CEO клубийн ерөнхийлөгч, “Хас”-ын Ч.Ганхуягийн ярилцлага "Өдрийн сонин"-ы нэгдүгээр сарын 28-ны өдрийн дугаарт хэвлэгдсэнийг вэб сайтдаа нийтэлж байна.

-Таны хувьд Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад очиж Дэлхийн залуу манлайлагчдын форумд ороод ирсэн. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал” сэдвийн хүрээнд болсон гэж дуулсан?

-Миний хувьд албан ёсны чуулга уулзалтад оролцоогүй. Гэхдээ Дэлхийн залуу манлайлагчдын форумд оролцсон хүмүүстэй санал солилцсон. Мөн “Монголын үдэш” арга хэмжээнд оролцоод ирлээ. Давосын чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб гуай “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” ном гаргаснаа оролцогчдод танилцуулж, ерөнхийдөө энэ хүрээнд асуудлууд яригдсан.

Хүн төрөлхтөн цахилгаан хэрэглэж, уурын хөдөлгүүр зохион бүтээсэн цагаас хойш компьютер, гар утас гэх мэтчилэн технологийн хөгжил биднийг дахин нэг том өөрчлөлтийн зааг дээр авч ирлээ.

Дэлхийн хүн амын өсөлт, дэлхийн дулаарал, улс орнуудад болж буй эдийн засаг, нийгмийн хямрал, Дундад Азид болж буй мөргөлдөөн ярианы гол сэдэв болсон. Хүн төрөлхтөн ядуурал, өлсгөлөнгөөсөө салж чадаагүй, баян ядуугийн зааг дээр бүх зүйл автоматжиж байна. Тиймээс дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын дүнд хүмүүс ажилгүй болох магадлалтай.

-Яагаад?

-Учир нь илүү бүтээмжтэй робот хүнийг орлоод явна. Хиймэл оюун ухаан бий болоод ирэхээр хүнийг бүрэн орлох боломжууд гараад ирчих тул нэг талаас роботууд бүх зүйлийг хийснээр нийгмийн дундаж анги байхгүй болно. Хүний хөдөлмөрийг роботууд хийгээд ирэхээр тэр хүмүүс ажилгүй болох сөрөг талтай. Хүмүүс оюуны хөдөлмөр хийж сайхан амьдрах боломж бий гэдгийг дэлхийн удирдагчид хэлж байна. Эдийн засгийн форумын сайн тал нь дэлхийн шилдэг удирдагчдыг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Энэ жилийн онцлох хүн гэвэл Канадын залуу Ерөнхий сайд Жастин Трудо байлаа. Бусад нь бол яахав өнөө л ирдэг хүмүүс нь ирсэн.

-Та Дэлхийн залуу манлайлагчдын чуулганд оролцсон. Тэд ямар асуудлыг хөндөж байсан бэ. Дэлхийн эдийн засгийн чиг хандлагын тал дээр залуус ямар байр суурьтай байна?

-Дэлхий дээр болж буй бүхий л зүйлс маш их савлагаатай болчихлоо. Хятадад Шанхайн хөрөнгийн бирж савлахад л Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжаагаа зогсоож байх жишээтэй. Хятадын удирдагч Си Жиньпиний авлигатай хийж буй тэмцэл нь ихээхэн хэмжээний мөнгө Хятадаас гаргахад хүргэлээ. Энэ нь өөрөө Хятадад эргэлдэж буй мөнгөнд нөлөөлж, нээлттэй эдийн засаг руу шилждэг байдлыг хааж эхэлсэн тул эдийн засгийн өсөлтийн хувь нь зургаа руу орж байна. Эдийн засгийн энэ үйл явц нь дэлхийн бусад аж үйлдвэржсэн орнуудад нөлөөлөл үзүүлж байгааг дэлхийн томоохон эдийн засагчид анхааралтай ажиглаж байна л даа. Мөн Хятадын геополитикийн асуудлыг хөндөж байсан. Тухайлбал, Хятад Африкийн зарим орнуудын өрийн асуудлыг шийдэж байгаа хэлбэрээс эхлээд Тайваньд гэхэд Хятадтай ойр дотно харилцаатай байхыг эсэргүүцдэг сөрөг хүчний намынх нь эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ нь геополитик, эдийн засгийн дараагийн алхмуудад нь сөргөөр нөлөөлж эхэллээ.

Манай орны хувьд хоёрхон хөрштэй болохоор тэднийгээ л сайн харах хэрэгтэй. Нэг талаасаа аюул заналхийлэл, нөгөө талаасаа бидэнд байнгын боломжийг гаргаж өгч байдаг. Харамсалтай нь бид боломжуудаа авах тал дээр дэндүү хойрго ханддаг.

-Хятадын эдийн засгийн нөлөөлөл нь бидэнд хэр хүчтэй доргилт өгөх вэ. Эдийн засгийн тал дээр манай улс Хятадаас хараат шахам байдаг шүү дээ?

-Монгол Улс 100 хувь Хятадын эдийн засгаас хамааралтай. Бид нефтийн бүтээгдэхүүнээс бусад зүйлийг бараг 100 хувь Хятадаас авдаг. Экспорт мөн 100 хувь Хятадтай хамааралтай. Манай гадаад валютын дотогшоо чиглэсэн урсгал Хятадаас орж ирдэг. Хятад хаалгаа хаахад Монгол Улс дампуурна гэсэн үг. Хятадын эдийн засаг саарахаар ямар аюул болдгийг нүүрс, зэсэн дээрээс харж болно. Монголчууд үүнийг ходоодоороо мэдэрч эхэлсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” уулзалтад оролцсон гэсэн. Үр дүн гарав уу?

-Уул уурхайн чиглэлээр Монгол Улстай бизнес хийж болно. Уул уурхайн түүхий эдийн баялагтай гээд итгэлийг сэргээх зүйл ярьдаг ч харамсалтай нь улс төрийн тогтвортой байдал, тогтвортой бодлого байхгүй байгаа нь Монголыг тоож ирэх хүнгүй болгосон. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагч олох гэж үйлээ үзэж байхад манайхыг гэх хүн харамсалтай нь алга. Бид өөрсдийн боломж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

Азийн бар Тайланд гэхэд “Хүчтэй, хамтдаа” гээд өөрсдийгөө рекламдаж байна. Индонези, Австрали, Америк гээд дэлхийн бүх орнууд гадны хөрөнгө оруулалтын төлөө алалцаж байхад ганцхан манайх л түлхдэг. Үнэнийг хэлэхэд манайх шиг тэнэг улс алга.

-Одоо бид яах ёстой юм. Давосын чуулга уулзалтын үеэр манайд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс юу гэж байсан бэ?

Бид хөрөнгөө аваад ирье гэж байсан хүмүүсээ “амжилттайгаар” хөөгөөд явуулчихсан. Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй хоосон толгойтнууд “Засгийн газраа унагана” гээд явж байгаа аманд нь орчихлоо. Энэ хүмүүсээр хувь заяагаа шийдүүлж байна. Гэтэл бизнес эрхэлж, шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс Монголдоо байх уу эсвэл бүх зүйлээ хаяад дүрвээд явах уу гэдэг сонголтын өмнө ирчихлээ. Бусад орнуудад зэр зэвсгийн дайн болж байхад манайд популизмын дайн болж, популистуудад зодуулаад дууслаа.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байх үеэр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсан. Монголд болж буй энэ жижиг улс төр тэнд мэдрэгдэж байсан уу?

-Хөрөнгө оруулагчид биднийг юм хийдэг Ерөнхий сайдтай болоод Засгийн газар нь ганц жил ч гэсэн тогтвортой ажиллах нь гэж харж байтал Засгийн газрыг огцруулах төсөл өргөн барьснаараа “Эд нар хэзээ ч бүтэхгүй юм байна” гэсэн ойлголтыг нь улам баталсан.

Монголд болж буй улс төрийн бүхий л процессыг гадныхан анхааралтай ажиглаж байдаг. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барьсан нь хангалттай сөргөөр мэдрэгдсэн. Засгийн газар бонд босгох гээд гадны банкируудтай уулзаад явж байхад ийм зүйл болсноороо гацаачихлаа. Монголын нэг хүн 14 мянган ам.долларын өртэй боллоо гээд хачин хачин тоо гаргаж ирээд ярьж байна. Улс өртэй байгаа нь үнэн. Энэ өрийг ав гэж байгаа юм биш. Гэхдээ тооцоо судалгаа хийгээд оруулаад ирвэл хариуцлагатай зарцуулах ёстой. Өмнөх Чингис, Самурай бонд шиг хүмүүст тарааж дараа нь бие биенийгээ барьж шоронд хийдэг байдлаар зарцуулж хэрхэвч болохгүй.

Рио Тинтогийн өөртөө авсан зээлийг хүчээр бидний нуруун дээр авч ирж үүрүүлэх маягаар тайлбарлах хэрэггүй. Энэ бол Рио Тинтогийн л өр. Шангри Лаг барихад Керри групп, MCS зээл авсан бол тэдний л өр. Шангри Лагийнхаа өрийг тэд л төлөх болохоос бид төлөхгүй. Өрөө төлж чаддаггүй юмаа гэхэд цаад хүмүүс нь барьцаанд нь Шангри Лаг нь л авна. Шангри Лаг өрөнд авлаа гээд Монголоос өргөөд аваад явчихгүй. Шангри Ла Монголд ирсэн жуулчдад л үйлчилнэ. Уул уурхай үүнтэй яг адилхан. Нэг км-ийн доор байгаа газрыг баялаг гээд иргэдээ утаагаар амьсгалуулж, шавраар хооллуулж, баастай нь хутгаад сууж буй популист улстөрчдийг би үзэн ядаж байна.

-Баялаг гэдгийн үнэ цэнийг өнөөдрийг хүртэл манайхан ойлгохгүй байгаа юм биш үү?

-Салхины аясаар хийсч байдаг элс үнэ цэнгүй байдаг даа. Элсний карьераас элсийг нь авч цэвэрлээд барилга барьж буй компаниудад зарсны дараа тэр баялаг болдог. Уул уурхайн баялаг гэдэг чинь эзэндээ очиж, эргэлтэд орж мөнгө болсноор баялаг болдог юм. Түүнээс биш Монголын газар нутгийг зарж, барьцаанд тавин, зээл аваад бидний баялгийг худалдчихлаа гэж ярьдаг энэ хоосон ярианаас салах цаг болсон. Энэ бол бизнес. Ийм бизнесийг ойлгохгүй хүмүүс Монголыг худалдчихлаа гэж ярьж байгаа нь ямар ч сонголтгүй болгодог. Бид эдийн засгийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсанаар цаашдаа улс орны тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрч болзошгүй. Тиймээс жинхэнэ эх орноосоо урвагчид бол С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтнүүд. С.Ганбаатарыг дээрээ залсан ХҮН-ынханд юу хэлэх вэ дээ. Тэр намд нь байгаа миний найзууд бол өөдгүй, хоосон толгойтой, тэнэг новшнууд юмаа гэж “Өдрийн сонин”-оор дамжуулаад хэлчихье. С.Ганбаатарын улс төрийн рейтинг нь нэгдүгээрт яваа учраас энэ хүн гараад ирвэл би Тамгын газрын дарга болно гээд зүүдэлж яваа андуудаа хараад дургүй хүрч байна. Ганц удаа ч болтугай хүн ажиллуулж үзээгүй, насаараа худлаа ярьж явсан хүнийг өөрсдийнхөө дээр тавьчих юм.

-Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Монголын үдэш” арга хэмжээ болж Монголыг сурталчилсан. Гадныхан хэр сонирхож байсан бэ?

-Давосын чуулга уулзалтын үеэр “Монголын үдэш” арга хэмжээ болдог. Тэнд Ерөнхийлөгч оролцдог. Манайхан Төрийн тэргүүнээ янз бүрээр муу хэлдэг. Ерөнхийлөгчийн зүгээс гадны орнуудад Монгол Улсыг сурталчлах арга хэмжээг тууштай зохион байгуулж ирсэн, тууштай чанарыг нь би дэмжиж байгаа. Манайхан аливаа ажил эхлүүлчихээд удалгүй уйддаг бол Ерөнхийлөгч энэ тал дээр тууштай ажиллаж чаддаг. “Монголын үдэш” арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк сүүлийн гурван жил дангаараа спонсорлож хийлээ. Худалдаа хөгжлийн банкныхан Монголынхоо төлөө мөнгөө зарж, өндөр хэмжээний арга хэмжээг зохион байгуулж байгаад нь баярласнаа илэрхийлье. Эх орончид гэж ийм л байх ёстой. Монголынхоо нэрийг дэлхийн тэр том удирдагчдын өмнө өндөрт өргөж, өөрсдийгөө өрөвдүүлэхгүй харин ч эсрэгээрээ бусдаас илүү байж чаддагт баярлалаа. Миний таньдаг зарим хүн арга хэмжээний талаар муулж бичсэн байна лээ. Ингэж бичиж байгаа хүмүүст чин үнэнийг хэлэхэд би гомдсон. Энэ хүмүүсийг би найзын жагсаалтаас хасна. Надад өөдгүй, эх оронч бус найз нөхөд хэрэггүй.

-Таны зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форум “Монголын үдэш” арга хэмжээний эхлэл байсан гэдэг юм билээ?

-Монголын эдийн засгийн форумаас энэ арга хэмжээний эхлэлийг тавьж байсан. Уг арга хэмжээг улам цар хүрээтэй болгож, Монгол Улс бол гуйлгачин гэдэг имижээс салгаж дэлхийн хурдтай хөгжиж буй соёлт хүн төрөлхтний нэг мөн гэдгийг харуулсан арга хэмжээ болсон. “Монголын үдэш” арга хэмжээ чуулга уулзалтын хамгийн хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болж чадсан. Монголын бизнесийн байгууллагууд төртэйгөө хамтраад улам өргөжүүлээд явуулаасай гэж хүсдэг.

-Манай орны хувьд аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалд оролцох ямар боломж бий вэ?

-Танай сонин дээр бизнесийн байгууллагуудын мэдэгдэл гарсан байна. Бизнесийн байгууллагууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дэмжиж байгаа. Үүгээр популизм хийж байгаа, том төслүүдийг оролдох гэж байгаа, дахиж бидний амьдралыг зогсоох гэж байгаа, бидний хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох гэж байгаа, Улаанбаатарын энэ утааг үхэн үхтэл биднээр амьсгалуулах гэж байгаа нийгмийн өөдгүй шаарнуудтай нээлттэйгээр тэмцэнэ. Улстөрчдөд хандан “Хэрэв та нараас болоод засаг унаад, том төслүүд гацаанд орвол та нартай улс төрийн хариуцлага тооцно” гээд хэлчихье.

-Улс төрийн хариуцлага аа...?

-Дараагийн сонгуулиар бидэнд битгий хандаарай. Бизнесийнхэн бид та нарыг дэмжихгүй гэдгийг баялаг бүтээгчид нэгэн дуугаар хэлнэ. Дахин та нараар тоглуулахгүй.

Популист завхай үйлдлийг хийж буй улстөрчдийг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллагад бид дахин ганц ч төгрөгийн реклам өгөхгүй. Бид ингэж л тэмцэнэ. Манайхан өөрсдийн гишүүд дээрээ хяналт тавиад явна. Энэ популизмыг зогсоохгүй бол арай дэндэж байна. Хариуцлагагүй улстөрчид, хариуцлагагүй сэтгүүлзүй биднийг мангасын аманд аваачиж хийчих гээд байна л даа. Төмөр зам, Таван толгой, Оюу толгойг хар. Хийж бүтээсэн юм нь байж байгаа. Улстөрчид бүх зүйлийг зогсоох гацаах, болж байсан зүйлсийг нураах тийм л зүйл хийж байна.

-Гадныхан яг ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол?

-Гадны хөрөнгө оруулагчид аль ч салбарт хөрөнгө оруулж болно. Гэхдээ өнөөгийн нөхцөлд аль ч салбарт хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Эхний ээлжинд уул уурхайн салбарт хөрөнгө оруулъя гэж байсныг нь унагаах аюулд хүргэчихлээ.

-Давосын эдийн засгийн чуулга уулзалтад орсноор ямар үр дүнд хүрсэн юм бэ. Нэг талдаа болж бүтэх зүйлсийг нь яриад байхад нөгөө талд нь Засгийн газрын байр суурь ганхах хэмжээнд хүрчихсэн байна?

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гээд Швейцарьт очдог. Гэтэл ар хударгаар нь ийм ажиллагаа явагддаг. Давосын эдийн засгийн чуулганы үеэр дандаа Засгийн газар, сайд огцруулна гэдэг зүйл явдаг л даа. Хамгийн хорлонтой нь улс орны язгуур эрх ашгийг нураая, хорлоё гэсэн өөдгүй хүмүүсийн ажил байдаг. Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан 19 хүн бол өөдгүй новшнууд.

Засгийн газрыг огцрууллаа гээд бидэнд ямар ч ашиг байхгүй. Бидэнд муу тал нь ирнэ. Миний харж байгаагаар Оюу толгойн гэрээ бол Монголын аврал. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь дахиад манайд мөнгө хийе гэж байна. С.Ганбаатар болохоор манай баялгийг хуу хамаад явчихсан гэж ярьдаг. Юм хэлээд ч ойлгодоггүй мал адгуус шиг хүнтэй ярихаас ч халширч байна. Шангри Ла дээр жишээ авч байгаад маш тодорхой тайлбарлаж бичсэн. Насаараа худлаа ярьсан, наад захын эдийн засгийн ойлголтгүй, боловсролгүй, зөвхөн хүмүүст таалагдахын тулд гоё ярьдаг алиалагчтай харьцахад хэцүү. Надад насаараа худлаа ярьсан хүнтэй би харьцахгүй. Би булайг нь дэлгэнэ. Энэ хүнийг би Ерөнхий сайд С.Батболдтой танилцуулж дэмжлэгийг нь авч өгч, долоо хоног бүр уулзалт зохион байгуулж бүх найз нөхдүүдтэйгээ уулзуулдаг байлаа. Өөрийнхөө зохион байгуулдаг байсан бүхий л арга хэмжээндээ оролцуулж СЕО клубийн гишүүдтэй танилцуулж, “Алтан сарнай”-д тодорхойлж “Алтан сарнай”-н эзэн болгож байлаа. Тэр хүн энэ бүхнээсээ ичдэггүй юм аа гэхэд би ичиж байна. Мөнгийг нь төлөөд бүх аймгуудаар болон Хас банкны бүх ажилчдаа цуглуулан лекц уншуулж байсандаа уучлалт гуйж байна. Ийм хүнтэй та нарыг уулзуулсандаа ичиж байна.

-Дэлхийн эдийн засаг хүнд байна. Үүнийг дагаад Монголын эдийн засаг ямар байна гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь дэлхийн эдийн засаг хямраагүй гэдэг тайлбар хийж байгаа харагдах юм. Та харин юу гэж харж байна вэ?

-Дэлхийн эдийн засаг хямраагүй. Харин савлагаатай байгаа. Хятадын хөрөнгийн зах зээл долоон хувиар өсч байна. Энэ хямрал биш. Манай эдийн засаг 17 хувьтай өсч байхад Хятадын эдийн засаг 7-8 хувийн өсөлттэй байдаг байсан. Тэгвэл хойд хөрш Оросын эдийн засаг хүнд байгаа. Зөвхөн газрын хэвлийгээс гарсан баялгаасаа 100 хувийн хамааралтай байсан орнуудын эдийн засаг хямарч байгаа юм. Орос, Казахстан, манайх байна. Үүнээс л дүгнэлтээ хийх ёстой. Одоо ярих биш хийх цаг нь болсон. Газрын гүнээс ухан гаргаж ирсэн баялгаа тараан өгч дараагийн сонгуульд ялдгаа болих хэрэгтэй. Энэ хүмүүс сонгогдсоны дараа ч амьдрал үргэлжилж, үр хүүхдүүд нь амьдарсаар байна. Монгол Улс эзэнтэй байх нь үнэн л юм бол бидний үр хүүхэд эзэн болж суух ёстой. Биднийг боддоггүй юм аа гэхэд үр хүүхдээ бодоод хулгайлдаг, худлаа ярьдаг, таалагдахын тулд юу ч хамаагүй хийдгээ боль. Улстөрчид одоо хийнэ гэсэн ажлаа хиймээр байна. Бизнесийнхэн бид байгаа нөхцөл байдалд нь тааруулаад чадах ядахаараа татвараа төлөөд ажлын байраа хадгалаад явж байгаа. Нийгмийн хамгийн өөдгүй, чадалгүй, залхуу хэсэг нь нийгмээ бужигнуулан хооронд нь талцуулж доош нь татаад улс орны язгуур эрх ашгийг умартаад эхлэхээр чимээгүй суух арга алга.

-Та ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм уу. Эсвэл бизнесээ хөгжүүлээд явах уу. Хэрэв гишүүн болчихвол улстөрчидтэй нэлээд ширүүн үзэх бололтой?

-Ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлчихье. Яагаад гэхээр Хөрөнгө оруулагч үндэстэн, Ард санхүүгийн нэгдэл, СЕО клубийнхэндээ би амласан зүйл байгаа болохоор хийх зүйл их байна. СЕО клуб, Монголын эдийн засгийн форумаар дамжаад тодорхой хэмжээнд бизнесийн язгуур нийтлэг эрх ашгийг хамгаалах улс төрийн ажилд оролцоно. Тэглээ гээд аль нэг намаас нэр дэвшээд УИХ-д очихгүй. Би Ардын намын гишүүн гээд намаа шүүмжлэхгүй байж болохгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг огцруулахыг 100 хувиар дэмжсэн байна лээ. Үүн дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. Дараагийн сонгууль биш Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж энэ хүмүүс сонгогдсон. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө гээд гараад ирсэн юм бол битгий бизнесийн нэрийг барьж “Татвар нэмэхгүй гэчихээд нэмчихлээ” гэж ярь. Одоогийн нөхцөлд Засгийн газар тогтвортой байх нь нэн тэргүүний асуудал болчихоод байна. Оюу толгойн төсөл хөдлөх нь чухал. Надад Оюу толгойн хувьцаа, ямар нэгэн гэрээ байхгүй. Тиймээс чөлөөтэй ярьж болно. Энэ утгаараа Оюу толгой төсөл миний хүүхдэд, Монгол Улсад, бидний бизнест хамгийн чухал. Бидэнд өөр гарц байхгүй.