​Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хийгээд “эдийн засгийн гэмт хэрэгтэн” гэх нэр томьёо монголчуудад хэдийнэ танил. Гэсэн атлаа эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн тодорхой төлөөллүүдийг нэр цохон илрүүлж, хариуцлага тооцон яллаж байсан түүх нүдний гэм  байв.

Уг нь дэлхий дахинаа “Шиндлерийн бүртгэл” гэх нэрийг еврейчүүдийн сайн сайхны төлөөх буяны үйлд чиглэсэн үйл ажиллагаагаар нь мэддэг. Тэгвэл Монгол дахь Шиндлерийн бүртгэлд багтагсад банк дампууруулж “тог­лосон”, залилан хийсэн, төсвийн хөрөнгө шамшигдуулсан ч хил дамнан зугаалсаар яваа. Энэ нь тэднийг хамгаалсан томоохон нөмөр нөөлөгтэй холбоотой байдаг. Эдүгээ Монголын “Шиндлерийн бүртгэл” улам шинэчлэгдэж арга нь нарийсан, завшсан мөнгөний хэмжээ нь өссөөр байна. Одоогоос хэдэн жилийн өмнөх Т.Төмөрмөнх, Б.Сүрэнхор, Б.Чимэдцэрэн нарын завшсан мөнгөний хэмжээг өнөөд­рийн гадаадын банкуудад данс нээж Токиод өндөр үнэтэй хаус бариулсан эрхмүүдтэй харьцуу­лахаар “ядмагхан” санагдах биз.

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Сүрэнхор. Тухайн үед төсвийн 100 гаруй сая төгрөгийг мөрийтэй тоглоомын бооцоонд тавиад  алд­чихсан тоглосон тэрбээр 2006 онд Монголыг орхисон. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй нэр бүхий хүмүүсээс “Швейцарь” Отгоогоос бусад нь баригдаагүй юм гэдэг. Харин Б.Сүрэнхор 100 сая төгрөгөө өсгөсөөр дэлхийн хаа нэгтээ аж төрөөд баригдахгүй байв. Гэтэл 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гэнэт түүний ээж Ж.Рэнцэндулам хүүгээс нь захиа ирсэн тухай телевизэд ярилцлага өгөх нь тэр. Бүтэн дөрвөн жилийн дараа ижийдээ бичсэн захианд хаана байгаагаа хэлээгүй бөгөөд нэр дэвшигч Н.Энхбаярын тухай байсан нь бүр ч хачирхалтай.

Монголын Либерал Ардчилсан Намын тэргүүн Т.Төмөрмөнх гэж улс төрд “лидер” болж бус залилан хийснээрээ алдаршсан залуу байв. “Олон улсын бизнесийн төв” гэх өргөн цар хүрээ агуулсан сайхан нэрийн дор “Канад, Япон, Бельги, Солонгос руу хямд зардлаар суралцуулна”, “Өндөр цалинтай ажилд зуучилна” гэсээр 280 хүнээс 800 гаруй сая төгрөг завшсан тэр­бээр эгч Сэргэлэнтэйгээ гар сэт­гэл нийлж, санасандаа хүрээд эцэст нь өмнөөсөө шоронд илгээчихээд өөрөө эх нутгаа орхисон. Муу ч, сайн ч нэгэн намын тэргүүн, улс төрд танигдсан хүн гэдгээр нь хаана, юу хийж яваа нь хааяахан дуулдаад байдаг түүний сураг хамгийн сүүлд “Хонконг, Сингапурт, хамгийн сүүлд Сан Францискод шөнийн цэнгээний газарт хүүхнүүдтэй зугаалж явна” гэснээр өндөрлөсөн. Хамгийн сүүлд ь шоронд байгаа эгчдээ электон шуудангаар захидал илгээсэн, өөрөө АНУ-д байгаа гэснээс хойш түүнийг хайхаа больсон уу. Эсвэл нутагтаа ирчихээд амарч яваа юу гэдэг нь хэнд ч сонин биш болсон бололтой.

Аль ч төрийн үед хариуцлага хүлээдэггүй нэг эрхэм бол “Монгол газар” компаниараа овоглох бол­сон Ц.Мянганбаяр. Түүнтэй хол­боотой маргаантай асуудал гар­магц томоохон хэмжээний ярилцлага өгчихөөд “Би буруугүй” гээд бултчихаж сурсан нэгэн. Дээрх хоёрыг бодвол эх нутагтаа байдаг болохоор нь Эрүүгийн цагдаагийнхан ч “тоо­хоо больсон” бололтой.

Олон-Овоотын лицензийг барьцаалж, “Анод”, “Зоос” банкуудаас нийт 100 тэрбумыг авч чадсан түүний ярилцлагуудаас байдал эв­гүйтвэл улстөрчдийг хөлдөө чирнэ гэдгээ битүүхэн хэлээд байдаг нь ч түүний  “хэмжээлшгүй эрх чөлөө”-нд нөлөөлдөг биз. Хэрэв түүний оронд өөр хэн нэгэн Монголын арилжааны банкуудыг ийм байдалд оруулсан бол өдийд “дээлээ нөмөрсөн” байх нь гарцаагүй. Гэвч тэр хуулийнхны нүдэнд л “нэр цэвэр, гар цэвэр” харагдаад байдаг нь сонирхолтой. Энэ удаад ч бас “Тэр буруугүй” гэнэ.

Үүнээс цааших бүртгэлийг шинэч­лэлийн Засгийн газар, сал­бартаа шинэтгэл хийж байгаа хууль, шүүхийнхэн хэрхэн илрүүлж, шийдвэрлэхийг харж байя. Одоогоор сэжигтнээр татагдмагц эрүүл мэндэд нь асуудал үүс­дэг Ё.Отгонбаяр, “ерөөсөө хоригддоггүй” Ч.Ганзориг, Д.Сугар, гадаа­дын банкин дахь дансаа мартсан С.Баярцогт нарыг албан ёсоор “Шиндлерийн бүртгэл”-д багтаах эсэхийг хуулийнхан мэднэ. Мөн аймгуудын экс Засаг дарга нараас нэр цэвэр хүн ховор байгаа. Дээр нь төсөв ерөнхийлөн захирдаг төрийн нарийн бичгийн дарга нарын цувааг тасалдуулах вий гэсэн мэт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны сайд асан Н.Хүрэлбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гээд үргэлжлэхээр энэ жагсаалт хаа хүрч хаагдахыг хэн ч мэдэхгүй байгаа юм.

 

У.Оргилмаа