С.Зориг агсны гэргий Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих ангид саатуулаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Түүнийг Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай албан ёсны мэдээлэл байгаа юм. Гэвч энэ асуудлаар хууль шүүхийн байгууллагууд өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбарыг хийгээгүй байна. Б.Булганыг 18 жилийн турш илрээгүй байгаа Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын үед санаатайгаар худал мэдүүлэг өгч, хууль хяналтын байгууллагын ажилчдыг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьж эхэлсэн гэдэг. Гэхдээ энэ нь үнэн эсэх нь эцсийн байдлаар нотлогдоогүй байгаа.

Харин Б.Булганы ээж Байгалмаа “УИХ-ын “Өргөдлийн байнгын хороо”-нд хандаж, цагдан хорих байгууллага, прокурорын зүгээс Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна. Хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянан шалгах шаардлагатай байна” гэсэн өргөдөл ирүүлжээ.

Тиймээс уг өргөдөлтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэйгээр Төв аймгийн цагдан хорих ангид очиж, Б.Булгантай уулзаж түүний санал бодлыг сонсжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө ингэж ярьсан юм.

-Б.Булганы биеийн байдал ямар байгаа вэ?

- Ерөнхийдөө хэвийн гайгүй байна.

Эмнэлгийн туслалцаа авахыг хүсч байна уу?

- Одоохондоо бол шаардлагагүй. Гэхдээ хууч өвчинтэй боловч одоогоор гайгүй гэсэн.

- Цагдан хорих байрны хоол хүнс, орон байрны дулаан, агааржуулалт хангагдаж байна уу ?

- Хэвийн асуудалгүй байна.

Гэр бүлийнхэндээ хэлүүлэх зүйл юу байна вэ?

- Миний талаар санаа зоволтгүй би сайн байгаа гэж хэлүүлсэн.

-Ямар нэгэн хүсэлт хэлж байна уу ?

- Өмгөөлөгчтэйгээ тогтмол уулзахыг хүсэж байна. Долоо хоногтоо нэг удаа ядаж 14 хоногтоо нэг уулзмаар байна гэж байна.

-Өөр ямар хүсэлт байна вэ?

- Унших ном, сонин, сэтгүүл тогтмол оруулж өгөөч. Цагдан хоригдож байгаа ч гэсэн Монгол улсын жирийн иргэн ялтан хүн биш учраас мэдээлэл авах эрхтэй.

Дээрх асуултуудыг түүнээс авч санал хүсэлтийг нь сонслоо. Мөн хэрэг илрүүлэхийн тулд эрүүдэн шүүж , тамлан зовоож болохгүй. Иргэний эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлэх ёстой гэсэн зарчмыг бид барьж байна. Ар гэрээс нь уулзъя гэвэл бид уулзуулахын тулд ажиллана. Хэрвээ өмгөөлөгч нь уулзуулахгүй байна гэсэн гомдол гаргавал уулзуулж өгнө. Зориг агсны хэрэг 18 жил болж байна. Гэхдээ хэргийг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Энэ хэрэг илрэхийг Монголын ард түмэн ч хүсч байгаа билээ. Тиймээс хуулийн дагуу хүний эрхийг хүндэтгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой. Ингээд би прокурорт албан бичиг өгөх гээд төлөвлөөд байна. Прокурор бол мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, хүний эрхийн хангаж хамгаалах үүрэгтэй.

Б.Элбэрэл