Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, зарим аймгийн нутагт цагаан зудтай байгаа талаар албаны хүмүүс мэдээлж буй. Мөн холын замд гарахдаа ч болгоомжтой байхыг сануулсаар байгаа.

Тэгвэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 15-ны 22:10 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт долоон автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй найман машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэжээ.

Мөн Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, зорчигч 48 настай, эмэгтэй Ц, 53 настай, эрэгтэй Т нарыг цасанд боогдсон байсныг татан гаргасан байна.

Үүнээс гадна Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 16-ны 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 37 настай, эрэгтэй Д, 40 настай, эрэгтэй Б, 36 настай, эмэгтэй Б, 1.5 настай, эмэгтэй И нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирчээ.

Сүүлийн өдрүүдэд энэ мэтчилэн цасанд боогдсон дуудлага их ирж байгаа тул зайлшгүй холын замд гарах шаардлагатай бол хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас зэргийг бэлтгэж, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах, төөрч, осгохоос болгоомжлохыг ОБЕГ-аас анхааруулж байна.