Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлдэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байна.

Иймээс та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Үүнд:

- Хөгжим хэтэрхий чангаар сонсохгүй байх.

Бидний чихэнд 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг. Тиймээс та хөгжим сонсож байгаа бол та дууны дээд хязгаарын 60 хувиас хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

- Чихэвчний хөгжим сонсож байгаа дууг маш сул дээр нь тохируулж сонсох.

- Концертын танхим, диско клуб, үзвэр үйлчилгээний газарзэрэг чимээ шуугиан ихтэй газруудад байгаа бол чихний зориулалтын бөглөө хэрэглэх.

Ингэснээр дуу чимээг 5 - 45 децибелээр бууруулах боломжтой.

- Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж байх.

- Чимээ шуугиан үүсгэж байгаа эх үүсвэрээс аль болох хол байх нь дүлийрэх аюулаас урьдчилан сэргийлнэ.

- Чимээ шуугиан үүсгэгчийг бүгдийг нь унтрааж, түр зуур завсарлага авч чихээ амрааж байх.

- Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх.