Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр Цэндбаярын Амарбаяр томилогдлоо. Амарбаяр гишүүний аав Цэндбаяр нь Монгол улсад хэрэглэгчийн хөдөлгөөнийг анх үүсгэн байгуулалцаж, 1990-2001 оныг хүртэл “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүнээр ажиллаж хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, анхны хууль эрх зүйн орчин, бодлогыг зангидаж явжээ.

Ц.Амарбаяр нь “МХЭАХНҮХ”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 2010 оноос хойш, ШӨХТГ-ын орон тооны бус гишүүнээр 2012 оноос хойш төр болон төрийн бус байгууллагад 15 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад хэрэглэгч олон түмний төлөө ажиллахаар 2016 оноос орон тооны гишүүнээр томилогдон ирлээ.

Тэрээр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг боловсруулахад гар бие оролцож, “Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жил”-ийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг ахлахаас гадна “МХЭАХНҮХ”-ны удирдах зөвлөлийн гишүүний хувьд шинэ тутам үүсэн байгуулагдаж буй салбар нийгэмлэгүүдийг удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.