Өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэв.

Мөн ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монгол банк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно хэмээн онцлов. 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох ажээ.

Харин ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг хамрагдана. Ипотекийн найман хувийн зээлтэй, мөн шинээр орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна энэ үеэр дурдлаа.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ипотекийн зээлийн хүүг таван хувь руу оруулсан нь эрсдэлтэй хэмээн зарим судлаачид шүүмжилж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж байна. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед найман хувийг таван руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

-Тэтгэврийн даатгалын сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?

-Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэг хэзээ таван хувь руу шилжих үү?

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.

-Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийгмийн даатгалын таван төрлийн сан байдаг. Эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн ослын даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан гэсэн сан байдаг. Өнөөдөр огт үлдэгдэлгүй байдаг сан бол Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан юм. Ямар ч хуримтлал үүсгэх боломж байдаггүй. Яагаад гэвэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэний шимтгэлээр тэтгэвэр олгодог. Өөрөөр хэлбэл өнөөдөр шимтгэл төлж иргэдийн шимтгэлээр тэтгэвэр тавьж байна. Нөгөө нэг хэсэг нь төсвөөс шууд тэтгэврийг нь хариуцдаг юм. Мөнгөн дүнгээр бол сардаа 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож байна. Жилээр нь авч үзвэл 1,4-1,6 их наяд төгрөгийн тэтгэвэр олгодог. Ийм байхад тус санг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд 1,4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 1,6 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Үүний зөрүүг төсвөөс олгож байгаа юм. Гэтэл иргэд тэтгэврийн даатгалын сан асар их мөнгө хуримтлагдаад, тэр нь арилжааны банкинд хадгалагдаж байдаг юм шиг ойлгоод байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудалд болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Тухайлбал, машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.