Хүнд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл агаар,  хоол хүнс хоёр байдаг. Бид   сүүлийн жилүүдэд агаарын бохирдол хэрээс хэтэрсэн тухай ярьж, энэ талаар арга хэмжээ авч эхэлсэн.  

Учир нь агаарын бохирдол бидний нүдэнд бодитойгоор харагдаж, хүн бүр мэдэж байгаа болохоор. Гэтэл хүнсний аюулгүй байдал бидний нүдэнд харагддаггүй учраас энэ талаар тэр бүр яриад байх нь ховор.

Хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн он, дуусах хугацааг нь сайтар харж худалдан авахад найдвартай гэж үздэг байсан. Гэтэл өдгөө гадаадын улс орнуудаас хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэхдээ хугацааг нь засч хэрэглэгчдэд худалдах болжээ. Аливаа хүнсний бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа муудаж, чанараа алддаг. Угаас ч мөнх хэвээрээ байдаг зүйл нэгээхэн ч үгүй. Гэтэл иргэд зовж олсон мөнгөөрөө өнгөлөн далдлалт хийсэн чанаргүй бүтээгдэхүүн авч хэрэглэсээр л.  

 Энэ онд  ХӨСҮТ-ийн эмч нар ард түмэндээ хандаж уриалга маягийн зүйл гаргаж байсаныг санаж байна. Тэд хэлэхдээ: “Монголчууд элэгний өвчлөлд их нэрвэгдэх болсон нь архинаас илүүтэй Хятадаас оруулж ирсэн төмстэй холбоотой гэнэ. Хятадуудын төмсөө бордож байгаа бордоо нь хүний элгэнд муугаар нөлөөлдөг юм байна. Гэхдээ тэр нь давтамжтай байдаг аж. Хамгийн ноцтой давтамж нь одоо тохиож байгаа гэнэ. Тиймдээ ч ойрын жилүүдэд элэгний өвчлөл маш их байгаа” гэдгийг эмч нар хэлсэн. Иймээс эмч нар  Хятадаас оруулж ирсэн төмс, хүнсний ногоо хэрэглэхгүй байхыг иргэдэд уриалж байсан юм. Зөвхөн төмс л гэхэд ийнхүү элэгний өвчлөлд хүргэж байгаа юм чинь бусад хүнсний бүтээгдэхүүн бидний ямар эрхтнийг хордуулж, үхэл рүү чимээгүйхэн түлхэж байгаа бол? Манай улс хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг гадаад орнуудаас тэр дундаа урд хөршөөсөө импортлодог.  

 Иймд манай улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар төвшинд байгаа нь ойлгомжтой.  Бид хугацаа нь дууссан, эсвэл ашиглалтын буруу горимд хадгалсан  хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс сүүлийн жилүүдэд  хорт хавдар залуужиж, энэ төрлийн өвчнөөр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна.

Манай улс хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирэхийг зөвшөөрдөг цөөхөн орны нэг. Зарим улс оронд бол зөвхөн аж ахуйн нэгжүүд хатуу хяналтын дор хүнсний бүтээгдэхүүн импортлох эрхтэй байдаг. Тэд зөрчил гаргавал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдаг тул маш хариуцлагатай ханддаг байна.  Харин манай улсад хувиараа хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа хэдэн мянган иргэн бүрийг хянаж, хариуцлага тооцох боломж хомс. Ийм нөхцөлд импортын хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааны тухай ярихад нэн хүндрэлтэй.

НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ядуурлын улмаас хоол хүнсний хомсдолтой амь зууж байгаа бол дэлхий дээр жил тутам 6 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай  холбоотой өвчин эмгэгээр нас барж байгаа гэх баримт бий. Мөн ДЭМБ-аас дэлхийн хэмжээнд хорт хавдраар өвчилсөн таван хүн тутмын дөрөв нь хоол хүнстэй холбоотой шалтгаанаар өвчилдөг гэж үзэж байгаа юм.

Тиймээс хүнсний аюулгүй байдал, чанарын асуудалд төр засгаас дорвитой арга хэмжээ авч, зохицуулалт хийх шаардлагатай болжээ.

Б.Хорлоо