Эдийн засгийн чуулга уулзалтын хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд зочид, төлөөлөгчдөд хандан хаалтын үг хэлсэн билээ. Харин түүнийг үг хэлж байхад Эдийн засагч Л.Наранбаатар гэх залуу түүн рүү эсэргүүцэл илэрхийлж, оймсоо шидэж байгаад Төрийн ордны хамгаалагч нарын хараанд өртсөн.

Тэрбээр З.Энхболд даргад хандан “Эдийн засгийн та нар сөхрүүлсэн. Та нар шиг юмнууд энэ эндэр дээрээс үг хэлэх эрхгүй” зэрэг үг хэлж хашгирч байгаад хамгаалагч нарт тэврүүлэн гарч, танхимаас хөөгдсөн билээ. Харин түүнийг З.Энхболд “Сэтгэл мэдрэлийн өвчтэй. Ийм хүн бас энд орж ирдэг юм. Манайд сэтгэцийн өвчтэй хүн олон ш дээ” гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Тэгвэл Л.Наранбаатарыг тухайн өдрийн 22:00 цаг хүртэл байцаасан бөгөөд маргааш өглөө нь мөн 09:00 цагаас байцаалт авсан байна. Уг үйл явдал Төрийн ордонд өрнөсөн болохоор Төрийн ордны хуулийн дагуу түүнийг 20 мянган төгрөгөөр торгожээ. Харин тэрбээр торгуулиа төлчихөөд, оймсоо аваад явсан байна. Яагаад гутлаа шидээгүй юм гэсэн сэтгүүлчийн асуултад тэлбээр “Энэ гутлыг миний эхнэр цэргийн баяраар надад бэлэглэсэн. Тийм үнэтэй бэлгийг би хүн рүү шидэхгүй” гэсэн байна.

Н.Ганаа