Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлэх, түр заатуулах журмын талаар өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв. Уг хурлаас гаргасан санал шийдвэрийг Ажлын хэсэг дахин боловсруулж, санал авч энэ сарын 24-нд нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Ачиж зөөвөрлөх аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга олгох гэнэ. Хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайн байх ёстой 77 гудамжний нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглож байгаа юм. Дээрх 77 гудамжинд түр машин тавихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байршуулсан гэнэ. Ачигч компани автомашины аюулгүй байдлыг бүрэн хариуцахаар журамд заасан байна.

Уг журмын хамгийн гол өөрчлөлт нь цагдаагийн байцаагчийн шийдвэргүйгээр автомашин ачихгүй гэж тусгасан юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн байцаагч нэгдүгээр эгнээнд болон замын хөдөлгөөнд саад учруулж байгаа машиныг ачих шийдвэр гарган машин ачдаг компанийг дуудан ачуулах ажээ. Харин тухайн автомашины жолооч машин ачихаас өмнө гарч ирвэл замын хөдөлгөөний дүрмээр түр зогсохыг хориглосон газарт зогсны торгууль ногдуулах юм. Жолооч гарч ирээгүй ачуулсан тохиолдолд торгуулиа төлөхөөс гадна ачиж зөөвөрлөсний хураамж, журмын хашаанд хадгалсны төлбөр авах ажээ. Одоогоор ачиж зөөвөрлөсөн болон журмын хашаанд хэдэн төгрөгөөр хадгалах төлбөрийн хэмжээг тогтоогүй байгаа юм.

Түүнчлэн уг журам ажлын болон амралтын өдөр 07-22 цаг хүртэл үйлчлэх ажээ.

Уг журам хэрэгжих юм бол замын цагдаагийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй болж байгаа юм.

Т.Буянаа