Х.МОНГОЛХАТАН

Дөрөвдүгээр сарын 2. Аутизмыг таниулахдэлхийн өдөр. “Аутизм Монгол-АНД” Төрийнбус байгууллагын тэргүүн Л.Нямгэрэлтэй ярилцлаа.

-Аутизм гэж юу вэ. Ямар шинж тэмдэг илэрдэггэдгээс ярилцлагаа эхлэе?

-1943 онд анх аутизмын хүрээний эмгэг гэсэн нэршил бий болж, оюуны бэрхшээлээс салгасан юм. Тэр болтол шизофрены нэг хэлбэр гэж үзэж байжээ. Аутизмын эмгэгийн дагнасан шинжилгээ судалгаа хийгдсээр байгаа ч юунаас болж үүсдгийг тогтоогоогүй байна. Мөн ямар нэг эм, эмчилгээ хийж шинж тэмдгийг нь багасгасан тохиолдол ч батлагдаагүй байна.

Аутизм нь харилцааны асуудал, нийгэмшихүйн эмгэг юм. Энэ нь хүүхдийн зан, үйлээр илэрнэ. 2.5 наснаас нь эцсийн байдлаар оношилдог. Бага насны хүүхдийн чадвар харилцан адилгүй байдаг учраас хэт багад нь оношлоход хүндрэлтэй гэж үздэг ч хөгжилтэй орнуудад 6-9 сартайд нь эрт оношлогоо хийж байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ маш сайн анзаарах хэрэгтэй. Мөлхөж байхдаа толгойгоо өргөхгүй, өмнөх замаа харахгүй, саадыг тойрохгүй, шулганах цагтаа шулганахгүй, нүдээрээ харьцаа тогтоохгүй, сэтгэлийн хөдлөл байхгүй бол, хурц гэрэл, их чимээ шуугианд мэдрэг, хэлд орохгүй, гутал хувцас, тоглоомоо өрж тавиад байвал, сонсголтой хэр нь нэрээр нь дуудахад харахгүй бол аутизмын шинж байдаг. Мөн тоглоомыг зүй тогтлоор нь тоглохгүй, зөвхөн нэг хэсгийг нь анхаарч тоглох, нэг төрлийн хоол идэх, цадахаа мэдэхгүй байх, үнэрт мэдрэг байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ энэ бүх шинж тэмдэг нийлж байж аутизмтай байх магадлалтай болно.

-Аутизмыг таниулах дэлхийн өдөр дөрөвдүгээр сарын 2-нд болох гэж байна. Бусад тэмдэглэлт өдрөөстаниулах гэдгээрээ онцлог юм байна?

-2008 онд НҮБ-ын ерөнхий асамблейгээс тогтоол гарч, жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон зарласан. Аутизмыг таниулах, олон нийтэд хүргэх, бодит мэдээллээр хангаснаар эмгэгийг эрт илрүүлж, оношлох боломж бүрдэнэ.

Хөгжилтэй орнуудад аутизмын эмгэгийн талаар судалгаа шинжилгээ хийгддэг, эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр бий болсон, ийм хүүхдүүд энгийн сургуульд сурах нөхцөл бүрдсэн байна.

Гэтэл манайд анхан шатны мэдээлэл хүртэл хомс байна. Гурван жилийн өмнө Аутизмыг таниулах дэлхийн өдрийг Монголд зарлаж ХБНГУ-ын Аутизмын холбооноос мэргэжилтэн урьж анх удаа эцэг эхчүүд, сонирхсон хүмүүст хоёр өдрийн семинар сургалт зохион байгуулж, хүүхдүүдийг үзлэгт хамруулж, оношилж өгч байсан. Түүнээс хойш хүмүүс өөрсдийнхөө хүрээнд энэ эмгэгийн талаарх мэдээлэлтэй болжээ.

-Монголд аутизмын эмгэгийг илрүүлж, оношлох эмнэлэг, мэргэшсэн эмч байхгүй, төр засгаас гаргасанбодлого шийдвэр байдаггүй гэж байсан. Энэ тал дээр өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Хүү маань аутизмын эмгэгтэй гэдгийг нь анх гадаадад оношлуулж ирснээс жилийн дараа буюу 2012 онд төрийн бус байгууллагаа байгуулсан. Учир нь би хүүгээ ямар эмчид үзүүлэх вэ, ямар багшаар хичээл заалгах вэ, ямар байгуулагад хандах вэ гэж хайхад Монголд аутизмын эмгэгээр ажилладаг нэг ч газар байгаагүй. Интернэтээр аутизм гээд хайхад монгол хэлээр бичсэн нэг ч мэдээлэл гарч ирээгүй. Тэр үетэй харьцуулахад одоо мэдээллийн хайлтаар аутизм гээд бичихэд шинж тэмдгээс нь эхлээд эцэг, эхчүүдэд хэрэгтэй олон мэдээлэл гарч ирнэ.

Мөн тохиолдол олон болохын хэрээр сэтгэцийн эмч нар ч туршлагажиж, шинж тэмдгээр нь эхний ээлжинд аутизмын эмгэгтэй байж болзошгүй гэж оношилдог болчихоод байна. Тусгай цэцэрлэг, сургуулийн багш нар ч аутизмын талаар ойлголттой болчихлоо. Аутизмын эмгэгийн чиглэлээр ажилладаг хоёр төрийн бус байгууллага байна, сайн дурын үндсэн дээр ээж нар бие биедээ мэдээлэл өгдөг, туршлагаа хуваалцдаг фэйсбүүк групп байна. Тэгэхээр хүүхэд нь аутизмын эмгэгтэй гэж оношлогдсон эцэг, эхчүүд хандах газартай, уулзах хүнтэй, ярих боломжтой болжээ. Энэ бол гурван жилийн хугацааны том ололт юм.

-Төр засгийн бодлого гаргаж, салбар яамнаас хийж буй ажил байна уу?

-Аутизмын эмгэгтэй хүүхдэд тухайлсан бодлогын түвшинд шийдсэн ямар нэг үйл ажиллагаа хийгдэхгүй байна. Эрүүл мэнд, боловс­рол, нийгмийн хамгааллын салбар анхааралдаа авч, тодорхой бодлого шийдвэр гаргаж явах ёстой.

Оношлогдлоо гэхэд ямар хэлбэрийнх гэдгийг гаргах үнэлгээг Монголд хийж чадахгүй байна. Гадаад улс орнуудад үнэлгээ хийлгэнэ гэдэг санхүүгийн хүндрэлтэй. Үнэлгээ хийлгэлээ гэхэд заслыг нь хийх мэргэшсэн байгууллага битгий хэл мэргэшсэн багш, сэтгэлзүйч, засалч алга.

Тодорхой оношлогоо хийж үнэлэх, цаашид хүүхэдтэй ажиллаж сургалт засал хийх мэргэжлийн багш сэтгэлзүйчид бэлтгэх ажил 1-2-хон төрийн бус байгууллагын хийх ажил биш. Энэ бол боловсролын яамны зайлшгүй яаралтай шийдэх асуудал, үүрэг юм.

Төрийн бодлого, дэмжлэггүйгээр удаан явахгүй. Учир нь бидний чадавх хязгаартай. Эмгэгтэй хүүхэд бүрийг төрийн бус байгууллагынхаа дэргэдэх цэцэрлэгт авч, багш нар маань хүрэлцэж ажиллаж чадахгүй байна. Тиймээс олон эмгэгтэй хүүхдүүдийн хувь заяаны асуудал яригдах учир төр засаг зайлшгүй оролцох, шийдэх хэрэгтэй байна.

-Бусад улс оронд аутизмын эмгэгтэй хүүхдүүддээ хэрхэн анхаарч, төрийн ямар бодлогоор дэмждэг юмбол?

-Миний явж үзсэн улс орнуудад аутизмын эмгэгтэй хүүхэд энгийн сургууль юм уу, тусгай сургуулийн аль нэгийг сонгож сурах боломжтой. Тусгай гэдэг нь зөвхөн аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль юм. Зөвхөн тэнд дутагдаж буй чадварт нь хэрэгтэй, хөгжүүлэх засал сургалт явуулдаг.

Аутизмын эмгэгтэй хүүхдүүд цэцэрлэг, сур­гууль­даа явахын зэрэгцээ төвүүдэд очиж засал сургалтдаа хамрагддаг. Энэ сургалтын төлбөрийг даатгалын мөнгөнөөс нь гаргадаг юм билээ.

-Засал сургалтад хамрагдсанаар хүүхэд хэр хөгжиж чаддаг вэ. Бүрэн эдгэнэ гэж байхгүй юу?

-Тодорхой оношилж, хөнгөн, дунд, хүнд хэлбэр дотроо бас ямар чадвар дутуугаас шалтгаална. Онцлогт нь тохирсон засал сургалтыг насан туршид нь хийх ёстой. Тухайлбал, аутизмтай хүүхэд ярьж чаддаггүй, цөөхөн үг хэлдэг байвал түүнийг нь сайжруулах хэл заслын хичээл хийнэ. Маш удаан хугацаанд засал хийж байж ярьж сурна. Гэвч аутизмын эмгэгийн нэг шинж чанар нь хүүхэд үг хэлээд, яриад, бүр уншаад байх мөртлөө тэр нь харилцааны хэрэглэгдэхүүн биш байдаг. Ярьж, хэлж байгаа үгнийхээ утга учир, хүнтэй харилцаж байгаагаа ойлгодоггүй.

Ахуй засал гэж сургалт бий. Аутизмтай хүүхдүүд хувцсаа тайлж, өмсч, гутлаа үдэж, хоолоо идэж чаддаггүй. Ахуй заслын сургалтын үр дүнд энэ чадварыг нь дээшлүүлж, суулгах юм. Мөн тоглоомоор дамжуулж хүүхдийн чадвар дээшлүүлэх зэрэг маш олон засал сургалт бий. Хүүхэд удаан хугацаанд засал сургалт хийгээд байвал хөгждөг гэдгийг эцэг эхчүүд, багш, эмч нар мэдэх хэрэгтэй. Хэдийгээр эрүүл хүн шиг байж чадахгүй ч нийгэмд биеэ авч явах чадвартай болдог.

-Танай байгууллага гаднаас мэргэжилтэн багш нар урьдаг, цэцэрлэгийнхээ багш нарыг гадаададмэргэшүүлдэг гэж байсан. Одоо аутизмын чиглэлээр мэргэшсэн хэдэн багштай болсон бэ?

-Монголд аутизмын чиг­­лэлээр сурсан мэргэш­сэн нэг ч сэтгэлзүйч байдаггүй.

Байгууллагынхаа до­тоод нөөц бололцоогоор урт, богино хугацаагаар гаднаас багш нар урьж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгч, хүүхдүүдтэй ажиллаж, багш нарыг дагалдуулаад сургаж байна. Дор хаяж 2-2.5 жил сурах боловсролыг бид богино хугацаанд багш нартаа олгож, чадваржуулах гэж оролдож байна. Үр дүнд нь манай сэтгэлзүйчид, багш нар өөрсдийн хэм­жээнд чадваржиж, хүүхдүү­дээ ойлгодог, онцлогийг нь мэддэг, харьцаж чаддаг болсон. Ийм хүүхдүүдтэй ажиллах чин хүсэл, сайхан сэтгэлтэй багш нартаа баярладаг. Энд нэг зүйлийг чухалчлан хэлэхэд монголчуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ханддаг уламжлалт хандлага өөрчлөгдөх цаг болсон. Ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэнэг мангар гэж бодох эсвэл өрөвдөхөөс цаашгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ хүмүүс бусдын адил нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох эрхтэй хүн. Үүнийг өөрчлөхийн тулд нийтээрээ анхаарлаа хандуулах ёстой. Өнгөрсөн хоёрдугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль” батлагдсан. Энэ хууль эдгээр хүмүүст боломж олгох ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дундаас оюуны бэрхшээлтэй хүмүүсийн эрх хамгийн их зөрчигддөг. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө эрхийн төлөө үгээ хэлж, нөхцөл байдлаа бодитой үнэлж чадахгүй учраас эцэг эх, асран хамгаалагчид дуугарах ёстой юм. Олон нийт ч энэ асуудалд зөв зүйтэйгээр хандах хэрэгтэй.

-Аутизмтай хүний амьдралаар хийсэн кино олон байдаг. Монголд орчуулагдан гарсан нь хэд байдаг вэ?

-Бид NTV телевизтэй хамтран кино төсөл хийж байсан. Дөрөвдүгээр сарын 2-нд “Морьтой жаал” киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр гаргана. Цаашид ч цувралаар Америкийн Колумбын их сургуулийн профессор аутизмтай эмэгтэйн амьдралаар хийсэн уран сайхны кино, Солонгосын “Марафон”, Хятадын нэрт жүжигчин Жэт Лигийн тоглосон “Далайн диваажин”, Энэт­хэгийн “Намайг Хан гэдэг” кинонуудыг гаргахаар бэлдэж байна.