Төрийн байгууллага ард түмнийг дорд үзэж, арчаагүй байдлаа тунхаглаж байгааг Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дүр төрх харуулж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр дээрх газарт очив.

 

Тус газрыг “Хөл толгой нь мэдэгдэхгүй бохир заваан газар” гэх явган яриаг сонсож байснаас урьд өмнө нь энэ байгууллагаар орж үйлчлүүлж байсан удаагүй.

 

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Цирктэй хаяа дэрлэн байрлах Автотээврийн үндэсний төвийн Техник хяналт мэдээллийн технологийн хэлтэс, Төлөвлөлт маркетингийн хэлтэс гэх хаалганы дэргэд ирвэл “Мэргэшсэн жолооч, шилжилт хөдөлгөөний лавлагаа урдуур тойроод баруун хаалгаар үйлчлүүлнэ үү” гэх бичгийг муухайхан наажээ.

Энэхүү мэдээллийг үзээд баруун хаалгыг хайж явтал цементэн хашаагаар тойруулсан “IT WORLD” гэх хоёр давхар барилга угтав. Тус хаягийн доор Автотээврийн үндэсний төв Тээврийн хэрэгслийн бүртгэл гэх жижиг хаяг байрлуулжээ.

 

Зорьсон газраа будилж төөрөхгүй олсондоо баярлаж дотогш нэвтэрвэл “Олны яриа ортой” гэх үг өөрийн эрхгүй сэтгэлд буулаа. Тус байгууллагын үүдээр орвол “Нарантуул” захын 00-д орж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр бохир орчин угтав.

Хамгийн сүүлд хэзээ угааж цэвэрлэсэн нь үл мэдэгдэх халтар шал, хагарч хэмхэрсэн хана, айдас төрүүлэм огцом, хагархай шаттай сэжиг төрүүлэм газраар явсаар хоёр давхарт гарч ирвэл хөл хөдөлгөөн ч нэлээд их байлаа.

 

Тэнд татвар, даатгал, торгууль, банканд баримтын төлбөр төлөх зэрэг бичиг баримт бүрдүүлэх гэсэн иргэд ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй үймэлдэж байгаа харагдав. Бид ч мөн тэдний эгнээнд орж, цаг орчим болж байж бичиг баримтаа бүрдүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж дөнгөв.

 

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт ноёрхлоо тогтоожээ

Бичиг баримт бүрдүүлэх цаг орчмын хугацаанд тус газарт ноёрхсон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны теллерүүдийн хүнд суртал, увиагүй ааш аягийг мэдэрч амжив. Тус газраар үйлчлүүлж буй иргэд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аар дамжуулан гүйлгээгээ хийдэг учир ийнхүү ажилчид нь ч “хаданд” гарсан аж.

 

Цаг хугацаатай уралдан ажил төрлөө амжуулах гэсэн иргэдийг “Мөнгөө задлуулж, тааруулаад ир”, “Дугаарыг чинь дуудаад байхад ирэхгүй байж, өнгөрсөн хойно нь ирээд дараа болоод байх юм” гэхчилэн загнаж, мөнгө баримтыг нь чулуудаж байгаа харагдав. Уг нь үйлчилгээний байгууллагад тэр дундаа төрийн үйлчилгээг хамжилцан явуулж буй банк ийнхүү иргэдийг дорд үзэж, доромжилж байгаад дургүйцах иргэд олон байсан юм.

 

Түүнчлэн иргэд “Сүүлийн жилүүдэд төрийн өмч үнэгүйдэж, түмэн олон дорд үзэгдэх явдал газар авчээ”, “Ороод гарахад л сэтгэл ханамжтай үйлчлүүлээд гардаг бол сайхан байхсан” гэцгээж байв. Үнэндээ ч төрийн байгууллагын нүүр царайг гутаасан тус газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, орчин нөхцлийг нь сайжруулах цаг хэдийнэ болжээ.

 

Албаныхан эдийн засаг хямарч төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байна гэлцдэг ч сэтгэл гаргаад хагархай хана, халтар шалаа угаачихдаг болвол зүгээр юм даа гэх бодол ч төрж байсныг өгүүлэх нь зүйтэй болов уу?

 

Нэрээ бус үйлчилгээнийхээ соёлыг сайжруулахыг иргэд хүсч байна

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулдаг “Зам тээврийн хяналт бүртгэлийн газар” татан буугдаж тус төвийн тээврийн хэрэгслийн газартай нэгдэн Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг байгуулсан.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтэс, Бүртгэлийн архив лавлагааны тасаг гэсэн нэгжтэй. Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтэс нь авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх, улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, улсын бүртгэлээс хасах болон явуулын дугаар олгодог аж.

 

Гэтэл нэрээ өөрчилж Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар гэгдэх болсон тус байгууллагын нүүр царай, үнэн төрх ийм байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөрт хэдэн зуун хүнд үйлчилдэг тус газар нь энэ мэт соёлгүй бохир заваан байдлаар иргэдийг дорд үзэж, төрийн нэрийг бохир шал, хагархай ханаараа гутааж байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс тус газрын үйлчилгээний соёл, өнгөр үзэмжийг сайжруулах тал дээр холбогдох албаны хүмүүс анхаарлаа хандуулаасай гэдэг үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

 

http://www.24tsag.mn