Ажлын амт, говийн халууныг мэдэрсэн “Гавшгай-15”
2013/08/21
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, тус холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь зам тээвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт орон нутгийн оюутан залуусыг илгээж, түр ажлын байраар хангах төсөл юм. Төслийн багийнхан өнгөрсөн баасан гарагт зам тээврийн салбарт гар бие оролцсон залуусыг зорьлоо.
Сүхбаатар, Дорнод аймгийн 15 залуугаас бүрдсэн “Гавшгай-15” ыг нэг сарын турш Дундговь аймгийг нийслэлтэй холбох 104 км авто замын ажлын бүтээн байгуулалтад оролцжээ. Зургаан аймгийг нийслэлтэй холбох томоохон ажлын нэг болох уг замын ажлыг “Монголын хурдны зам” тэргүүтэй түншлэлийн дөрвөн компани гүйцэтгэж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхэлсэн замын шорооны ажил нь 90 хувь, суурь хучилтын ажил 20 хувьтай байна. Бидний очсон өдөр Залуусын ажлын сүүлчийн өдөр байв. 230 гаруй орчим машин техник, 500 орчим хүн бужигнасан их ажилд орон нутгийн 15 залуу өнгөрсөн сарын 17-ноос ажиллаж эхэлжээ. Тэд бол зам тээвэр, бүтээн байгуулалтын салбарынх биш.
ХААИС, ШУТИС, СУИС зэрэг сургуулийн дуучин, инженер, багш зэрэг өөр өөр мэргэжилтэй. Оюутнууд зуны амралтаар ажилтай, орлоготой зуссанаа хамгийн түрүүнд онцолж байв. Хоёр гурваараа нэгдэж мэргэжлийн ах нараараа замын бүх нарийн технологийг заалгажээ. Лабораторид шинжилгээ хийх, дурангаар хэмжилт хийх, замын дэргэдэх хөдөлгөөнийг зааварчлах түмп цутгах зэргээр тус тусын ажлыг 30 хоногийн турш хийжээ. Харин хоёр нөхөр нь бусдынхаа хоол ундыг бэлтгэх тогоочоор ажилласнаа дуулгав.
“Гавшгай-15” багийн хамгийн томоохон бүтээн байгуулалт нь 104 км зам дахь ус зайлуулах хоолойг барьжээ. Шороогоор дарж, зам барьсны дараа харахад ажиллагаа багатай харагдах ч хийгээд ирэхэд хэдэн машины граж барих дайтай том бүтээн байгуулалт аж. Биднийг очиход нэг сарын хугацаанд замын ажлын нарийн технологийг эзэмшсэнээ бахархан харуулж байлаа. Замын бүтээн байгуулалт маш нарийн технологитой ярвигтай ажил аж. Лабораторийн хэмжилтээ буруу хийчихвэл технологи алдагдана. Дурангийн хэмжүүрээ буруу тооцоолбол стандарт зөрнө. Энэ мэтчилэн чимхлүүр ажилд оюутнууд маань нэгэнт даджээ. Ийнхүү нэг сарын хугацаанд замын ажилд хувь нэмэр оруулсан залууст компанийн зүгээс ажлын хөлсийг олгосон юм.
“Ажлын гараа” төсөлд хамрагдагсдад Засгийн газраас 500 мянган төгрөгөөр цалинжуулж буй. Харин оюутнуудыг хариуцан ажиллуулсан “Монголын хурдны зам” компанийн зүгээс тус бүрт нь 250 мянган төгрөг олгож буй. Тэд ингээд зогссонгүй. Шинэ төсөл, шинэ илгээлтийн эздийн хүсэл эрмэлзэлд баяр нэмж оюутан бүрт дахин 50 мянган төгрөгийн урамшуулал олгох болсноо компанийн захирал Ж.Шуумаржав дуулгав. Зуныхаа амралтаар анх удаа ажлын амт, говийн халууныг мэдэрсэн байж 800 мянган төгрөг өвөртөлсөн залуус нутгийн зүг инээд алдсаар хөдөлсөн юм. “Ажлын гараа” төсөлд хамрагдсан олон олон залуус тэдэн шиг ажлын амтыг мэдэрсээр гэрийн зүг жолоо залсаар байна.