Хоёр хөлөө гозолзуулаад улс төрөөс явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр гараа даллаад улс төрд дахин орж ирлээ. Өршөөлийн хуулиар УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан тэрбээр энэ удаа сайд болж Засгийн газарт багтахаар санаархаж байна.

Тодруулбал, Шадар сайд болохоор зэхэж байгаа аж. Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын оронд нэрийг нь дэвшүүлсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн аваагүй. Тиймээс Н.Энхбаяр дараагийн хувилбарыг боловсруулжээ. Тэр нь өөрийгөө Шадар сайд болгоод одоо Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл, мэндийн сайд болгох юм.

Энэ талаар МАХН-ынхан дотооддоо хэлэлцсэнээс гадна Засгийн газарт хамтарсан хоёр намын удирдлагын хүрээнд ярилцжээ. Одоо тус хувилбарыг нэн даруй баталгаажуулаад Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх гэнэ.

 

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгох санал тавьж байгаа. Өчигдөр намын бүлэг дээр энэ асуудал яригдсан. Хэнийгээ нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. АН-ын бүлгийн гишүүд энэ талаас нь харж МАХН-ын саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын шийдэх асуудал, Ерөнхий сайдын мэдэх хэрэг“ гэсэн юм.

 

Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Тийм асуудал МАХН дотор яригдаж байгаа. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн барьсан зүйл байхгүй” гэж ярьж дээрх мэдээллийг улам баталгаажуулсан юм.

 

Тэгэхээр Н.Энхбаярын гаргасан саналыг удахгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барих нь. Харин Ерөнхий сайд түүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадад сайдад дэмжвэл нам дотроо том эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж.

 

Өчигдөл л гэхэд Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн цахим хуудаснаа “За болилдоо. Н.Энхбаяр шадартай Засгийн газарт ажиллахгүй гэдгээ үүгээр хэлчихье” хэмээн бичжээ.

 

Энэ мэт эсэргүүцэл Ч.Сайханбилэгт нам дотроос нь ирэх учир тэрбээр гаргах шийдвэрээ тун чиг нухацтай бодох биз. Үүнээс үзвэл Н.Энхбаяр Засгийн газарт орж ирснээр Шийдлийн Засгийн газар хөдөлгөөнд орж, тогтворгүй болж мэдэхээр байна. Тэр хэзээд бужигнуулагч гэдгээ сонгуулийн өмнө Засаг тарааж харуулж ч мэдэх юм. Хамгийн наад зах нь Ерөнхий сайд Н.Энхбаярыг Шадад сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд хүртэл бэрхшээл тулгарна. Ерөнхийлөгч бол Н.Энхбаярыг дэмжихгүй нь мэдээж. Ерөнхийлөгч дэмжээгүй байхад зүтгүүлбэл төрийн тэргүүн АН дотроо эргээд Ч.Сайханбилэгийг түшихгүй нь тодорхой юм.

 

Хэрвээ Ерөнхий сайд Н.Энхбаярыг хүлээж авахгүй гэвэл МАХН хийгээд намын дарга нь Засагт хамтарна нь гээд суухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бас л Засгийн газрыг нураах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд хэцүүхэн хоёр сонголттой нүүр тулах нь.

 

Ямартай ч Н.Энхбаяр их улс төрд Шадар сайд болж эргэн ирж магадгүй байна. Харин түүнийг томилох хүртэл улс төрд хэр их бужигнаан үүсэхийг хэлэхэд эрт. Өчигдөр шөнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж энэ асуудлаар ярилцсан бөгөөд шийдвэр яаж гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn