Манай улсын эрүүл мэндийн салбар сэхэх хүчгүй болсон. Сайдтай байхдаа ч хүнд суртал, хээл хахуулийн үүр уурхай болж, ажилдаа хайнга, хариуцлага алддаг гэх шүүмжээр тасардаггүй.

Саяхан хүүхэд учиргүй бөөлжиж, толгой хүчтэй өвдөөд байна хэмээн сандаргасан учраас түргэн дуудалгүй эх нялхсын яаралтай тусламжийн тасгийг зорин очлоо. Яарч, сандарсан үед яахаа мэдэхгүй яваад очсон хүн үүдээр нь ороод л сувилагчид нь загнуулчихав. "Дүүргийнхээ хүүхдийн түргэн дээр очиж үзүүлэхгүй, юу хийж манай дээр ирдэг юм. Бид нар ачаалал ихтэй байна. Хэрвээ үзүүлнэ гэвэл 2-3 цагийн үзэж болох юм. Хүлээгээд сууж бай" гэх нь тэр. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү ажил. "Томчууд" бид бол яая гэсэн гүрийгээд хүлээгээд л байгаад байхаас өөр зам үгүй. Ингээд хүлээж байгаад үзүүлтэл ээлжид гарч байгаа эмч нь "Хүүхэд үзэх тэнхэл алга. Залхуу хүрээд хэцүү байна. Ядраад байна" гэсээр угтав. Хүүхдээс маань биеийг нь яасан талаар асуучхаад "Мэдрэлийн эмчид үзүүл" гээд сувилагчийгаа бичиг хийж өг гэлээ. Би ч гайхаад л "за за" гээд хүүгээ аваад өнөөх эмч рүү нь явлаа. Хоёрдугаар давхарт байрлах мэдрэлийн эмчийн өрөөнд ортол "Өө гайгүй л хүүхэд байна ш дээ. Яах гээд наашаа үзүүл гэсэн юм бол" /үзээгүй байж ийн хэлсэн юм/ гэсээр дур муутай угтаж, хүүхдийг минь үзэв.

Би эмч биш учраас тэдний ажилд саад болохгүй гэсэн үүднээс хэлсэн зөвлөгөөг нь үг дуугүй дагаад баахан шинжилгээ өгөх үүрэгтэй болоод гарч ирлээ.

Маргааш нь хааяахан зорьдог хувийн эмнэлэгтээ очиж хүүхдээ үзүүлэхэд "Ханиад хүрсэн байна" гээд хөнгөн үйлчилгээтэй эм бичиж өгөөд гурван өдөр уулгаж, хоолны дэглэм барихыг зөвлөв. Ингээд үзүүлсэн өдрөөс халуурч эхэлсэн юм. "Ханиад хүртэл шинж тэмдгээ нууж илэрдэг болжээ" гэж дотроо бодон улсын эмнэлгийн эмч нар мэддэггүй юм байхдаа хэт их ачаалалтай байдаг болохоороо түүртсэн юм болов уу хэмээн элдвийг бодов. Тэдэнд сэтгэл дутав уу? Хувийн эмнэлгийн эмч нар ч ачаалалтай ажилладаг өчнөөн хүүхэд ханиадаар өвчилж байна. Гэтэл улсын эмнэлэг нь ийн хүнд суртал гаргаж, сэтгэлээсээ хүнээ үзэхгүй байхаар иргэд дур мэдэн эм өгч эрүүл мэндээ хохироох асуудал сөхөгдөх нь арга үгүй юм байна. Гэхдээ та бүгдийг "тааж, дур мэдэн эм уу" гэж уриалаагүй шүү.

Ачаалал ихтэй байгаа гэх шалтгааныг иргэд бид байнга сонсдог. Гэвч тэд хүний эрүүл манаанд зогсож байгаа улс ийм хариуцлагагүй хайнга хандаж, хүнд суртал гаргах ёстой гэж үүнийг л ерөөсөө ойлгохгүй байна. Хүн болгон л үүнийг ойлгохыг хүсдэг биз. Эх нялхасыг зориход нярай хүүхдээс эхлээд бага насны хүүхдээ дагуулсан олон эцэг эх ирж байсан. Тэд бүгд л мэргэжлийн эмч нарт үзүүлж, хүүхдээ эдгээхийн төлөө яваа улс гэдэг нь мэдээж. Гэтэл эмч нар өөдөөс нь ядарч байна гэх тайлбарыг өгөөд "ханиад хүрсэн" байна гэдгийг ч яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тангараг өргөсөн цагаан халаатнуудын нэр, усыг дурдахаасаа илүүтэй эрүүл мэндийн салбарт ажилладаг зарим нөхдүүдийн ажилдаа хандаж буй хандлагыг бодит амьдрал дээр хэрхэн өрнөдгийг хүргэхийг хүслээ.

Гэтэл өчигдөр Эрүүл мэндийн салбар “сэхээнд” орсон хэмээн “Эрүүл монгол клуб”-ээс мэдээлэв. Тэд энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдын томилгоо, энэ салбарын бодлоготой холбон тайлбарласан юм. Клубын тэргүүн Б.Бат-Ирээдүй эрүүл мэндийн салбарт 2014 оноос уналт ажиглагдаж, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт доройтож эхэлсэн хэмээн онцлов.

Тэрбээр “2014 онд салбарын сайдаар эрүүл мэндийн асуудал огт мэдэхгүй, мэргэжлийн бус хүнийг томилсон. Одоо бүр сайд ч үгүй байна. Энэ хугацаанд хүн амын дунд халдварт өвчин, гэмтэл, нас баралт, бэлгийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт бүгд доройтсон" гэв.

Эрүүл мэндийн салбар хэд хэдэн чиглэлд доройтжээ. Үүнд, Салбарын сайдын томилгоо тогтворгүй, мэргэжлийн бус хүний уршгаар халдварт бус өвчлөл хоёр дахин нэмэгдсэн. Амьсгалын замын өвчин 10 мянган хүнд 1579, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133, зүрх судасны өвчлөл 954, гэмтэл, хордлого 567 ногдох болсон аж.

Түүнчлэн салбарын урт хугацааны бодлогогүй байгаа гэв. Тухайлбал, төсвийн 85 хувийг эрүүл мэндийн салбарт гал “дарах” байдлаар зарцуулж буй нь салбарын бодлогогүйгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаагийн илрэл хэмээн тайлбарлалаа. Тус клубийнх нь ойрын хугацаанд салбарын сайдыг мэргэшсэн хүнээр томилохыг шаардаж ийнхүү үгээ хэлж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа гэнэ.

Мэргэжлийн сайдгүй байлаа ч хүний алтан амийг аврах тангараг өргөсөн эмч нар хүнд суртал үнэртүүлмээргүй байна.