Энэ өдрүүдэд Ардчилсан нам, МоАХ-ны түүхэн тэмдэглэлт, том баярууд тохиож байна.

Ардчиллын төлөөх намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 15 жилийн ой арванхоёрдугаар сарын 6-нд тохиолоо.

 

Одоогоос 15 жилийн тэртээ Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, тэргүүтэй таван нам нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан билээ. МоАХ-ны 26 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохионо. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллыг хүсэмжлэгч залуусын анхны цуглаан болсны гол хөдөлгөгч хүчин нь МоАХ байсан билээ.

 

Мөн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг саяхан тэмдэглэсэн. Ардчилсан намаас дээрх түүхт өдрүүдийг арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ том баяруудыг тохиолдуулан АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын залуу лидер Л.Гансүхэд уучлал үзүүлэх хэрэгтэй байна.

 

Л.Гансүх ардчиллын төлөө, Монгол Улсад юу хийснийг АН-ынхан ч андахгүй. 1998-2000 онд Монголын Социал демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажилласнаар түүний улс төрийн ажил эхэлсэн. Улмаар 2000 онд Ардчилсан намын дэргэдэх “Залуу лидер” клубыг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байлаа.

 

Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулснаас хойших гурав дахь генсек нь Л.Гансүх болж байв. Тэрбээр 2003 онд Ардчилсан намын генсекээр сонгогдож, дараа жил нь намаа төлөөлж Дарханаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж, парламентад орж байсан түүхтэй. 2004 оны УИХ-ын сонгуульд оролцсон “Эх орон-Ардчилал” эвсэл задарч Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох үед Ардчилсан намын зөвлөл байгуулагдаж байлаа. Уг зөвлөлийн даргаар Л.Гансүх ажиллаж нам нь цөөнх болсон жилүүдэд ачааны хүндийг үүрч, намынхаа нүүр царай болж явсныг сонгогчид андахгүй.

 

2008 оны сонгуулиар Дарханаас хоёр дахиа сонгогдсон тэрбээр Байгаль орчны сайдаар давхар ажиллаж байлаа. 2012 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ачааны хүндийг мөн л үүрч ирсэн. Энэ мэт хариуцлагатай ажил хийж явсан учраас түүнийг Ардчилсан намын залуу үе, залгамж халаа болон босч ирсэн улстөрч гэж үнэлдэг.

 

Намынхаа залуу үеийн гол зүтгэлтэн Л.Гансүх нүүрсний мөнгө дутаасан гэх аж ахуйн хэргээр анхан шатны шүүхээс 4.6 жил хорих ял сонсч, өдгөө шоронд бие нь тааруу байна. Шалгагдаж байх хугацаандаа эрүүл мэндээрээ хохирч, хөлөө хүртэл тайруулж Солонгос руу шинжилгээний дээж болгож явуулсан гашуун түүх бий. Л.Гансүхийн бие улам бүр муудаж, албадан эмчилгээнд орох гэж байгаа талаар өмгөөлөгчид нь мэдээлсэн.

 

Ардчилсан намын залуу лидер, УИХ, Засгийн газрын гишүүн асан эрхэм ийм хүнд байдалд байгаа үед Ардчилсан намынхны баяр тохиож байна. Тиймээс Ардчилсан намаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намын залуу зүтгэлтэнд уучлал үзүүлж соёрхоно уу. Ардчилсан намын залуу зүтгэлтэнг уучлахад барьцах хүн хаана ч байхгүй. Тэр залуу хийсэн зөв ажилтай, хийх зөв замтай лидерүүдийн нэг. Намынхаа залуу зүтгэлтэнд уучлал үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч, хүлээж байна.

 

Ардчилсан намын хэсэг гишүүд