Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сансарт ниссэнээс хойш 35 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн үйл явдлын 35 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь эрдэм шинжилгээний хурал юм.

МУИС-ийн Газарзүйн тэнхим, ШУА-Одон орон, геофизикийн хүрээлэн болон ШУА-Газарзүй, Геоэкологийн хүрээлэн хамтарч судлаач, шинжээч, их, дээд сургуулийн багш, оюутнуудын дунд аман болон ханын илтгэл гэсэн хоёр хэлбэрээр эрдэм шинжилгээний хурлыг зохион явуулахаар төлөвлөсөн байна. Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал нь маргааш буюу 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт МУИС-ийн Эрдмийн өргөө дугуй танхимд эхлэх юм байна. Зохион байгуулагчид зайнаас тандан судлал, геомэдээлэлзүйн судалгааны шинэ арга зүй, шинэлэг үр дүнг хэлэлцэх, эрдэмтэн судлаачид харилцан санаа бодлоо солилцох, залуу оюутан судлаачид судалгааны арга барилд суралцах, судалгааны ажлын ач холбогдол, шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулахыг зорьж буй гэж тайлбарлав.

Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг оролцож, шилдэг илтгэлд ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны дээд шагнал “Ю.А.Гагарин” медалийг гардуулна.