“Ер нь миний бодоход эрх баригч том намын генсек "ломбо" байж таарахгүй, тэр тусмаа сонгуулийн өмнө. Харин ч бөх бат араа "шүд" байх ёстой. Харин хаа очиж МАН-ын генсек Ж.Мөнхбат чинь "шүд" шиг ажиллаад байх шиг”...

Энэ бол УИХ-ын гишүүн Г.Уянгын өөрийн фэйсбүүк хуудастаа бичсэн зүйл. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харвал эрх баригч намын генсек дарга нарынхаа араар нуугдчихаад “хар машин”-аа хав дарж, ирэх сонгуулийн ялалтыг зүүдэлж байна. Харин сөрөг хүчний генсек болон 20 хэдэн намын төлөөлөл нэгдэж Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж, шилэн сонгууль, шударга сонгууль явуулахыг хүсч байна. Хааяа нэг сэтгүүлчийн дуран, асуултад өртдөг эрх баригч намын генсекийн буруу үйлдэл, буруу үг нь намынхаа рейтингийг унагасаар байгааг залуучууд нь хүчтэй шүүмжилж буй.

Нөгөө талд Ардын намаараа овоглосон генсек нь шулуун үг, шударга зангаараа хүрээллээ тэлсээр байгаа нь хоёр том намын генсекийн зангаргын заагийг харуулж байгаа хэрэг. Ямар сайндаа л 20 хэдэн намыг зангидаж, эвийг чухалчилж, зөвийг эрэлхийлж байгаа нь Ардын намын генсекийн чадвар, залуу хүний эрч хүч юм даа. Уг нь УИХ-д суудалгүй намууд өөрсдөө Ардын намын залуу генсект Сонгуулийн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэсэн санал тавьсан юм билээ. Эл саналыг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хүлээн авч зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн нь эрх баригчдын галыг өөр дээрээ дуудсан хэрэг болсон юм. Эрх баригчдын эсрэг бусад улс төрийн нам, тэр дундаа Монгол Улсын ууган улс төрийн хүчин МАН-ын генсек нь хүчтэй дуугараад ирэхээр сандрах нь аргагүй. Сандарсан АН-ынхан бүх давшилтаа “араа шүд шиг” генсек рүү чиглүүлж байгаа нь өдрөөс өдөрт ил болж байна.

Залуу хүний зоригийг мохооно гэдэг амаргүй. Тэр тусмаа МАН-ын генсек шиг эрч хүчтэй, шударга, зарчимч хүний зоригийг мохоох бүр ч амаргүй. Нэгэн цагт Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж гуай “Монголын яруу найрагт Ж.Мөнхбат шиг хүнийг олон харж болно. Харин Монголын улс төрд Ж.Мөнхбат шиг хүнийг хайгаад ч олохгүй. Хэлэх гэснээ хэлчихдэг, хийнэ гэснээ хийчихдэг нь түүний гэм биш зан” хэмээн хэлсэн нь аргагүй нэгийг бодуулна. Мөн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа гуай “Яруу найрагч, зохиолч хүн дотроосоо шатаж явдаг. Энэ их эрч хүчийг оюун бодолтойгоо хослуулж, улс төрд зөв замналаар замнаж яваа хүү бол Ж.Мөнхбат” гэж хэлсэн нь бий. МАН-ын генсекийг улс төрд хөл тавьсан цагаас нь хойш “яруу найрагч, шүлэгч” гэж “ад үзсэн”. Чухам үнэн гэвэл эх орноосоо урвасан яруу найрагч гэж би л хувьдаа сонсоогүй, дуулаагүй. Ингэж “ад шоо үзсэн” хүмүүс түүнээс эмээсэн байх. Яг л өнөөдрийн эрх баригчид түүнээс эмээж байгаа шиг...

 

Д.СҮХ