Уржигдар орой 18.00 цагийн үед Спортын төв ордны урд хуушуур бариад явж байсан хоёр эмэгтэйн нэгнийх нь гялгар ууттай хуушуурыг 15 орчим настай “өрвөгөр” хүү дээрэмдээд зугтааж байхыг харлаа. Хуушуурын дээрэмчин хүү хэн нэгэнд баригдахгүй гэсэндээ замдаа таарсан хүмүүсийг дайрч унагах шахаад, машин зам гараад гүйчихэв.

Хоёр хуушуурын төлөө тэр машинд дайруулахад ч бэлэн байсан гэсэн үг. Угаас эдийн засгийн хямарлаас үүдээд сүүлийн үед хулгай, дээрмийн хэрэг дийлдэхээ болих янзтай байна. Шатахуун түгээх станц, банк, айл дээрэмддэг байсан бол сүүлдээ атга хоол дээрэмдэхдээ тулсан байна монголчууд.

Өчигдөр Төв аймгийн Аргалант суманд байрлах “Сод монгол”-ын ШТС-ийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал цагаан өнгийн жижиг машинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утас дээрэмдээд зугтсан аж. Харин цагдаагийнхан тэднийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан баривчилсан байна. ШТС-д халдсан этгээдүүд 21 настай эрэгтэй Д, Б, О, Г, 18 настай эрэгтэй Ч нар байжээ. Өмнө нь өндөр настай эмэгтэй дээрэмдсэн залуус 20 орчим настай байсан бол банк дээрэмдсэн этгээдүүд мөн л 20 гаруй настай ах дүү байлаа. Уржигдар зүүн дөрвөн замын ойролцоо буу тулган дээрэм хийсэн хоёр залууг камерт өртсөн зургаар нь эрэн сурвалжилж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хямралын үед яах учраа олохгүй болсон хүүхэд, залуус бараг хэнээс юу ч хамаагүй дээрэмдэж амь зогоодог болчихоод байна. Нэг ёсондоо ийм нийгмийн давхарга үүслээ.

Нэг талаараа дэлхийн зах зээлд алт, зэс нүүрсний үнэ унасантай холбоотой олон улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа ч манай улсын хувьд төрийн бодлого, дотоодын үйлдвэржилтийг хөгжүүлээгүй, ажлын байр бие болгоогүй, хавтгайрсан халамж олгож, залуусыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон, хөдөөд амьдрах нөхцөл бүрдүүлж чадаагүйгээс болоод хотруу ирсэн залууст ажил олдохгүй буруу зам руу орох зэрэг нийтлэг зүйл ажиглагдаж байгаа юм. Эдийн засаг мэдээж өргөс авахтай адил үтэр түргэн сэргэхгүй, тэгэхээр яах вэ. Хулгай, дээрэм танхайн хэрэгт дарлуулсан аймшигтай хүнд нийгэмд арай ядан амь зогоосоор байх уу бид.

Хамгийн хэцүү нь гэвэл сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэлүүд энэ онд ч мөн үргэлжлэх төдийгүй илүү бэрхшээл авчирч магадгүй гэдгийг Хятадын засгийн газраас саяхан мэдэгджээ. Гэхдээ тэд хичнээн хямарсан ч улс орныхоо хөгжлийг хэвээр хадгална. Тодруулбал тэд хэлэхдээ “Хятадын эдийн засаг огцом газардахгүй. Гэхдээ эдийн засгийн эрсдлийг дутуу үнэлж болохгүй. Энэ 2016 онд хүндрэл гүнзгийрнэ” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл бий болоод байгаа эрсдлийг дутуу үнэлэхгүй байх нь чухал болохыг Хятадын эдийн засгийн хорооны дарга Сюй Шаоши сануулжээ. Тухайлбал, хөгжлийн хурд нь саараад байгаа дэлхийн эдийн засаг энэ онд сайжрахгүйг онцолсон байгаа юм. Мөн санхүүгийн салбарын болон түүхийн эдийн зах зээлийн үнийн савалгаа үргэлжилсээр байх учраас эдгээр хүчин зүйл Хятадын эдийн засагт ч нөлөөгөө үзүүлнэ гэжээ.

Угаас Хятадын эдийн засгаас Дэлхийн эдийн засаг хамаарч, Дэлхийн эдийн засаг Хятадын эдийн засагт огцом нөлөөлдөг. Ингэхдээ түүхий эдийн үнэ уналтаас үүссэн хямрал гэж байгаа. Манайд ч ялгаагүй энэ хоёр нөлөөлдөг, нөлөөлсөөр байгаа. Тэгэхээр манайд ч хамгийн их хамаатай гэсэн үг. Монголчууд бүх бүтээгдэхүүнээ боловсруулж чадалгүй, хятадын зах зээлд голдуу нийлүүлсээр байгаа. Мөн мал амьтны түүхий эдээр дамжин тодорхой хэмжээний валют гаднаас манайд орж ирдэг. Товчхондоо хэлбэл энэ онд мөн ирэх жилд бид хямралаас гарч чадахгүй байх нь гээд ойлгочихож болох нь.

Үүнээс гадна манайх чанаргүй боловсролын тогтолцоо, гэр бүлийн тогтворгүй байдал, хүмүүжил, залуусын тэвчээргүй, залхуу зэргээс шалтгаалаад маш “цөвүүн” нийгмийг үүсгэх гээд байна. Эдийн засаг угаас тийм амар сэргэхгүй, тэгвэл хямрал дагаж үүсээд буй хулгай дээрэм танхайн хэргийг хэрхэн яаж бууруулж, шийдвэрлэх вэ. Хаана ч хамааагүй залуустаа ажил олоод өгөх арга үнэндээ алга уу. “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” Эмгэнэлтэй залуусын амьдралд үнэхээр төрийн бодлого дутагдаж байна. “Ямар төр байна тийм нийгэм бий. Ямар иргэд байна тийм төр байдаг” гэдэг үгийг бодохоор энэ нийгмийн байдал нь төрийн царай болж харагдаж байна.

Н.Ганаа