Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 25-ны 19.00 цагт "UB палас"-ын их танхимд болно.

Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон гэнэ. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.

Харин эмчилгээнд шаардлагатай үлдэгдэл 19 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд О.Сувд охины гэр бүлийнхэн "Латиф" сантай хамтран хандивын тоглолтыг зохион байгуулах гэж буй нь энэ. О.Сувд охин 2014 оны аравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд Монголын эрүүл мэндийн байгууллагууд түүнийг тархины саажилттай хэмээн оношилжээ. Гэхдээ тархины саажилт нь эхийнхээ хэвлийд тээгдэх явцад эсвэл төрөх болон төрсний дараах үеийн алинд нь хүрсэн нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс оношилгоог зөв тогтоолгохын тулд Герман улсыг зорих шаардлагатай болжээ. Хэрвээ оношилгоог зөв тогтоолгож, тохирсон эмчилгээг хийлгэвэл охин эдгэрэх боломжтой юм байна.

 

 

Ийм төрлийн өвчтэй хүүхдийг бага насанд нь буюу хоёр нас хүрэхээс нь өмнө эмчлүүлбэл бүрэн эдгэрэхгүй ч биеэ даах чадвартай болдог байна. Тиймээс зуны гурван сарыг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа О.Сувд охинд туслаж, "Зүрхийн бяцхан Сувд" тоглолтыг үзэхийг урьж байна.

Тус тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина, МУСТА Э.Бумхүү, Дуучин Б.Тунгалаг, Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, Гурван бүдүүн хамтлаг, Sync хамтлаг, СУИС-ийн мэндчилгээ, Латиф сангийн уран бүтээлчид, Циркийн хөтөлбөр, Бүжгийн хамтлаг уран бүтээлээ дээжлэн үзэгчид түмэндээ хүргэнэ.

Сайхан сэтгэлд та бүхэн тоглолтыг үзэж амжихгүй нь хандивын дансанд сэтгэлийн өглөгөө харамгүй хайрлах боломжтой.

Хандивын данс:

ХХ банк: 404195958

ХААН банк: 5021494986

Голомт банк: 1605113120

Төрийн банк: 106100031241

Хас банк: 5001051360

Дансны хүлээн авагчийн нэр: Монголын Наранмандах /О.Сувд охины ээж/