Ө.Ганзориг: Оюу толгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес энэ жилийг давахгүй
2016/01/23
“Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг багасгах асуудал ид яригдаж байна. Хямд хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжих бодитой боломж эдийн засагт байгаа юу?
-Ажиглаж байхад энэ асуудал дээр маш олон тал байр сууриа илэрхийлж байна. Янз бүрийн өнцгүүд ч гаргаж ирж байх шиг байна. Зарим тохиолдолд бүүр орон сууцны зээл хэрэггүй ч гэх хүмүүс байдаг. Юуны өмнө иргэдээ орон сууцтай болох боломжоор хангах нь аль ч төрийн үүрэг. Гэхдээ тэр орон сууцыг төрөөс өгдөг социалист эдийн засаг нуран унаж иргэн өөрийн хөдөлмөрийн үр шимээр орон сууцаа худалдан авдаг чөлөөт зах зээлт, ардчилсан нийгэм шалгарч үлдээд байгаа гэж би ойлгодог. Орон сууцны зээл буюу моргэйж, эсвэл ипотек гэж нэрлээд байгаа энэ зүйл бол чөлөөт эдийн засаг дахь шалгарсан санхүүгийн механизм гэдгийг юуны өмнө ойлгох ёстой. Энэ утгаараа моргэйжийн хүүг буулгах нь аль ч төрийн, төв банкны, арилжааны банкны зорилго байдаг. Манайд 2004, 2005 оноос буюу нэлээд хожуу банкны моргэйжийн бүтээгдэхүүн гарч эхэлсэн. Гэхдээ банкуудын эх үүсвэрийн өртөг их өндөр тул хүү нь өндөр байсан. Найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд 15 орчим хувийн хүүтэй моргэйжээ найман хувийн зээлд хөрвүүлсэн. Шинээр маш олон мянган хүн орон сууцтай болж чадсан давуу тал бий. Одоогийн байдлаар 76 мянган өрх моргэйжтэй байна. Сүүлийн гурван жилд гурав дахин өссөн гэсэн үг.
-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж шийдвэр гаргах түвшинд яриад эхэлчихсэн. Гурван хувиар буулгах боломж бүрдсэн үү, ингэж буулгасны сул болон давуу талыг та юу гэж харж байна вэ?
-Америкт моргэйжийн хүү жилийн дөрвөн хувьтай, Японд 1.5 хувьтай байна.Тэдний төв банкны бодлогын хүү ердөө тус тус 0.5 болон 0.1 хувьтай байгаа. Нөгөө талд Оросын дундаж моргэйж 12 хувьтай байхад Оросын төв банкны бодлогын хүү 11 хувь байх жишээтэй. Манайд харин бодлогын хүү 12 хувь байхад моргэйж найман хувийн хүүтэй байгаа. Моргэйжийн хүүг таван хувь хүртэл буулгах эсэх асуудал ярьж байна. Гол нь зөв нөхцөл байдлыг бүрэлдүүлэх нь чухал. Монголд зээлийн хүү маш өндөр байна. Зөвхөн моргэйж гэлтгүй бүхий л төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг Монголбанк дангаараа шийдэж чадна гэж бодохгүй байна. Юуны өмнө зээлийн хүү өөрөө банкуудын эх үүсвэрийн хүүн дээр суурилж гардаг. Хадгаламжийн хүү 10, 12, 15 хувьтай байхад бид зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь тун хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Эх үүсвэрийг хямд, олдоцтой болгох чиглэлээр засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд ч гэсэн энэ тал дээр маш хариуцлагатай байх ёстой.
-Орон сууцны зээлийн эх үүсвэр манайд байна уу?
-Эх үүсвэр дотоодын болон гадаадын зах зээлээс орж ирдэг. Дотоодын зах зээл бол мэдээж хязгаарлагдмал. Харин гадаад зах зээлд мөнгө хангалттай их байна. Гэвч манай нэр хүнд маш хангалтгүй байгаа учраас гадаадаас хямд эх үүсвэр орж ирэхгүй байна. Монголын банкууд, компаниуд гадаад зах зээлээс зээл, хөрөнгө оруулалт татсан бол чадах чинээгээр ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл Монгол Улсын нэр хүндийг унагаахгүй байх чиглэлд бүх чадлаа дайчилж ажилладаг. Харин нөгөө талд нь улстөрчид судалгаа тооцоогүй, алсыг хараагүй, эсвэл эрх мэдлийн төлөө буруу шийдвэр, буруу популизм хийж гадаад зах зээлийг хааж байна. Тийм учраас би зээлийн хүүг бууруулах асуудалд зөвхөн арилжааны банк, Монголбанк, Засгийн газрыг яриад өнгөрвөл туйлын өрөөсгөл болно гэж үздэг. Найман хувийг таван хувь болгож бууруулах төлөвлөгөө гаргаад, бүгдээрээ хичээгээд ажиллах хэрэгтэй. Тэрнээс чадна, чадахгүй гэж бид хичнээн олон жил мэтгэлцээд ч найман хувь тав болж буурахгүй. Эдийн засгийн суурь нөхцөл байдлууд хүндхэн байна. Түүнийг засах, залруулах, өмнөх алдаагаа давтахгүй байх, өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлэх тал дээр анхаармаар байна.
-Орон сууцны бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гол суурь нь 1.9 болтлоо буурсан инфляци гэж байгаа. Инфляци өсвөл зээлийн хүү өснө гэсэн үг үү?
-Инфляциас хадгаламжийн хүү өндөр, хадгаламжаас зээлийн хүү өндөр байдаг. Ийм л энгийн зүй тогтолтой. Инфляцийг бууруулах ачааг Монголбанкинд даатгаж хаячихаад өөрсөө дор бүрнээ дуртай зүйлээ хийдэг хариуцлагагүй байдлаа одоо зогсоох ёстой. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляцийг жилийн 2-3 хувь дээр тогтвортой барих ёстой. Тэгэхийн тулд улстөрчид маш өндөр хариуцлагыг өөр дээрээ авах ёстой байна. Инфляцийг яагаад буулгаж чадсангүй вэ гээд Монголбанкныхныг загнаж байгаа харагддаг. Тэр асуултыг өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байсан цаг үе бидэнд байсан. Одоо таг алга л болсон. Хэн хариуцлага хүлээх талаар ярьж байгаа зүйл ч алга байна.
-Инфляци өсөх ямар эрсдэлүүд байгаа вэ?
-Бид нийлүүлэлтийн сувгаа нээлттэй байлгаж, эдийн засгаа төлөвлөж чаддаггүй учраас эдийн засагт гэнэт огцом мөнгө орж ирэхээр инфляци савлаж өсчих гээд байдаг тал бий. Мэдээж зөв тооцоолохгүй, бэлтгэлгүй байвал Оюу толгойн төслийг дагаж орж ирэх хөрөнгө оруулалт инфляцийг өсгөх эрсдэлтэй.
-Бодлогын хүүг бууруулсан нь хэр цагаа олсон шийдвэр бол?
-Бодлогын хүүг харин ч хоцорч буулгалаа гэж би бодож байгаа. Одоо зах зээлд мөнгө хэрэгтэй байна. Засгийн газар төсвийн тэлэх, Монголбанк мөнгөний тэлэх бодлого явуулах цаг болсон. Эдийн засгийн хүндрэл даамжирч хямрал болоход ойрхон байна. Хямрал гэдэг бол компаниуд аргагүйн эрхэнд хүмүүсээ үй олноор нь халж эхлэх явдал шүү дээ. Түүнийг л хямрал гэдэг. Миний харж байгаагаар манай компаниуд сүүлчийн хүчээ шавхаж хүмүүсээ ажилтай нь үлдээх гэж зүтгэж байна. Энэ процесс их удаан үргэлжлэхгүй зовлон бий.
-Оюу толгой төслийн гүний уурхайн санхүүжилт энэ жилээс орж ирж байгаа. Эдийн засагт яаж нөлөөлнө гэж та харж байна вэ?
-Энэ оны хувьд Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтэд л найдаж байна. 2014, 2015 онд Монголын Засгийн газар өмнөх онуудад гарсан алдааг засах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гэж нэлээд оролдсон. Амжилт олсонгүй. Эндээс харахад хөрөнгө оруулагчид бодитой үйлдэл, бодит өөрчлөлт харахыг хүсч байна л даа. Ер нь бол бид чөлөөт зах зээлийн зүй тогтлыг, глобал зах зээлийг ойлгох болоогүй байна.
-Оюу толгойг дагаж гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Сэргэнэ. Гэхдээ бидний бодсон шиг хурдан байхгүй нь. Манай хууль эрх зүй, улс төрийн шийдвэр гаргалт, улстөрчдийн боловсрол нь өөрөө чөлөөт зах зээлийг дэмжиж, хамгаалж, гадаадын ч бай дотоодын ч бай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгаж чадна гэдгийг бид бодитоор харуулах хэрэгтэй.
-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь, 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт орж ирэх нь арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Оюу толгой болон бусад төслүүдтэй холбоотойгоор арилжааны банкуудад эерэг дүр зураг үүснэ гэж ойлгож байгаа. Хэд хэдэн хэмжүүр байгааг бид анхаарах хэрэгтэй.Хэрэв бид Оюу толгой болон Таван толгойгоо хөдөлгөхгүй бол тэртэй тэргүй хангалттай дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнесүүд 2016 оныг давахгүй. Түүнээс болж банкны салбарт хүндрэл үүснэ. Нөгөө нэг хэмжүүр нь банкуудын хөрвөх чадвар юм. Монголбанкны зүгээс хөрвөх чадварын шалгуурыг 2009 оноос хойш өсгөсөн учир Монголын арилжааны банкууд сайн хөрвөх чадвартай байгаа гэдгийг хэлмээр байна.
-Оюу толгой дангаараа биш өөр мега төсөл амжилттай хэрэгжиж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурь бий. Жишээ Таван толгой. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Таван толгой бол Хятадын зах зээлээс хамгийн их хамааралтай төслүүдийн нэг. Тэр ч утгаараа бид Хятадын зах зээлийг анхааралтай ажиглах ёстой. Юмны үнэ тогтмол байдаггүй гэдгийг улстөрчид одоо эрх биш ойлгосон байх гэж найддаг. Тийм учраас бид Таван толгойн төслөө одоо шийдэж байх ёстой. Үнэ өссөн хойно нь шийдэх гэж мунгинаж байх хооронд нүүрсний үнэ эргээд унана. Нүүрсний үнэ өсөх болно, бас унах ч болно. Тийм учраас бид нүүрсний үнэ өндөр, бага байх бүх нөхцөлийг хангасан уян хатан гэрээг хөрөнгө оруулагчидтайгаа байгуулаад Таван толгойгоо хөдөлгөх ёстой. Оюу толгой гэсэн ганцхан төслөөс хамааралтай байх нь бидэнд л муу.
mn · 2016/01/24
tarhi ygaagch min odoo ard tvmen tarhia ygaalgahgvi shvv bygdiig meddeg bson
zochin · 2016/01/23
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+3 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:8000төг болж хямдарлаа/12500-16500төг байсан/.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 1 янзын хээтэй үлдсэн.Хаяг:Гермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас:95000020,95050020...youtube Амьдралын жор Вакум цонхны дулаалга орж үзээрэй
Зочин · 2016/01/23
oyutolgoi tavan tolgoi yavdgaaraa yavj baigaa shuudee umnuh jiluudees hed dahin ih nuurs bayjmal gargaj baigaa ter mungu mongol uldehgui shuudee. buh baylagiig ni avchaad mongol urund l oruulaad garchihna. mongold bolood baigaa hyamral geech ni zugeer jiriin irged biznesuuded ochij dotooddo ergeh mungiig darga nertei hulgaich nar ideed gadaadad gargatsan engiin asuudal shuudee. hichneen ord hichneen baylagaa zugeer ughiig ni uguud zarhii ni zarlaa ch niit irgeded naaldahgui l yum bol ediin zasag sergeh tuhai yariad hereggui. mongold hulgaichdaas uudeltei hyamral l bolj bga busdaar bol bugd heviin