Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороо Төрийн ордны "Б" танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайланг сонсч байна. Дараа нь Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг завсарлага авч байсан. Гэтэл өнөөдрийн хуралдаан дээр тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа орж ирээд, байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдааныг хууль бус гээд, хууль бус хурлаас авсан завсарлага мөн хүчингүй хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн. Уг хуралдаанд АН-ын бүлэг болон "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд ирцээ бүрдүүлж, МАН-ын бүлгээс Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын гишүүд орж ирсэн ч картаа уншуулаагүй юм. Мөн тус бүлгийн дарга С.Бямбацогт "ирц бүрдээгүй" гэсэн шалтгаанаар завсарлага авснаар хуралдааныг хааж байсан. Гэхдээ байнгын хорооны гишүүд албан бусаар Ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм.

Гэтэл өнөөдөр МАН-ын бүлэг өмнө авсан завсарлагын хугацаа нь дуусчхаад байхад мэдэн будилж, дахин уг асуудлаар завсарлага авах гэж зүтгэв. Харин байнгын хорооны дарга Д.Ганбат "Нэгэнт завсарлага авсан асуудлаар дахин завсарлага авах боломжгүй. Бид ажлаа хиймээр байна" гэлээ. Д.Хаянхярваа гишүүн байнгын хорооны даргыг завсарлагыг нь хүлээж аваагүй тул Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргана гэдгээ мэдэгдээд хуралдааны танхимаас гарч одсон юм.

МАН-ынхан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын тайланг сонсохоос яагаад зайлсхийнэ вэ?