэг. Харин үүнийг нь АН-ынхан бодолцож, Н.Энхбаярыг Шадар сайд болгоход хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл энэ бүхэн М.Зоригтыг Засгийн газарт ажиллах эсэхэд эргэлзээ үүсгэж, зарим хүний эгдүүцлийг төрүүлж орхилоо. М.Зоригт сайдын хувьд "Н.Энхбаяр нарыг Монголын төрд ойртуулж болохгүй. Хэрвээ Н.Энхбаяр Шадар сайд болвол Засгийн газарт ажиллахгүй гэдгээ үүгээр хэлье" гэдгээ цахим хуудсаараа мэдэгдээд байгаа нь энэ.