Энэ жилийн хувьд сонгуулийн өмнөхийн өмнөх гэмээр кампанит ажил тун өвөрмөц явагдаж байна. Ямар ч байсан хуулийн хугацаанаас өмнө ил задгай өгч, авах, тараах хураах юм аа цэгцлээд авав бололтой. Одоо далд хэлбэрийнхдээ ороход бүрэн бэлэн болжээ.

Харин энэ удаа хамгийн хачирхалтай нь УИХ-ын суудлаас арай чамай зуурч авсан залуус хийгээд ад болтлоо суусан хэрнээ хаяаад явчихаж зүрхлэхгүй шинжтэй байгаа архагууд огт өөр аргаар үзэж тарах болжээ. Тэд өөрсдийнхөө өмнөөс өрөөл нэгнийг “түлхүүрдэн” тавьж байна. Тэдний хэд нь ирэх “дайнаас” эсэн мэнд ирэхийг бүү мэд. Царцаа буух газраа мэдэхгүй хөөрдөг гэдэг шиг хаа сайгүй хөөрч дэвхэрсэн залуус хөдөөгийн уул талыг л лав оны өмнө хотойтол дүүргэлээ.

 

Архагуудын хувьд, “За дүү нар минь, зайгаа тавьж өгье. Та нар манийгаа залгамжлаарай” гэж огтхон ч хэлэхгүй байна. Харин яаж ийгээд намынхаа жагсаалтад багтан, мөнгө, нерв хоёроо зарж, махаа зулгаахгүйхэн шиг явж байгаад дахиад энэ сандал дээрээ суучих вэ гэсэн шүү “хорыг” л хаа сайгүй найруулах болж.

 

Гэхдээ нөгөө юу хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр тойрог энэ тэрээрээ бэлэг хадаг тараагаад, ерөнхийдөө би гэж нэг амьтан байгаа шүү гэдгээ оны өмнө мэдэгдээд авах шиг боллоо. Тиймээс тараг сүү, хадаг яндар, мөнгө төгрөг, хуанли цай, хужир давс, аяга таваг гээд дээр нь нэрээ тавьж, зарим нь зургаа байрлуулсан зүйл хөдөө битгий хэл хотын гудамж хороодыг дарлаа шүү дээ.

 

Ингэхэд арай олон жил насалсан ахмад нам гэсэндээ МАН тун алсын бодолтой үзэх гэж байна шүү гэдгийг “дайснуудад” нь дуулгачихья. Ямартай ч намдаа, цаашлаад төрд өөрийнхөө үр зулзагануудыг шургуулж, яваандаа төрийн албыг төрлийн болгосноо улам баталгаажуулах гэж байна шүү. Тэд өөрсдийнхөө хүү охин, хүргэн бэр, ах дүүс, хамаатан саднуудаа энэ удаагийн УИХ-д нэр дэвшүүлэх, цаашлаад нэр дэвшүүлэх санаатай гэдгээ харуулах маягтай дүр үзүүлж байгаад намынхнаа шантаажлах гэх мэт түмэн шалтаг шалтгаанаар мянга мянган хүн өнгөрсөн онд хөдөөгөөр нэг давхилдлаа. Бэлэг хадаг тараана гэдгийг ч үзүүлээд өглөө. Юун хямрал, юун ядуурал. Ингээд тээр алс холын Ховд аймагт сонгуулийн өмнөх сунгаа маягийн юм ямархуу янзтай өрнөж байгаагаар жишээ болгон авъя л даа.

 

“Монгол банкны” гэгддэг Пүрэвдоржийн хүү Хангал гэдэг залуу тун бийлэгжүү яваа харагданабилээ. Ховдын айл бүхэнд эрэгтэй, эмэгтэй хос цаг энэ тэр бэлэглэж байна гээд бод доо. МөнБатнасан гэж нэг нөхөр зунжин намаржингаа урлаг уран сайхныхантай Ховдыг хэд ч гороолов бүү мэд. Дараа нь н.Энхбат гэж залуу байна. Намынхантайгаа 50, 50 мянган төгрөг барьж золгоод л. Ингэхэд энэ залуус бүгд нэг намынхан. Яг таг УИХ-д үзэхгүй ч яамны сайд, агентлагийн дарга болно шүү гэсэн бодол даалгавар, шантаажтайгаар ийнхүү хөдөөгийн уул талаар намынхаа мөнгийг тарааж яваа хүмүүс. Тус намын ийм залуус хаа сайгүй. Хөвсгөлд л гэхэд Л.Мөнхбаатар гэж залуу оны өмнө хэдэн ч удаа шоу наадам, зугаа тэмцээн хийв бүү мэд. Алсдаа мөн л агентлаг, яамны даргын суудалд морилчих санаатай яваа нөхөр шүү дээ, зайлуул.

 

МАН-ынхан ер нь янз бүрээр л үзэх шинжтэй байна. Нийслэлийн дарга байгаад хэрэгт холбогдон хатуу газар хэдэн сарыг өнгөрөөсөн Ц.Батбаяр л гэхэд төрсөн дүүгээ нэг сарын өмнө төрөлх намаасаа гаргаад АН-ын зүг илгээжээ. Тэгэхээр арга туршлагатай, архаг нам зөвхөн өөрсдийн хөрснөөс бус бусдын талбайд “төмс” тарьж, ургац авах санаатайгаар хүмүүсээ тийш нь бөөн бөөнөөр илгээж байгааг нөгөөдүүл нь анзаардаг болов уу. Анзаарсан ч ардчилсан юм чинь яадгийм гээд тоодоггүй юм болов уу?

 

Иймэрхүү маягтайгаар араасаа ах дүүсийн ашиг сонирхол дагуулсан, алсдаа төрийн албыг удам залгасан маягтай болгох санаа бүхий “түлхүүрдүүлсэн” хүмүүс мөн ч олон байна шүү. Түүний зэрэгцээ сохор нохой дүйвээнээр гэгчээр юмыг яаж мэдэхэв гэсэн мөнгө төгрөгтэй зарим залуус ч “шантаажийн” маягтайгаар эх орны тухай, эх орончийн дүрээр мөлхөө маягийн ухуулга мөнхийн тараагаастай байна.

 

Иймэрхүү арга улстөрийн тогоонд буцлаад эхлэхээр та бид тамынхаа гэмээр амьдралаас хэзээ ч салахгүй. Аавын нь атганд явсан бол түүний хүүгийн саварт орох тийм л орчин нөхцөл Монголын нийгэмд нэлээд хугацаагаар нүүрлэх төлөвтэй. Ингэхэд тамын амьдрал гэхээр талх, тариагаа битгий бодоорой. Харин хаа сайгүй шударга ёс ханхалсан, төр засаг нь биднийгээ хүн гэдгээр нь хүндэлсэн тийм л нийгэмд ганц ч өдөр болтугай амьдраад юу яахсан гэсэн бодолтой хүн олшрох шинжтэй гэдгийг л хэлье.

 

Д.Гал

http://www.24tsag.mn