/"Astra villa"-ын төлөвлөж буй барилга/

Барилгын ажлыг өвлийн цагаар явуулахгүй байхыг хуульд тусгаж, 11-р сарын 20-оос хойш дотор засал чимэглэлээс бусад ажил хийхийг хорьсон байдаг билээ. Тэгвэл ХУД 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамжинд "Astra villa" орон сууцны хотхон баригдаж, хууль зөрчин барилгын ажлаа явуулсаар байгаа юм байна.

Тодруулбал өчигдөр уг барилгад ажиллаж байсан туслах ажилчин залуу ажлаа хийж байх үедээ гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирсэн байна. Баянзүрх дүүргийн 24-р хороонд оршин суух 22 настай И-гийн гэмтсэн хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

"Astra villa" хотхоны байрны метр квадратын үнэ нь 2.680.000-3.500.000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд барилгын гүйцэтгэгч компаниар “Агар Арвижих” компани ажиллаж байгаа юм байна. Мөн орон сууцны хорооллын эхний ээлжийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна хэмээн захиалга авчээ. Тэгэхээр хугацаандаа амжихын тулд ийнхүү идэр ес эхэлсэн цагт барилгын ажил явуулсаар байгаа бололтой.

Тэгэхээр Гэмтэлд хүргэгдсэн залуу “Агар Арвижих”-ийн ажилчин гэсэн үг. Уг компани нь “Бүрэн цутгамал” компаниас брагиад болон өрх тусгаарласан юм байна. Харин өнгөрсөн хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байхад үедээ хоёр ч удаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хэвлэлийнхний хараанд өртөж байжээ.

Тодруулбал өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зүүн талд “Могул ибиз” компанийн захиалгаар “Khan hills residence” орон сууцны хороололыг “Агар Арвижих” гүйцэтгэж байх үед иргэд эсэргүүцжээ.

Тэндэхийн оршин суугчид Туул голын мод, бутыг таслан дээр нь шороо асгаж, барилгын ажлаа эхлүүлсэн гэж бухимдаж байсан юм. Харин “Khan hills residence” хотхон бариулж буй “Могул ибиз” компанийнхан тусгай зөвшөөрлийн дагуу барьж байна гэх тайлбарыг тухайн үед өгч байжээ.

Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны ард есөн давхар барилга барихаар иргэн Ж.Нямдаваа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авчээ. Харин газрыг нь таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ 2010 онд авсан юм билээ. Тэгэхээр газар эзэмших эрх нь 2015 онд дуусгавар болох байсан учир тухайн ондоо багтаан барилга барих гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан байдаг билээ. Харин гүйцэтгэгч компани болох “Агар Арвижих” компани барилгын ажлыг эхлүүлчихээд байсан ч оршин суугчид эсэргүүцсэн учир арга буюу ажлаа зогсоосон байхад нь иргэн Ж.Нямдаваа хэвлэлийнхэнд хандаж, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч буйгаа тайлбарлаж байлаа.

 

Туул голын мод тасласан гэх талбай

Иргэн Ж.Нямдаваагийн барилгын талбай

Н.Ганаа​